Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын долоо дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-нд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж улсын аваргуудаа тодруулжээ.
Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулсан энэ тэмцээний урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд олон улсын их мастер 5, их мастер 1, олон улсын мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо. Хоёр өдөр үргэлжилсан тэмцээний төгсгөлд бага насны ангилалд 3969 оноогоор Б.Хангал, дунд насны ангилалд 7453 оноогоор ОУ-ын мастер Э.Лхагвадулам, насанд хүрэгчдийн ангилалд 7390 оноогоор ОУ-ын их мастер Н.Мөнхшүр нар тэргүүлж цомын эзэн болжээ.
Тэмцээнд оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж Монгол болон Азийн чансаанд 1 дүгээрт, дэлхийн чансаанд 5 дугаарт бичигдсэн байна. Ихэр тамирчид болох ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо), ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (7045 оноо) нар хоёр, гуравдугаар байрт орж 750 мянга, 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртэв.
Энэ тэмцээний үеэр бүх насны ангилалд олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилт тогтоолоо.
“Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Хөвсгөл аймгаас тамирчид оролцож медаль хүртэн улсын болон дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь ой тогтоолтын спорт орон нутагт маш хөгжиж байгааг харууллаа. Тэмцээн тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах зорилготой” хэмээн Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар дүгнэжээ.
Тус академи өнөөг хүртэл дотооддоо оюуны спортын 68 тэмцээн зохион байгуулж, 4700 гаруй тамирчдыг хамруулсан ба Америк, Англи, Хятад, Энэтхэг, Филиппин, Швед зэрэг олон улсын чанартай 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 612 медаль хүртэн эх орноо олон улсад сурталчилсаар байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх