ЗАХИДАЛ: Би майга хөлтэй, харааны шилтэй, намхан...


ССҮТөв | YOLO.MN
2017-04-27

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ээж миний хүсэл мөрөөдлийг мэдэхгүй хэрнээ итгэлийг минь мөхөөдөг

Би энэ айлын охин биш юм байдаг. Найзууд маань хүртэл гадуурхдаг. Майга хөлтэй, нүдний шилтэй сохор, намхан гээд л. Намайг ойлгох ганц хүн байдаггүй.

Надад маш хэцүү байна л даа. Аав минь маш ууртай. Өмнө ээж бид гурвыг зоддог байсан. Одоо ч хааяа тэгдэг. Гэтэл надад маш дургүй. Ганц хүрэх л юм бол зодох гээд юм хум авч шиднэ. Хүүхэд л болсон хойно чихрэнд дуртай байлгүй л яах вэ. Гэтэл дүүд өгөхгүй гээд уурлана. Ээж хүртэл миний хүсэл мөрөөдлийг мэдэхгүй байж мөрөөдлийг минь уландаа гишгэн итгэлийг минь мөхөөдөг. Би энэ айлын охин биш юм байдаг. Найзууд маань хүртэл гадуурхдаг. Майга хөлтэй, нүдний шилтэй сохор, намхан гээд л. Намайг ойлгох ганц ч хүн байдаггүй. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Чи бусдаас илүү давуу тал, сайн сайхан зан чанаруудтай гэдэгтээ итгээрэй

Чиний хүсэл мөрөөдлийг ээж тань ойлгохгүй дэмжихгүй байгаа талаар, мөрөөдөл зорилго чинь чамд ямар чухал үнэ цэнэтэй гэх мэтээр нээлттэй хэлж ярилцах хэрэгтэй.

Сайн уу чамд энэ өдрийн мэндийг хүргэе, биднээс илүү оновчтой зөвлөгөө авахын тулд насаа бичиж байгаарай. Ихэнх хүмүүс гаднах дүр төрхдөө тодорхой хэмжээнд сэтгэл ханамжгүй байдаг, энэ бол хэвийн зүйл. Үүнээс илүүтэй дотоод мөн чанартаа чи үнэхээр үзэсгэлэнтэй гэдэгтээ итгээрэй. Ээжтэйгээ хамгийн тухтай үедээ, зөвхөн хоёулаа байхдаа зориудаар ярилцах цаг гаргаарай. Бид заримдаа бусдад өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, ойлгуулж чадаагүйгээс болоод харилцааны зөрчил үүсдэг.

Ярилцах орчноо бүрдүүлснийхээ дараа намуухан дуугаар яриагаа эхлэх хэрэгтэй. Чиний хүсэл мөрөөдлийг ээж тань ойлгохгүй дэмжихгүй байгаа талаар, мөрөөдөл зорилго чинь чамд ямар чухал үнэ цэнэтэй гэх мэтээр нээлттэй хэлж ярилцах хэрэгтэй. Дараагаар нь ээжийнхээ санаа бодол, зөвлөгөөг хүлээцтэй тайван сонсоорой. Өөртөө итгэлтэй байдал гэдэг бусдаас бус зөвхөн чамаас хамаарах чиний үнэ цэнэ юм. Чамд ямар илүү давуу тал, сайн сайхан зан чанарууд байдаг вэ? Энэ талаараа нухацтай нэг бодоод үзээрэй. Тусч, бусдыг сайн сонсдог, эелдэг, хөдөлмөрч гээд чамд ямар нэгэн сайхан зан чанар, бусдаас илүү хийж чаддаг зүйлс байгаа. Тэрийгээ олж мэдэн илүү их өнгөлөн тордож гялалзуулах хэрэгтэй.

Мөн чамайг зоддог талаар хэн нэг хүнд хэлж тусламж хүсэж байсан уу? Бидэнд бусдын биед гар хүрэх эрх огт байхгүй, бусад хүн ч бидэнд гар хүрэх эрхгүй. Үүнийг сайн ойлгоорой. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилж магадгүй дордох юм бол хэнээс тусламж хүсэх вэ? Хүүхэд хамгааллын 108 утас руу залгаж болно, эсвэл мэргэжлийн сэтгэл судлаачтай уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Үүнийг дотроо хадгалан эсвэл байх л ёстой зүйл мэт хүлээн авч болохгүй шүү. Мөн энэ байдал удаан үргэлжлэхгүй, мөдхөн чи насанд хүрч биеэ даан амьдрах болно. Тиймээс одоо болж буй таагүй зүйлсэд төвлөрөхөөсөө илүүтэй ирээдүйгээ ямар байгаасай гэж хүсэж байна түүндээ анхаарлаа төвлөрүүлж хичээл зүтгэл гаргаарай.

ССҮТ-ийн туслах сэтгэл судлаач
Т.Цэцэгбаяр


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

#Problem #Асуудал #Parents #Teenagers