ТЭТГЭЛГИЙН болон ажлын ЯРИЛЦЛАГЫГ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ давах вэ?


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-03-30

Д.Түшигт-Эрдэнийн зөвлөгөөг хүргэж байна. Түүний ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.

Сайн тэтгэлэгт авах эсвэл сайн ажилд ороход чиний гаргаж байсан амжилтууд, өөрийгөө магтсан цаасан дээрх хэдэн өгүүлбэрээс илүүтэйгээр амьд харилцаа буюу “ярилцлага” нь хамгийн чухалд тооцогддог даваа юм.

Ярилцлагын хамгийн гол зорилго нь тухайн хүний өөртөө итгэлтэй байдлыг шалгах гэж хэлэхэд болно. Хэдий сайн CV-тэй байгаад өөрийн бодож санаж байгаагаа гаргаж чадахгүй, хүний нүд рүү хараад ярьж чадахгүй бол маш муу хэрэг юм. Мөн эсэргээрээ тааруухан CV-гээ сайн ярилцлагаар ч өргөөд гарах боломжтой.  Өөрийнхөө туршлага дээр тулгуурлаад дараах бяцхан зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэж байна. smiley

Бэлтгэл хамгийн чухал. Бэлтгэл сайн хийснээр хэд хэдэн давуу талтай. Мэдээж чи өөрийн хүссэн үр дүнгээ авна. Бас нэгэн дурдахгүй өнгөрч болохгүй үр дүн нь “сандралыг давах” юм. Хүн өөртөө чухал ач холбогдолтой ямар ч зүйлд их бага хэмжээгээр сандрах нь тодорхой. 100 хувь бэлдсэн шалгалтдаа сандрахгүй өгч чаддаг шиг сайн бэлдсэн ярилцлагаа ямар ч торох зүйлгүйгээр даваад л гарна.  Иймд бэлтгэлээ хэрхэн хангах талаар дараах хоёр зөвлөмжийг өгье.

1. Тухайн тэтгэлэг, хөтөлбөр эсвэл ажлынхаа талаар судалгаа хийх хэрэгтэй. Энэ тэтгэлэг, ажилд яг ямар ур чадвартай хүн хэрэгтэй байгаа вэ? Үүнд нь би өөрийгөө хэрхэн дүйцэх хүн гэдгээ батлах гэх зэргээр бэлдээрэй. Ирж болох асуултууд, ярилцлага авж байгаа хүмүүсийн сонирхох магадлалтай сэдвүүдээ бүгдийг нь урьдчилж тооцоол. Харин дараа нь өөрийн гаргасан боломжит асуулт бүрт хариулт бэлдсэнээр чамд маш том тус болох болно. Хэрвээ хангалттай цаг байхгүй бол чиний хүсэл сонирхлыг бүрэн дүүрэн илтгэж чадах 2-3 “час хийсэн” хариулт бэлдэж болох юм. Ингээд ярилцлагын өдөр ирсэн ямар ч асуултыг эдгээр өгүүлбэртэйгээ холбоод хариулчих боломж бас байдаг юм шүү. yes

2. Мөн анх өгч байсан анкетаа эргүүлээд нэг унших хэрэгтэй. Ярилцлага авж байгаа хүмүүс чиний талаар анкетан дээр чинь бичсэнээс өөрөөр юуг ч мэдэхгүй. Тийм ч учраас асуух асуултууд нь чиний өгсөн анкет мөн цаанаас тавигдаж байгаа шаардлагын хүрээнд л байдаг гэдгийг анхаараарай. Жишээлбэл чи анкетан дээрээ “дуулах дуртай” гэж бичсэн бол Дуугаараа ямар амжилт гаргаж байсан бэ? Яагаад дуулах дуртай вэ гэх зэрэг асуулт ирж болох юм. Мөн өмнөх жилийн энэ ярилцлаганд орж байсан найз нөхдөөсөө асууж ч болно.

Өөрийнхөөрөө бас өөртөө итгэлтэй бай. Бусдад таалагдахын тулд өөр хэн нэгэн болж жүжиглэх хэрэггүй. Хэт мундаг болох гэж харагдсанаас эсвэл зарим нэг зүйлийг зохиож ярьснаас өөрөө өөрийгөө “булшлах” магадлалтай. Сул талаа нуух гэж оролдоод хэрэггүй. Гэхдээ харуулаад ч хэрэггүй. Өмнө нь дурдаж байсанчлан чиний CV хангалттай сайн биш ч гэсэн боломж байсаар л байдаг юм шүү. Өөртөө итгэлтэй байдал нь сайн CV-ээс хэд дахин илүү гэдгийг ойлгоорой. Тийм учраас “би чадна, болгоно” гээд л орох хэрэгтэй.  

Биеэ авч явах соёл. Ярилцлага авах өрөөнд орж ирэхээсээ эхлээд л чи биеэ маш зөв авч явах хэрэгтэй. Ядаж л хаалгаар орж ирэхдээ инээмсэглэ. Учир нь эдгээр хүмүүс чамайг анх удаа харж байгаа шүү дээ. Анхны сэтгэгдэл гэдэг ямар чухлыг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Мөн энэ хэсэгт хувцаслалтын талаар ярихгүй өнгөрч болохгүй. Өөртөө чөлөөтэй гээд хэт сул хувцас өмсөх хэрэггүй, бас хэт албаны байгаад ч хэрэггүй, яг алтан дунджаа баримтлах хэрэгтэй. Зарим хүмүүс хэт гангалаад очдог. cheeky Гэтэл бусад ярилцлагынхаа ээлжийг хүлээж байгаа хүмүүс тийм ч сүртэй хувцаслаагүй энгийн байхыг хараад биеэ барих, эвгүй байдалд орох тохиолдол ч байна. Иймд хувцаслалтан дээрээ анхаарахын хажуугаар ярилцлага авж байгаа хүмүүст өөрийхөө эелдэг, даруухан гэх сайн зан чанаруудыг харуулахыг хичээгээрэй. wink
 
Эцэст нь зөвлөхөд ярилцлага гэдэг сүртэй нэртэй болохоос биш тийм ч хүн аймаар, хэцүү зүйл биш юм шүү. Хамгийн гол нь тайван, өөрөөрөө байж өөрийн дотор байгаа ихийг хийж бүтээж чадах тэр хүнээ харуулаарай! Чамд амжилт хүсье.

#Interview #Teenagers #Scholarship