Өмнөх нийтлэлээр бид та бүхэн анхаарлаа төвлөрүүлэхэд юу саад болдгийг мэддэг болсон.Мөн удахгүй улсын шалгалт болон ЭЕШ эхлэх гэж байна. Тиймээс энэ удаагийн нийтлэл анхаарал сарнилт юунаас үүддэг, анхаарлаа төвлөрүүлэхэд юу тус болдгийг мэдэж, өөрсдийн зорилгодоо хүрэхэд бага ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.
СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДАЛ
Хичээл хийхэд оюун санаа сарниулах сэтгэл зүйн хоёр байдал байдаг гэж хэлж болно.
- Мөрөөдөх
- Сэтгэл түгших
Мөрөөдөх нь хичээлээ хийж эхэлсэн сурагчид саад болох хамгийн түгээмэл үзэгдэл юм.“Бүгд л надаас илүү их хичээл хийж байгаа даа”, “Давтах их сэдэв байна, маш бага хугацаа үлдлээ. Баларсан, өнгөрсөн...” Иймэрхүү бодол байнга толгойд орж ирэн анхаарал сарниулдаг. Тэгвэл өөрөөсөө дараах зүйлсийг асуу.
- “Ингэж бодох миний хийж буй хичээлд хувь нэмэр болж байна гэж үү?”
- “Энэ бодлууд миний зорилгод нийцэж байна уу?”
- “Энэ бодол надад туслах уу?”
Хариулт нь яав ч “ҮГҮЙ” байна. Тийм болохоор энэ бодолтой зууралдах нь илүү ухаалаг уу, эсвэл хичээлээ тайван хийх нь зөв үү гэдгийг сайтар тунгаагаарай. Чи амжилтын замд шат дараалалтай бөгөөд хичээнгүй зүтгэвэл амжилт нэг л өдөр ирэх болно.
ХИЧЭЭЛ ХИЙХ ОРЧНОО БҮРДҮҮЛЭХ
Чи хэрвээ хичээл хийхээр ширээнийхээ ард суусан үед анхаарал сарних нь гадны нөлөө болон өөрийн ой санамжаас хамаардаг. Ийм учраас хичээл хийх тав тухтай орчинг тодорхой нөхцөлд бүрдүүлсэн байж сурах үйл явцыг хялбарчилна.
Хүн бүрд тохиромжтой хичээл хийх орчин гаргах боломжгүй байх нь элбэг. Гэхдээ үүнийг шийдвэрлэх хамгийн энгийн бөгөөд хялбар алхам бол өөрт таалагдсан, тухтай чимээгүй орчинг бүрдүүлэх явдал юм. Тиймээс дараах зүйлсийг сайтар анхаарч хичээлээ хийгээрэй.
1. Хичээл хийх өрөө болон ширээ
- Боломжтой бол чиний хичээлээ хийх өрөө нь тусгайлан бэлтгэсэн байна. Хичээлийн ширээ чинь цонхны хажууд байж хэрхэвч болохгүй. Яагаад гэвэл, гадаад орчны дуу чимээ, гадаад дулаан, хүйтэн байдал нөлөөлж анхаарал чинь сарнина.
- Нарны гэрэл ба орчны гэрэлтүүлэг өөдөөс тусч эсвэл хичээл сууж байгаа хүний сүүдэр ширээн дээр чинь тусахгүй байвал маш сайн.
- Өөрийнхөө хичээллэж буй орчиндоо тогтмол агаар оруулж өөрийгөө амраах хэрэгтэй.
- Хичээл хийхээсээ өмнө ширээгээ арчихаа мартав аа.
2. Тухтай сандал
- Зарим хүүхэд хичээл хийхдээ ашигладаг тусгай, тохилог эд тавилгатай байдаг. Гэхдээ сандал эсвэл түшлэгтэй буйдан нь хэтэрхий тав тухтай байх нь буруу юм. Хичээлээ хийж байхдаа түр амсхийж унтчих магадлалтай шүү дээ.
- Гэхдээ сандал тань хичээл хийхэд саад болохоор тухгүй байж бас болохгүй. Өөрт эвтэйхэн, хэт хатуу биш, зөөлөвчтэй байвал сайн.
3. Чимээгүй орчин
- Чи хичээлээ хийхдээ чихэвчээрээ дуу сонсдог уу? Энэ талаар “БИ ХӨГЖИМ СОНСОХООРОО ИЛҮҮ ИХ ХИЧЭЭЛ ХИЙДЭГ ЮМ” гэж бодож байж болно. Харин энэ тухай хийсэн судалгаа байдаг. Үүнд, хүний тархи нэгэн зэрэг нэгээс илүү дохиоллыг хүлээж авдаг ч анхаарал нь зөвхөн нэг цэгт төвлөрдөг гэж гарчээ. Хичээлээ биш дуугаа ойлгоод байв аа
- Чи өрөөндөө зураг, плакат, зурагт сурталчилгаа наасан байдаг уу? Тийм бол анхаарал сарниулдаг учраас хичээл хийх үр ашгийг тодорхой хэмжээгээр бууруулдаг.
4. Хичээл хийх булан
Хичээл хийх булан чинь хамгийн наад зах нь дэвтрээ дэлгээд тохойгоо бүтэн тавиад бичиж болох ширээ, бас хажууд нь хичээлээ хийхдээ ашиглах зөөврийн компьютер, ном, дэвтэр, үзэг, бал, харандаа гэх мэтийг тавих нэмэлт орон зайнаас бүрдэх ёстой. Түүнээс гадна гэрэлтүүлэг маш чухал байдаг.
5. Хичээл хийх ширээ
Хичээл хийх үйлдэл, ширээ хоёр нь хоорондоо уялдаа холбоотой байвал илүү сайн. Чи хичээл хийдэг ширээгээ хичээлээс гадуур ашиглавал \хоол идэх, унтах, компьютер тоглох, утсаа оролдох г.м\ тодорхой хугацааны дараа ширээндээ суухад тэр бүхнээ хиймээр санагддаг болно. Тэгэхээр ширээгээ зөвхөн хичээл хийхэд ашиглаж, харах бүрдээ хичээл хийхийг сануулах сануулга болгох хэрэгтэй шүү!
6. Утас, сошиал орчин, компьютер
- Хичээл давтахаа тасалдуулахыг хүсэхгүй байгаа бол эхлээд утас, компьютероо оролд!!!
- Энэ бүгдийгээ хэрэглэх талаар өөртөө маш ХАТУУ дүрэм тавь. Түүнийгээ ил харагдахаар байрлуул. Тодорхой цагуудад найз нөхөд, “crush”-тайгаа чатлахгүй, ярихгүй бай. Тэднийг гомдоно гэж БҮҮ бод, өдөр хоног өнгөрөх тусам найз нөхөд, сайн хүн чинь энэ байдалд дасаж хичээл хийдэг цагаар чам руу чат бичиж, ярихаа болино.
7. Хэвтэж хичээлээ хийх нь буруу
- Сурагчид ихэнхдээ юм бичих, бодлого бодох хичээлээ ширээнд сууж хийгээд бусдыг нь орон дээрээ хэвтэж хийдэг. Гэвч ингэж хичээл хийсний эцэст ганцхан төгсгөл байдаг, тэр нь “УНТАХ”.
- Хэвтэж хичээлээ хийхэд учрах хамгийн том саад бол уншиж эхэлмэгц нойрмоглон эвшээж бие махбодыг өөр зүйлд албаддаг.
ХҮНИЙ БИЕИЙН ХЭРЭГЦЭЭ
Хүний биеийн хэрэгцээ нь хүний хамгийн үндсэн хэрэгцээ байдаг. Хүний бие амьдралдаа үргэлжлүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Хичээл хийхийн тулд эрүүл байх хэрэгтэй, эрүүл байхын тулд эрүүл байх хэрэгтэй, эрүүл байхын тулд хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Жишээлбэл: Чиний гэдэс өлсөж байхад хичээлээ хийх гэж битгий суу. Яагаад гэвэл ухаан санаа чинь тэр чигээрээ нөгөө л хоолоо бодож зөвхөн бие чинь л ширээнийхээ ард суух болно. Үүний оронд өөрөө хоолоо идээд, ухаан санаа чинь хичээлдээ хандвал илүү сайн.
Мөн нойр чинь маш их хүрсэн үед хичээл хийвэл толгойгоо дохилзуулж, нүдээ нухалсаар хичээлээ ойлгохгүй. Харин үүний оронд нойроо сайн авч сэргэснийхээ дараа хичээлээ хийгээрэй.
Энэ мэт аргуудыг өөртөө хэрэгжүүлэхийг хичээж чадвал чи анхаарлаа төвлөрүүлж чадаж, хичээлээ сайн хийж амжилтад хүрэх маш том боломж чиний боломж байна. Маргаашаас гэж хойшлуулах бус ӨНӨӨДРӨӨС л, яг одооноос эхлэх нь чухал. Чамд АМЖИЛТ ХҮСЬЕ!
Өмнөх нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх