Хичээл хийхийн хажуугаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа чамд дараах мэдээлэл тус болно гэж найдаж байна.
1. Хувь хүний хөгжил болоод соёлд суралцах
Ямар ч мэрэгжилтэй болсон өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлэх, олны өмнө үг хэлэх, багаар ажиллах, асуулт асуух, бичих, сонсох, сонсоод хариулт өгөх, төслийн тухай мэдлэгээс эхлээд цагын менежмэнттэй байх, зөв хувцаслах, зөв хооллох гээд хувь хүний хөгжил мөн соёлийн тухай ойлголт чамд заавал хэрэг болно. Өөрсдийн минь зан төлөв, дадал зуршил төлөвшиж байдаг энэ насанд соёлтой хүн болохын тулд өөрийгөө хувь хүн талаасаа анхаарч хөгжүүлэх хэрэгтэй. Өсвөр насныхны дунд хамгийн эрэлттэй, нэр хүндтэй мөн чанартай сургалттай гэгддэг Андра акадиме, Амар трайнинг, Монголын лектор төв, Хувь хүний хөгжлийн институт гэх мэт сургалтаас сонголтоо хийх боломжтой юм.
2. Спортоор хичээллэх
Хүүхдүүд, өсвөр үеийнхэн спортоор хичээллэхдээ ихэвчлэн тодорхой үр дүнгүй, зөвхөн хөгжилдөх зорилгоор хичээллэдэг. Гэхдээ зорилго тавиад, тууштай хичээлэж чадвал спортоос бид маш олон зүйлийг сурч авахын сацуу эрүүл, өв тэгш биетэй болоход туслах юм. Спорт ямар төрөл гэдгээсээ хамаарч тухайн хүнд нөлөөлөх үр дүн нь ч гэсэн тодорхой хэмжээгээр өөр байх бөгөөд харин бүх спортод байх нийтлэг чанарын тухайд гэвэл тэсвэр хатуужил, өөртөө итгэлтэй байдал, асуудал шийдвэрлэх чадвар гэх мэт хувь хүнд өгөх маш олон эерэг нөлөөтэй. Монгол орны нөхцөл байдал дахь хүүхэд, өсвөр үеийнхэнд хамгийн олон талын ашигтай, манай сайтад өмнө нь нийтлэгдэж байсан зарим спортуудыг чамд санал болгож байна. Туялзуур сэлэм, Спортын гимнастик, Хөлбөмбөг, Ширээний теннис, Таеквондо, Жюү жицү (нэрэн дээр дарвал харгалзах спортын талаарх мэдээлэл гарч ирнэ)
3. Нийгэмд эерэг нөлөө бүхий идэвхитэй бүлгэмд хамрагдах
Сургууль, дүүрэг, нийслэлийн хэмжээнд мөн байгууллагын дэргэдэх, сайн дурын гээд нийгэм дэхь эерэг өөрчлөлийн төлөө маш олон өсвөр үе, залуучуудын клуб байдгийг бид мэднэ. Гаднаас нь харахад тодорхой үр дүнгүй харагддаг юм шиг тэдгээр клубуудэд тууштай явж чадвал хувь хүнийхээ хувьд маш сайн хөгжиж чадахаас гадна өөрийн гэсэн сурах, судалгаа хийх, ажиллах арга барилд суралцаж чаддагаараа маш том давуу талтай. Энэ нь эргээд сайн дурын ажилд хамрагдаж байсан гэсэн тодорхойлолт болж гадаадад их дээд сургуульд суралцахад нэмэр болдог.
4. Цагийн ажил хийх
Бидний эцэг эхчүүд “хүүхдээ ажилд сургах юмсан” гэж энэ талаар ихэд чухалчилан үздэг. Ажил хийх ядаргаатай, хэцүү юм шиг санаддаг ч өөрийнхөө бие, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ажил хийх нь хамт олонтой болж бусдаас суралцах, энгийн амьдралын туршагаас суралцах, мөн томчуудын хүрээлэлд байснаар ирээдүйн амьдралдаа илүү сайнаар хэрхэн бэлдэж болох тухай мэдэх зэрэг олон давуу талтай юм. Түүнээс гадна эцэг эхийн гарыг харалгүй хэрэглээний мөнгөө олчихно гэсэн үг шүү дээ.
5. Урлагаар хичээллэх
Ихэнх хүүхдүүд урлагаар хичээллэх гэдгийг уран зураг, хийл аль эсвэл баллет-аар төсөөлж өөрийгөө урлагаас холдуулах гэж хичээдэг. Гэхдээ хип хоп, рок, анимийн зураг бас чөлөөт бүжиг гээд бидний дуртай урлагууд ч мөн олон байдаг бөгөөд хичээлээсээ гадуур урлагийн дуртай чиглэлээрээ тогтмол хичээллэж байх нь хичээл, шалгалтаас авах стрессийг бууруулж, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, тэвчээр хатуужилд сургах гээд олон давуу талтай байдаг. Мөн спорт ч тэр, урлаг ч тэр аливаа зүйлд тууштай байхын сацуу хичээлээсээ гадуур ямар нэгэн зүйлээр хичээллээ гээд хичээлээ орхигдуулж болохгүй нь хамгийн чухал юм.
6. Өөрийгөө сорих
Эхлэл бол амжилтын тал нь гэсэн үг байдаг. Өдийг хүртэл бодож сонирхож явдаг спорт, урлаг эсвэл бусад төрлийн зүйлсийн тэмцээн болох үед бид хараад л, ихэд олзуурхан сонирхоод л өнгөрдөг. Нэг үзээд алддаг юм билүү гэж бодох үе байх ч төдийлэн зориглодоггүй. Гэхдээ тодорхой хэмжээний ойлголттой болоод, үнэхээр сонирхож байсан зүйлийнхээ тэмцээнд зориглоод ороод үзэх хэрэгтэй. Энэ мэдээж амжилт гаргахын тулд биш шүү дээ, эндээс л чи удаан хугацаанд хичээллэхийг хүссэн тэр зүйлээ маш сайн суурьтайгаар эхлүүлж чадах болохоор. “Оролдлого сайт оройд нь” гэдэг үг байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө сорих, хөгжүүлэх ямар л боломж байна тэдгээрийг оролдоод явахад гэмгүй. Дараагаар нь тэдгээрийн аль нэгийг чи ирээдүйн мэргэжлээрээ сонгох, улам мэргэших ч юм бил үү.
7. Бусдаас нэг алхам урд...
Үе тэнгийнхэн чинь тоглож, зугаацаж байхад чи дараагийн удаад үзэх хичээлийнхээ агуулгыг мэдчихвэл чамд л амар. Илүү цагаар номын санд сууж, хичээлээ аль болох бие даан түрүүлж үзэж болно. Нэг үгээр хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх өөр нэгэн арга бол бусдаас түрүүнд суралцах боломжийг хайх явдал юм. Тиймээс цагийн менежментээ сайн төлөвлөж, “урьдчилан мэдэх” гэсэн зарчмаар хандаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх