The MongolZ-ын оролцох "PGL Astana 2025" маргааш эхэлнэ


А.Эрхэмбаяр | YOLO.MN
ӨНӨӨДӨР

#CS2 The MongolZ эхний тоглолтоо маргааш 16:00 цагаас Бразилын "FURIA"-тай хийнэ

PGL-ээс зохиож буй $1,250,000 шагналын сантай "PGL Astana 2025" тэмцээн тавдугаар сарын 10-18-ны хооронд болно. Шилдэг 16 баг өрсөлдөх тэмцээнд Монголын "The MongolZ" баг оролцоно.

Хэсгийн шатны тоглолтууд швейцар системээр болох ба түрүүлж гурав хожсон найман баг шигшээ шатанд шалгарна.

Казахстан улсад болж буй тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч "Team Vitality" болон "Faze Clan", "MOUZ", "Team Falcons" багууд оролцохгүй.

The MongolZ эхний тоглолтоо маргааш 16:00 цагаас Бразилын "FURIA"-тай хийнэ. Хоёр баг сүүлд "PGL Bucharest 2025" тэмцээний хүрээнд таарч тоглоход монгол залуус 2-0 харьцаагаар хожиж байв.

The MongolZ-ын хувьд сүүлд "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээнд 3-4-р байр эзэлсэн билээ.

Монгол залуус 2025 он гарснаас хойш зургаан том тэмцээнд оролцож гуравт нь шөвгийн дөрөвт шалгарсан. The MongolZ-ыг шөвгийн дөрөвт шалгарах болгонд Team Vitality тэднийг тэмцээнээс хасаж байв. Бусад гурван тохиолдолд Team Falcons, "G2 Esports", "Astralis" багуудад хожигдсон юм.

#CS2