“Эд хөрөнгө, мөнгөнд бус номд шуналтаарай!”


М.Батчимэг | YOLO.MN
2017-04-03

-“Номоо солилцъё” өдөрлөг дөрөв дэх удаагаа боллоо-

Нийслэлийн соёл урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв  номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт тогтмол зохион байгуулж байна.










Өнгөрсөн Бямба гарагт буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр “Номоо солилцъё” өдөрлөг дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Энд өөрийн уншиж дууссан номоо сугавчлаад ирсэн, уншихыг хүсэж буй номоо бусдаас хайх хүүхэд залуусыг харахад номд дуртай хүмүүс олширч буйг илтгэнэ.

Өдөрлөгийн үеэр флаш моб бүжгээр нийгэмд уриалга гарган үзүүлсэн нь энэ удаагийн өдөрлөгийн онцлог байв. Төрийн бус байгууллагын залуучууд номоо солилцох өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, номоо солилцохоос гадна  флаш моб бүжиглэж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан номын хандивын аян өрнүүллээ.

Цагийн хязгааргүй цахим номын сан
Өдөрлөгийн үеэр танилцуулагдаж байсан нэгэн сонирхолтой, бүтээлч үйл ажиллагаа бол  Номын хүрээ аппликайшн байлаа. Жилд 30.000 төгрөг төлөөд хязгааргүй ном унших боломжтой энэхүү аппликэйшн  одоогийн байдлаар 1295 номтой бөгөөд эдгээр номууд нь англи, франц, орос гэх мэтчилэн олон хэл дээр байгаагаараа хэл сурж байгаа хүүхэд залууст маань чухал ач холбогдолтой юм. Энэхүү цахим номын санд өдөр бүр 1-2 шинэ ном нэмэгддэг бөгөөд жилийн 365 хоног, 24 цагийн турш нээлттэй ажилладгаараа бусад номын сангаас давуу талтай. Цахим номуудыг кирилл бичгийн зөв бичих дүрмийн алдаа шалгах “Болор дуран” програмаар шалгаж, маргаантай үгсийг монгол хэлний хэл зүйн толь бичигтэй тулгажээ.
 
“Номоо солилцъё” өдөрлөгт оролцогчдын сэтгэгдлээс...

 

105-р сургуулийн сурагч С.Оргилмаа

Энэ өдөрлөгт дөрөвдэх удаагаа оролцож байгаа би роман тууж гээд 20 аад номтой ирсэн. Хоёр, гурван номыг нэгээр гэх жишээний солилцсоор маш их шинэ номтой боллоо. Хамгийн гоё нь өдөрлөгт ирээд өөрийнхөө авахыг хүсэж байсан түүхэн номныхоо 1,2,3-р ботийг авсан, мөн  уншихыг хүссэн ч авч чадахгүй байсан номоо ч авч чадсан шүү. Тиймдээ ч өдөрлөгт ирсэндээ сэтгэл хангалуун байлаа. 


55-р сургууль сурагч А.Алдар-Эрдэнэ
Би энэхүү өдөрлөгт хоёр дахь  удаагаа оролцож байна, би ном уншиж эхэлснээсээ хойш их юмыг сурсан. Ном уншихаар өргөн их мэдлэгтэй болдог болохоор би унших дуртай байдаг. Энэ өдөрлөгт ирээд өөрийнхөө авахыг хүссэн үлгэрийн номнуудаа авч чадсан. Би шилмэл 100 зохиолуудыг унших үнэхээр дуртай. Тэдгээр зохиолуудаасаа ч бас авч чадлаа. Бусад найзуудыгаа дараагийн өдөрлөг дээр ирэхийг уриалж байна.


48-р сургуулийн сурагч Б.Амартүвшин

Би өнөөдөр арваад номтой ирсэн. Энэ өдөрлөгт ирээд хүссэн номнуудаа солилцож чадсан. Ном бол ертөнцийг харах толь тиймдээ ч олон ном уншихаар их  мэдлэгтэй болдог. Би 10 настай ном уншаад 5 жил болж байна.

 


 

5-р сургуулийн сурагч Х.Эгшиглэн
 Би хоёр дахь удаагаа оролцож байна. Том болоод мөрөөдөлдөө хүрэхэд тус болдог учраас би ном унших дуртай. Одоо би 5-р ангид суралцдаг.

Анх 1-р ангид ороод уншиж сурсан цагаасаа л эхлээд ном уншисан. Би комик ном унших их дуртай. Бас ээжийнхээ авч өгсөн номнуудыг унших дуртай.  

 


Д.Нацагдоржийн нэрэмжит Төв номын сангийн ном бүрдүүлэх тусгай үйлчилгээний тасгийн эрхлэгч н.Төгсжаргал
YOLO: Энэхүү номын өдөрлөгийн гол зорилго, давуу тал юу вэ?
Энэ өдөрлөг маань дөрөв дэх удаагаа болж байна. Бид өмнө нь нэг байгууллага бусад байгууллагатайгаа ном солилцдог байсан бол уг өдөрлөг маань хувь хүн, иргэд байгууллагатай ном солилцох боломжтой болж байгаа нь онцлог болов уу.

YOLO: Уг арга хэмжээнд хэдээс хэдэн насны, хэр их хэмжээний хүн хамрагдах боломжтой вэ?
Ном уншихад насны хязгааргүй .Тийм ч учраас бүх насныханд нээлттэй.

YOLO: “Техник технологи хөгжихийн хэрээр ном унших нь хомс болжээ" хэмээн хүмүүс их ярих болсон. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Хэдийгээр техник технологи хөгжиж буй ч хүмүүс маань ном уншсаар л байна .Бид хараагүй хүмүүст зориулсан ном, аудио ном гэх мэт олон ном хийдэг. Номыг хаанаас ч унших боломжтой.

YOLO: Хүрэлцэн ирж амжаагүй уншигчдад хандан хэлэх үг?
Ном гэдэг бол хязгааргүй оюуны уурхай. Хүн өөрөө л хүсвэл ном хүнийг голохгүй шүү дээ. Тиймээс ном сайн уншиж, энэ мэт номын сайхан өдөрлөгт хамрагдаж сонирхол нэгт хүмүүстэйгээ уулзаж  байгаарай.


“Бадмаараг” ахлах сургуулийн 12а ангийн сурагч н.Мэнджаргал
YOLO: Ном уншихын хувьд өөрийгөө бусдаас ямар талаараа давуу гэж боддог вэ?
Би олон төрлийн ном уншдаг. Ер нь номын өдөрлөг номтой холбоотой бүхий л арга хэмжээнд оролцдог. Хүмүүс намайг номын хорхойтон гэж хэлдэг. Гэхдээ би өөрийнхөө хувьд номын дэлгүүрийн нэг тавиур дахь номыг л уншсан гэж боддог.

YOLO: Чиний уншсан номнуудаас хамгийн их сэтгэлд хоногшин үлдсэн ямар ном байна вэ?
Миний сэтгэлд хоногшин үлдэж, уйлуулж, баярлуулж байсан ном бол Донровын Намдаг гуайн "Түүвэр өгүүллэгүүд " мөн Сэнгийн Эрдэнэ зохиолчийн зохиолууд сэтгэлд хоногшин үлджээ. Миний хамгийн дуртай зохиол бол "Хойт насандаа учирна" хэмээх зохиол.

YOLO: Ном уншихын юу нь сайхан бэ?
Би ном уншдаг хүмүүсийг хамгийн шуналтай хүмүүс гэж боддог. Учир нь зөв юманд шуналтдаг. Бусад хүмүүс шиг эд хөрөнгө, мөнгөнд шуналтдаггүй. Хүн нэг л удаа амьдрах учраас ном зохиолд дурлан олон хүний дүрээр амьдарч түүнээсээ ухаарал баяр баяслыг мэдэрч чаддаг учраас хамгийн шуналтай, мөн ийм ч учраас ном уншина гэдэг гайхалтай.

YOLO: Өөрийн үе тэнгийхэндээ болон бусад хүмүүст уриалан юу гэж хэлэх вэ?
Ном унших хэрэгтэй. Ном уншиж өөрийн оюун ухаан дотор дотоод хүнээ туурвиж, бүтээгээсэй гэж хүсэж байна. Оюун ухаанаа тэлж ирээдүйгээ бүтээцгээе.

Сонирхуулахад, дараагийн ном солилцох өдөрлөг ирэх тавдугаар сарын 6-ны Бямба гарагт 12:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.
 







 

Мэдээллийг бэлтгэсэн: Өсвөрийн сэтгүүлч М.Батчимэг, О.Оюун-Эрдэнэ, Э.Жавзмаа

#Ном #Book #Hobby #Freetime #Comic #Nogun