Б.Номин-Эрдэнэ: Ганц удаагийн хэнэггүй алхам насан туршийн харамслыг үлдээж болно


Сондор | YOLO.MN
2017-03-29

-Өсвөр үеийн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт-

Монгол Улсын хүн амын 15 хувь буюу 470 мянга гаруй нь өсвөр насныхан байдаг. (Үндэсний статистикийн хороо, 2015)

Ихэнх өсвөр настнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй, тулгарч болох асуудлыг хэрхэн шийдэх, хэнд хандах талаар мэдээлэл дутмаг байгаа нь тэднийг эрсдэлд орох, улмаар бие махбодь, сэтгэлзүйн хувьд ихээхэн хохирол амсахад хүргэж байгаа юм.

Тиймээс тэдэнд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл олгоход чиглэсэн ажлуудыг НҮБ-ын Хүн амын сан, НЭМҮТ болон Өсвөр үеийн эрүүл мэндийн төв хамтран хийсээр иржээ. Тэдгээр үйл ажиллагаануудын нэг болох, Чингэлтэй дүүргийн Өсвөр үеийн эрүүл мэндийн үе тэнгийн сургагчдыг бэлтгэх сургалтад зочилсон юм.

"Эмч бүлгэм"-ийн гишүүн сурагчид

Үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт, 2015 он

Ерөнхий боловсолын сургууль бүр дээр “Эмч бүлгэм” хэмээх үе тэнгийн сургагчдыг томилохыг эрмэлздэг гэж тус төвийн зөвлөгч, сэтгэлзүйч Ө.Ариунаа хэлж байлаа. Сургалтаар бэлтгэгдсэн хүүхдүүд өөрийн сургуулийн сурагчдыг хамруулж сурч, мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцдаг гэнэ. Нэг ёсондоо тэд бусдыг сургах, тэдэнд мэдээлэл өгөх даалгавар аваад явдаг гэсэн үг. Чингэлтэй дүүргийн Өсвөрийн эрүүл мэндийн төв эмч, зөвлөгч гээд хоёр хүн байдаг. Гэвч тэд дүүргийн сургууль бүр дээр очиж нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт өгөх нь цаг хугацаа болон хүрэх орон зайн хувьд хомс учир хүүхэд хүүхдэдээ заах энэхүү аргыг хэрэглээд арав гаруй жил болжээ.  

Энэ хугацаанд нийт 600 гаруй хүүхэд үе тэнгийн сургагч болж бэлтгэгджээ. Эхэндээ төгсөх ангийн сурагчдыг сонгодог байсан ч удалгүй төгсөөд явчихдаг дутагдалтай тул гол төлөв 7,8-р ангийн сурагчдыг хамруулдаг гэнэ.

Сайн дураараа үе тэнгийн сургагч болох хүүхдүүд байхаас гадна сургуулийн эмчийн зөвлөсөн нийгмийн идэвхтэй, ирээдүйд эмч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд хамрагдах нь их аж.

Энэ удаагийн сургалтаар үе тэнгийн сургагч хүүхдүүдэд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх сургалтыг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа заалаа. Сургалтын сэдэв зөвхөн эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүй, бэлгийн боловсролын тухай бус гэр бүл төлөвлөлт, хорт зуршилд уруу татагдахаас зайлсхийх, дасгал хөдөлгөөний ач тус, зөв хооллолт гэх мэт сургалтуудыг хийдэг аж.

"Миний танил охин гурван 7 хоногтой жирэмсэн байхдаа үр хөндүүлж байсан"

Чингэлтэй дүүргийн Өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Эмч бүлгэм”-ийн тэргүүнээр гурав дахь жилдээ ажиллаж байгаа, 11-р ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ:
-Би Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын нийт 12 сургуулийн “Эмч бүлгэм”-ийн ахлагч нартай уулзаж шинэ мэдээ мэдээллээ бусаддаа хэрхэн хүргэх талаар тогтмол ярилцдаг. Бид эндээ шинэ сургалт заалгуулаад, түүнийгээ бусдадаа хүргэхээс гадна хүүхдүүдээ хэрхэн идэвхтэй хамрагдуулах вэ, бусдыгаа хэрхэн зөв замд нь оруулах гэхчлэнгээр асуудалд ханддаг. Миний ажиглаж байгаагаар өсвөр наснынхны асуудал дунд бэлгийн харьцаанд эрт орох, хүсээгүй жирэмслэлт гэх мэт сэдвүүд багагүй хувь эзэлдэг.

Надад тохиолдсон нэг ойрын жишээг дурдахад миний танил, дунд сургуулийн охин найз хөвгүүнийхээ сайн найзтай дотно харилцаанд ороод хүсээгүй жирэмслэлттэй тулгарсан. Тэр энэ талаараа найз хөвгүүндээ ч хэлээгүй. Эцэг эх нь салчихсан, тусдаа байдаг учир аавдаа “ээжийндээ хонолоо” гэж, харин ээждээ “аавындаа хонолоо” гэж хэлээд тухайн хөвгүүнтэй нэг л удаа бэлгийн хавьталд орсон байсан. Тэгээд гурван долоо хоногтой жирэмсэн байхдаа үр хөндүүлэх болоход нь энэ талаар ээждээ заавал хэлэх ёстой гэж би зөвлөсөн, тэр ээждээ ч хэлсэн. Энэ бүхний дараа тэр өнөөх хөвгүүнээс болон найз хөвгүүнээсээ ч харилцаагаа тасалсан, үр хөндүүлсэндээ ч маш их харуусалтай хоцорсон юм. Үүнээс харахад "ганцхан удаа юм чинь" эсвэл “за гайгүй байлгүй дээ” гэсэн нэг удаагийн хэнэггүй бодол болон алхам насан туршийн харамслыг хүнд өгч болно гэдгийг үе тэнгийнхэн маань анхаараасай гэж хүсэх байна.

“Сургалтын үеэр зарим нь ичиж улайна, нүүрээ дарна гээд инээдтэй зүйлс хааяа болно оо” cheeky

Чингэлтэй дүүргийн Өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Эмч бүлгэм”-ийн нарийн бичиг 11-р ангийн сурагч н.Соёлмаа:
-Би долдугаар ангиасаа хойш энэхүү сургалтад тогтмол хамрагдаж, түүнийгээ улам бататгаж үе тэнгийнхэндээ зааж зөвлөдөг. Бусдад заахын тулд сэдвийнхээ талаар улам их судалж, мэдээллээ өргөжүүлдэг. Тиймээс нөгөө талаар энэ нь надад маш том боломжийг өгч байгаа юм. Өсвөр насныхан бие биедээ нөлөөлөх нь их байдаг, тиймдээ ч бусдадаа зөв мэдээлэл, мэдлэг болох зүйлсийг ч хэлж ярьж байх нь зөв юм. Би сургуулийнхаа сурагчийн зөвлөлийн даргаар ажилладаг.

Анх долдугаар ангидаа энд сурсан зүйлээ сургуулийнхаа ах эгч нарт зааж байлаа. Эмэгтэй сурагчид ч хүлээж авах нь гайгүй байдаг ч хөвгүүд тэр дундаа дээд ангийн ах нар “Ийм жаахан хүүхэд бидэнд заах уу, заалаа юу” гэх мэт сөрөг хандлага байсан ч өөрсдөд нь үнэхээр хэрэгтэй зүйл яриад, зөвлөөд эхлэхээр арай өөрөөр ханддаг.

Нөгөө талаар тэдэнд зааж сургах захирангуй үүрэгтэйгээр биш, дугуй ширээний ард тойрч суугаад “ийм ийм асуудалд ингэж хандах юм байна лээ шүү” гэхчлэнгээр зөвлөгөө өгч байгаа юм шиг ойлголт өгөхийг хичээдэг дээ.

Монголчуудын хуучинсаг үзэл одоо хүртэл байдаг юм шиг санагддаг. Хүүхдээ өөрөөс нь “Том хүний зүйл асуулаа” гэж зэмлэх эцэг эх цөөнгүй байдаг. Харин ч асуусанд нь баярлаж тэдэнд үнэн бодит, хэрэгтэй зөвлөгөөг өгөх хэрэгтэй. Энэ талаар ярилцаж үзээгүй хүүхдүүд сургалтын үеэр ичиж улайна, нүүрээ дарна, оролцохгүй гэж зугтаана гээд инээдтэй зүйлс хааяа болно оо. (инээв) Гэхдээ “Энэ хүүхдийн мэдээд байгаа би ч бас мэдмээр байна”, “Би илүү ихийг ч мэдмээр байна” гэсэн эерэг хандлагатай ч хүүхдүүд байдаг нь сайшаалтай.

"Би гурван ч найзаа тамхинаас гаргасан"

“Эмч бүлгэм”-ийн үе тэнгийн сургагч, 10-р ангийн сурагч З.Отгон-Очир:
Хүүхдийн эрүүл мэндийн талаарх ямар ч ойлголтгүй байхдаа буюу гурван жилийн өмнө анхныхаа сургалтад сууж байсан. Тэр үеэс хойш өөрөө ч мэдлэг мэдээлэл авахын хэрээр сургуулийн хүүхдүүдээ ч энэ талаар зааж, зөвлөж явдаг. Мөн би тамхи татдаг байсан, хор нөлөөг нь мэдсэн даруйдаа тамхинаас гарсан.  Мөн тамхи татдаг найз нөхдөө ч гарахыг зөвлөсөн. Миний зөвлөгөөг аваад тамхинаас гарсан гурван ч хүү бий.

Өсвөр үеийн эрүүл мэндийн төв нь анх "Өсвөр үе-Ирээдүйн босго төв" нэртэйгээр 2003 онд байгуулагдаж өсвөр үеийнхэнд шинжилгээ хийх, биеийн өсөлт хөгжил, нөхөн үржихүйн болон бэлгийн бойжилтын асуудлаар, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэдэг аж.

Тэгвэл өдгөө аймаг сум, нийслэл, дүүрэг гээд өсвөр үеийн эрүүл мэндийн нийт 32 төв үйл ажиллагаагаа явуулж байна.


Өсвөр үеийн эрүүл мэндийн төв нь анх "Өсвөр үе-Ирээдүйн босго төв" нэртэйгээр 2003 онд байгуулагдаж өсвөр үеийнхэнд шинжилгээ хийх, биеийн өсөлт хөгжил, нөхөн үржихүйн болон бэлгийн бойжилтын асуудлаар, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэдэг аж.

Тэгвэл өдгөө аймаг сум, нийслэл, дүүрэг гээд өсвөр үеийн эрүүл мэндийн нийт 32 төв үйл ажиллагаагаа явуулж байна.

#Health #Teenagers #advice #UNICEF