АМЖИЛТАНД хүрэх зам нь АМАР байгаагүй ОДОД


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-04-07

Дэлхийд нэртэй уран бүтээлчид, бизнесменүүдийн ихэнх нь бүх зүйлийг тэгээс нь эхэлсэн байдаг. Бид алдартнуудыг хараад тэдний амжилт, уран бүтээлийн тухай л сонирхдог. Харин тэдний юу даван туулж, ямар бэрхшээлтэй тулгарсныг тийм ч их анзаардаггүй билээ. Тиймээс бид та бүхэнд алдартай одууд амжилтанд хүрэхийн тулд ямар замыг даван туулсан тухай хүргэе.

1. JUSTIN BIEBER  

Канадын алдарт дуучин Жастин Бибер хүнд бэрх амьдрал, эдийн засгийн хувьд хэцүүхэн нөхцөлд өсч торнисон байна. Ээж нь Жастиныг 18 настайдаа төрүүлсэн бөгөөд аав нь гэр бүлтэй хоёр хүүхэдтэй нэгэн байв. Ээж нь өдөр бүр амсхийлгүй ажиллаж, “боломжоороо” түүнийг хооллож, хувцаслаж өсгөсөн байна. Хэдийгээр хархтай, хүйтэн, чийг үнэртсэн нөхцөлд хүүгээ өсгөсөн ч ээж нь түүний урлагийн авъяасыг үргэлж дэмждэг байлаа. Жастин 2007 онд Стратфордод зохиогдсон урлагийн наадамд оролцож хоёрдугаар байранд шалгарсан нь түүний амжилтанд хүрэх эхлэл байсан гэдэг.

Харин өнөөдөр, Жастин Бибер өсвөр үеийнхний дунд хамгийн алдартай од бөгөөд хөгжмийн шагнал гардуулах ёслолуудын 406 төрөлд нэр дэвшиж, 213-т нь ялалт байгуулсан гайхалтай уран бүтээлч юм. Мөн дэлхий даяар нийтдээ 100 сая гаруй цомог борлуулжээ.

2. G-DRAGON

Өдгөө дэлхийд данстай Кпоп оддын нэг Жидрагон ч бас амжилтанд хүрэхийн тулд асар их зүйлийг туулжээ. Bigbang хамтлагаар урлагийн карьераа эхлүүлсэн түүний хувьд 2011 онд нэгэн аймшигт хэрэгт холбогдсоноор хамтлагийн төдийгүй, түүний карьер төгсгөл болох шахсан юм. Тэрээр тухайн онд фэнийхээ өгсөн тамхийг татсанаар мансууруулах бодисын хэрэгт холбогдох эхлэл нь болсон аж. Жидиг шүүхээс яллах шийдвэр гарсан боловч яллагдаагүй бөгөөд хожим тэрээр марихуан гэж мэдээгүй хэрэглэсэн болох нь тогтоогдсон юм. Хэдийгээр хэрэг нааштай шийдэгдсэн ч Жиди болон Bigbang-ийн гишүүдийг олон нийт тийм ч таатай хүлээн аваагүй аж. Энэ явдлын дараа Жидитэй гэрээ хийсэн байгууллагууд гэрээгээ цуцлах хүсэлт гаргаж, телевизүүд Жиди болон Бигбэн хамтлагийн тоглосон зар сурталчилгааг гаргахаас татгалзаж эхэлсэн байна. Яг энэ мөчид Кпопд томоохон тэсрэлт хийгээд байсан “BIGBANG хамтлагийн төгсгөл ирлээ” хэмээн олон нийт шуугиж байсан ч тэд өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Жиди нь Forbes Asia-гаас нэрлэсэн “Дорнын нөлөө бүхий 30 хүн”-ий жагсаалтад багтаж байсан, урлагийн наадмуудын 33 цомтой өсөж яваа уран бүтээлч юм.

3. CELINE DION

“Титаник” киноны дууг дуулж дэлхий нийтийг байлдан дагуулж байсан нэр дуучин Селин Дион Канадын Квебек мужид 14 хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлжээ. Хоногийн хоолоо арайхийн залгуулдаг байсан тэдний гэр бүл эцгийнхээ цалингаар өдрөө аргалдаг байсан боловч, Дионы гэр бүлийнхэн бүгдээрээ урлагийн авъяастай хүмүүс байжээ.

Селин Дион: “Би ахынхаа хуриман дээр хоёр дуу дуулж байсан. Үзэгчид намайг сайхнаар угтан авч, тэднээс хайр мэдрэгдэж байсан учраас “энэ бол миний хийхийг хүссэн зүйл мөн байна” гэж өөртөө хэлж байсан хэмээжээ. Ийнхүү түүний дэлхийн шилдэг дуучдын нэг болох карьер эхэлсэн байдаг.

Өдгөө тэрээр дэлхий даяар 200 сая гаруй цомог борлуулсан бөгөөд Канадын түүхэн дэх хамгийн шилдэг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг гайхалтай дуучин юм. 

4. 50 CENT 

Кертис Жеймс Жексоныг ээж нь 15 настайдаа төрүүлсэн байна. Төрүүлсэн эх нь хар тамхины наймаачин байсан тул багаасаа л мансууруулах бодистой орооцолдож, гэмт хэрэг, хүчирхийлэл дунд өөрийн хүүхэд насыг өнгөрүүлсэн байна. Харамсалтай нь түүнийг найман настай байхад ээж нь буудуулж нас барсан бөгөөд 12 настайдаа хар тамхи худалдаалдаг нэгэн болжээ.

Тэрээр хожим ‘New York Times’ сонинд өөрийнх амьдралын хамгийн хүнд үе бол ээжийгээ алдсан тэр үе хэмээн дурсаж байжээ. 

2000-аад оны 100 шилдэг дууны жагсаалтад түүний “In da club” дуу 13 дугаар байранд жагсдаг бөгөөд тэрээр ‘Billboard Music Awards’-ийн гурав, ‘World Music Awards’-ийн зургаан удаагийн шагналт рэппэр юм.

5. JENNIFER LOPEZ 

Нэрт дуучин Женнифер Лопес “W” сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлага өгжээ. Тэрээр 18 настайдаа бүжигчин болохыг хүссэн ч ээж нь түүнийг коллежид сурахыг ятгасан байна. Гэвч тэр сурахыг хүсээгүй тул гэрээсээ нүүж өөрийн бүжгийн студидээ хонодог болжээ. Төд удалгүй Европ руу тоглолтоор явж, эргэж ирээд “In living color’ теле шоунд оролцох болсон нь түүний амжилтанд хүрэх эхлэл болсон аж. Өнөөдөр түүний хөрөнгө 300 сая гаруй доллар хэмээн тоологддог. 

6. STEVE JOBS 

Энэ дэлхийг өөрчилсөн гурван алим бий гэж хүмүүс ярьдаг. Нэг нь дэлхийн хамгийн анхны эмэгтэй Евагийн хазсан алим, нөгөөх нь Исак Ньютоны толгой дээр унасан алим, харин гурав дахь нь алдарт Стив Жобсын хазсан алим юм. Хэдийгээр наргиа боловч “Apple” корпораци нь хүн төрөлхтний амьдралын хэв маягт асар их нөлөө үзүүлсэн юм. Үүнийг үндэслэгчдийн нэг Стив Жобс 2005 онд Станфордын их сургууль дээр тавьсан илтгэлдээ:

"Бүх зүйл сэтгэл хөдлөлөөр байгаагүй ээ. Надад дотуур байранд амьдрах боломж байгаагүй тул би найзынхаа өрөөний шалан дээр унтаж, хэмнэсэн 5 центээрээ шил кола авч уугаад хонох үе олон тохиолдож байсан. Мөн Ням гараг болгон хотын төвөөр 7 миль газар алхан "Hare Krishna" сүмд очиж сайн хооллож авдаг байсан" хэмээжээ. 

Түүний төрсөн эцэг эх нь бага байхад нь түүнийг дундаж орлоготой Клара, Жобс нарт үрчлүүлсэн аж.

7. LEONARDO DI CAPRIO 

Жүжигчин Леонардо ДиКаприо Лос Анжелесийн ядуусын дүүрэгт өсч торнисон аж. Түүний ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд маш олон ажил зэрэг хийдэг байжээ. Хожим Дикаприо ‘BAFTA’-аас шилдэг жүжигчиний шагнал авахдаа: 

"Би нэгэн хүнд талархал илэрхийлмээр байна. Хэрэв тэр хүн байгаагүй бол би энд зогсохгүй байх байлаа. Би гайхалтай амьдрал дунд өсөөгүй. Харин Лос Анжелосын ширүүн нөхцөлд хүн болсон. Гэхдээ энэ эмэгтэй намайг өөр ертөнцийн, өөр хүн болгож өсгөхийн тулд гурван цаг явж очдог нэгэн сургуульд сургаж өгсөн. Ээжээ би тандаа маш их хайртай шүү" хэмээжээ. 

 

Өдгөө тэрээр кино урлагийн наадмуудаас 163 төрөлд нэр дэвшиж 50-д нь ялалт байгуулсан бөгөөд 2016 оны Оскарын “Шилдэг жүжигчин” төрөлд ялалт байгуулсан шилдэг од юм.

8. RONALDO 

Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд ах эгчтэйгээ нэг өрөөнд амьдардаг байсан гэнэ. Тэрээр:

“Хэдий жижигхэн өрөө ч гэсэн надад тэгж санагддаггүй байсан. Бид хамт байх дуртай. Тэгээд ч энэ бол бидний хувьд хэвийн зүйл, эргэн тойронд маань яг адилхан амьдралтай хүмүүс амьдардаг байсан учраас бид аз жаргалтай байдаг байсан” хэмээжээ.

Харин түүний аав нь архичин байсан бөгөөд түүнийг огт дэмждэггүй, амжилтыг нь хуваалцдаггүй нэгэн байжээ. Мөн Роналду өөрийн ах эгчдээ тансаг зэрэглэлийн байшин худалдаж авч өгсөн бөгөөд "Би мөнгөн дээр сууж байдаг. Долоо хоногийн дотор асар их хэмжээний мөнгө олдог. Гэвч мөнгө намайг өөрчлөөгүй, би урьд нь хэн байсан тэр хэвээрээ л байгаа" гэжээ. 

Өдгөө Роналду бол “Алтан бөмбөг” шагналыг дөрвөн удаа хүртсэн, 802 тоглолтонд оролцож 568 гоол оруулж, 215 гоолын дамжуулалт өгсөн алдарт хөлбөмбөгчин юм.

9. EMINEM 

Дэлхийн шилдэг рэппэр Эминем мөн л хэцүү бэрх амьдрал дундаас өөрийн авъяас хүч хөдөлмөрөөрөө төрөн гарсан уран бүтээлч юм. Түүнийг ээжийнх нь хамтаар, эцэг нь хаясан ба үргэлж ийш тийш нүүж амьдардаг байжээ. Ачааны машинд хүртэл амьдарч байсан түүний амьдралаар сэдэвлэсэн “8mile” хэмээх кино хүртэл хийгдсэн байдаг.

Хэдий тийм боловч, өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг рэппэрийн тоонд Эминем зүй ёсоор орно. Учир нь түүний тоглосон “8 миль” киноны дуу болох “Lose yourself” Оскараас шилдэг киноны дуу шагналыг хүртсэн бөгөөд Эминем бол 13 удаагийн “Grammy awards”-ын шагналт уран бүтээлч юм.

10. RAIN 

Дуучин , жүжигчин Рейн бол Өмнөд Солонгос төдийгүй дэлхий нийтэд танигдсан БНСУ-ын цөөхөн оддын нэг юм.

Түүнийг бага байхад гэр бүл нь түрээсийн мөнгөө өгч чадаагүйгээс болоод байрнаасаа хөөгдөж, хамаатан садныхаараа хонодог байв. Ээжийгээ хүндээр өвдөх үед эмнэлэгийн төлбөрийг нь олохын тулд Рейн “алдартай” болохыг хүсч эхэлсэн байна. Хэдийгээр бүжигчин, дуучин болохын тулд маш олон энтэртайментын шалгаруулалтанд орсон ч түүнд “чамд авъяас байна, гэхдээ урлагийн хүний төрх алга” хэмээх нэг л хариултыг өгдөг байв. Түүнд ихэнх нь нүдэндээ мэс засал хийлгэх санал тавьдаг байсан хэмээн хожим дурсжээ. Нэгэн өдөр JYP-д орж, ээжийнхээ мэс заслын төлбөрийг төлсөн ч ээж нь хагалгааг даалгүй нас баржээ. Энэ явдлын дараа тэрээр Азийн шилдэг од болохын төлөө хичээнгүйлэн зүтгэж Hollywood-ын кинонд ч тоглоод амжсан юм.

Тэрээр MTV-ээс шагнал хүртсэн анхны Солонгос хүн бөгөөд Урлагийн наадмуудаас нийтдээ 117 шагнал авч байжээ.

#Амжилт #Одод #Success