Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би яаж өөрийгөө ялан дийлэх вэ?
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе!
Би одоо төгсөх анги юм л даа. Тийм ч учраас би ЭЕШ-даа сайн бэлдэх ёстой. Гэтэл надад огтхон ч хичээл хийх хүсэл төрөхгүй юм. Бас тууштай хийж чадахгүй байна. Яг л амьдралын зорилгогүй мэт... Бас ээж маань надад байнга “хичээлээ хий” гэж хэлдэг. Би тэрийг нь зөв гэдгийг мэдээд байгаа хэрнээ хичээл хийх хүсэл төрөхгүй байна. Би яаж өөрийгөө ялан дийлэх вэ? Үүнд зөвлөгөө өгч туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Хэрэггүй зүйлсэд хэт их цаг гаргахгүй байх хэрэгтэй
Захидал илгээсэнд баярлалаа. Эхний ээлжид чи ямар төрлийн хичээлдээ илүү сонирхолтой вэ гэдэг чухал. Түүнийгээ бодож үзээд тэр төрлийн хичээлээ өдөрт бага тогтмол цагаар хичээллээд үзвэл яаж байна? Мэдээж бусад гэрийн даалгавраа орхиж болохгүй шүү.
Жишээ нь: Хэрвээ чи химийн хичээлдээ дуртай бол өдөрт яг нэг цаг маргааш хими орохгүй байсан ч хамаагүй химийн хичээлийн гэрийн даалгавар, химийн хичээлтэй холбоотой сонирхолтой туршилт, мэдээлэл гэх мэт зүйлд өдөрт тогтмол нэг цаг зарцуулах байдлаар хоёулаа эхлүүлж болох юм. Үүнийг байнга хийх ёстой зүйл гэж харалгүйгээр илүү сонирхолтой зүйл юу байна гэж харвал илүү сэдэл төрдөг. За дараагийн ээлжид чамд ЭЕШ өгөхөд тийм ч их хугацаа үлдээгүй болохоор санаа нийлдэг, сайн харилцаатай байдаг хүмүүстэй магадгүй найзуудтайгаа хамт хичээллэж болно.
Хамтдаа мэдэхгүй чадахгүй зүйлээ найз нөхдөөсөө асууж, мэддэгээ хэлж өгч хуваалцаж хичээллэвэл илүү сонирхолтой байх тал байдаг. Мөн нэг чухал зүйл нь цаг төлөвлөлт. Тодруулбал, хэрэггүй зүйлсэд хэт их цаг гаргахгүй байх хэрэгтэй. Нэг долоо хоногоор хийх ажлынхаа хуваарийг гаргаж үзээд чамд хэрэггүй зүйлд өдөрт хэдэн цаг зарцуулж байна гэдгийг бодоод үзээрэй. Эцэст нь зөвлөхөд өглөө эрт босож орой эртхэн амрах нь хүнийг илүү эрч хүчтэй байлгах нэгэн үндэс байдаг гэдгийг санаарай. Өөрийгөө ялан дийлэхэд нь амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Зөвлөгөө өгсөн: Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Энхлэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх