Интерьер дизайн, график дизайн, хими технологи, компьютер програмчлал, хувцас загвар гэсэн таван чиглэлээр төрөлжсөн сургалттай Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийнхан 2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаа 11 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа.
500 гаруй сурагчийн 1000 гаруй бүтээл дэлгэгдсэн үзэсгэлэн нь тус сургуулийн багш сурагчдын бүтэн жилийн нөр их хөдөлмөр, авьяас билэг, оюун ухаанаараа бүтээсэн бүтээлээ эцэг эхчүүд, найз нөхдийнхөө өмнө тайлагнадаг баярынх өдөр юм.
ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ХИЧЭЭЛҮҮДЭЭС ИЛҮҮ ЦАГААР ХИЧЭЭЛЛЭЖ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Бүтээл бүрийн ард байгаа техник, технологийн тэнхимийн багш нарын хамт олон нь 2016 оны Сүхбаатар дүүргийн технологийн олимпиадын аварга, 2016 оны Нийслэлийн технологийн олимпиадын аварга хамт олон бөгөөд мөн Сүхбаатаар дүүргийн олимпиадын 3 жил дарааллан аваргалж буй чадварлаг буй хамт олон юм.
Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 11а ангийн сурагч М.Мишээл
Өнөөдөр бол жилийн эцсийн тайлан. Тухайн хүүхэд энэ жил юу хийж сурсан, юу хийж бүтээсэн гэдгээ яг бодитоор өөрөө өөртөө үнэлүүлэх, эцэг эхдээ болон бусдад үнэлүүлэх боломжтой их чухал өдөр болж байна. Би бол график дизайны мэргэжлээр суралцдаг. Уран зураг талдаа илүү сонирхолтой. Миний ихэнх зургууд хийсвэр сэтгэлгээ орсон бүтээлүүд багтаж байна.
Энэ зургийн утга агуулга нь гэвэл энэ гурвыг нэг зүйл нэгтэж байна. Хүн өөрөө хүсвэл бурханыг ч дотроосоо гаргаж болно, чөтгөрийг ч дотроосоо гаргаж болно. Бид нар бурхан, чөтгөр гэж тус тусд нь авч үздэг ч гэлээ эцэг, аав гэж нэг л хүнийг хэлдэг шиг бурхан чөтгөр гэдэг нь нэг хүн тэр дундаа өөрөө ч байж болно гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон. Манай сургууль бол зөвхөн ерөнхий эрдмийн хичээлээс гадна мэргэжлийн хичээл үздэг. Бид нар ерөнхий эрдэм үзээд л байдаг яг өөрийгөө олж чаддаггүй, ирээдүйд яг юу хийх хэрэгтэйгээ ойлгож чаддаггүй харин манай сургууль өөрийгөө олоход тусалдаг.
М.Мишээлийн уран бүтээлүүдээс:
Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 11а ангийн сурагч Т.Төгөлдөр
Би тайлан үзэсгэлэнд усан загвар, сийлбэрийн төрлөөр оролцож байна. Энэ төрлүүдээр өөрийнхөө чөлөөт цагийн хоббигоор хийдэг, өөрийгөөө хөгжүүлдэг, мөн уралдаан тэмцээнд орж өөрийгөө сорьдог.
Өнөөдрийн үйл ажиллагааг маш удаан хүлээсэн. Олон хүүхдүүд бүгд бүтээлүүдээ гаргаж, нэгэн зэрэг тайлагнадаг болохоор маш гоё байдаг. Манай сургууль нь өөрсдийнхөө мэргэжлийн чиг баримжааг олж авахад тусалдаг. Багаасаа гарын дүйтэй болно мөн сууж сурна гээд олон давуу талтай байгаа. Ерөнхий эрдмийн хичээлүүдээс илүү цагаар хичээллэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг нь их гоё байдаг.
Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 11е ангийн сурагч Ё.Ахмарал
Би өөрөө Казах үндэстэн. Энэ жил Казах үндэстнийхээ хувцасыг хүмүүст хүргэхийг зорьж байна. Намраас эхэлж хувцсаа хийсэн. Гэхдээ би өчигдөр л дууссан болохоор ангийнхаа багш, ээжийнхээ туслалцааг бага зэрэг авсан. Цоолбор хийж, шигтгээ наадаг болохоор нэг хувцсан дээр маш их цаг зарцуулдаг учир заримыг нь сар гаруй хугацаанд хийлээ.
График дизайны мэргэжлийн багш Ч.Одпүрэвээс цөөн асуултад хариулт авлаа.
YOLO: Өнөөдрийн үйл ажиллагааны онцлогийн талаар дурдвал?
Өсвөрийн зохион бүтээгч сургууль ажлын үр дүнгээ бусдад харуулдаг, шалгуулдаг нэгдсэн тайлан болж байна. Маш их баяртай байна. Олон хүүхдүүд идэвхтэй оролцож байна. Удирдсан багш нарын нөр их хөдөлмөр, сургуулийн дэмжлэг, боловсролын яам болон маш олон байгууллагад талархаж явдгаа хэлье.
YOLO: Урьд урьдын жилийн тайлан үзэсгэлэнгээс энэ жилийнх юугаараа онцлогтой болж байна вэ?
Өмнөх тайлан үзэсгэлэнгүүдээс онцлох юм бол арай өөр шинэлэг арга хэлбэрээр зохиогдсноос гадна гүйцэтгэлийн хувьд маш сайжирсан. Эцэг эхчүүд, гадны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн маш их талархалтай хүлээж авч байна. Жишээлбэл, манай робот электроник ангийн хүүхдүүдийн өөрийн гараар хийсэн бүтээлүүдийг хүүхэд унаж үзэж байна, график дизайны хүүхдүүдийн ажлууд жилээс жилд чамбайрч байна. Эрдэнэцог багш нэг удаа хэлж байсан “Монголын дүрслэх урлаг бол бөөрнөөсөө ягаарч байгаа алим” гэдэгтэй адил, манай сургуулийн техник технологийн багш нарын, сургуулийн сурагчдын хамтын тайлан үзэсгэлэн жилээс жилд улаараад улам "амттай" болж байна.
YOLO: Өнөөдрийн үзэсгэлэнд хэдэн сурагчийн бүтээлийг удирдаж дэлгээд байна вэ?
Нийт график дизайны төрөл дээр 65 сурагч суралцдаг. Өнөөдрийн үзэсгэлэнд ихэнхи нь буюу 95% нь идэвхтэй оролцсон. 11д ангийн сурагч Амирлангийн бүтээл гэхэд зураасийн аргаар, цагаан дэвсгэр дээр хар өнгөөр, хар дэвсгэрт дээр цагаан өнгөөр зураасийн төрлийг холбож арван хоёр ордыг графикалж болдог юм байна. Энэ бас геометр, орон зайн бодлоготой холбогдоно. Энэ бүгд маш удаан хугацаанд бодож байсан ажил юм.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зарим зочдын сэтгэгдэл:
Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 11а ангийн сурагч Т.Төгөлдөрийн эмээ Эрдэнэцэг
Энэ сургуульд манай ач сурдаг. Манай ач усан загварын бүтээлээрээ оролцож бaйна. Дүүрэгт 1-р байранд ороод, саяхан нийслэлд ороод 10-р байранд орсон. Энэ өсвөрийн зохион бүтээгчдийн лабортари ахлах сургууль бол хүүхдүүдийг төлөвшүүлж өгдөг, хүүхдийн авьяасыг нээдэг. Биеэ даасан байдалтай болохоос гадна төрөл бүрийн чиглэлээр хөгжүүлж өгдөг энэ нь хүүхэд өөрөө ажил мэргэжлээ олж авдгаараа их онцлогтой. Өнөөдөр ачийнхаа бүтээлийг хараад маш сайхан сэтгэгдэл төрж, бахархаж байна. Бусад хүүхдийн бүтээл ч маш сайн байна, монголын ирээдүй болсон хүүхдүүдийг багш нар ийм сайхан хөгжүүлж байгаад их баяртай байна.
Монгол-Коосенг технологийн коллежийн 2-р түвшний оюутан Б.Жаргалмаа
Өнөөдөр найзуудынхаа бүтээлийг үзэх гэж ирсэн. Хоёр жилийн өмнө ирж үзэж байсныг бодвол хүүхдүүд маш бүтээлчээр юм хийж, сэтгэлээсээ ханддаг болсон байна. Ер нь бол их бүтээл гардаг болжээ. Өмнө жилийнхийг бодвол гэрэл зургууд их нэмэгджээ. Манай Энхмарал найзын маань дарсан гэрэл зургууд их онцолмоор байлаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх