Эмма Уотсон: Бэлл Диснейн бусад гүнжээс тэс өөр нэгэн


Заяц | YOLO.MN
2017-03-17

Уолт Дисней компанийн “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар энэ сард дэлхий даяар нээлтээ хийгээд байгаа билээ. Дэлгэцнээ гарахаасаа өмнө ба дараа багагүй шуугиан тариад байгаа тус киноны гол дүрийн жүжигчин болох Эмма Уотсон Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагаас товчхон хүргэе.

-2015 оны нэгдүгээр сард та өөрийн фэйсбүүк хуудаснаа Уолт Диснейн “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” кинонд тоглох болсноо зарласан. Тэр үед танд ямар санагдаж байсан болон одоо ямар санагдаж байгаа талаараа?

- Би маш олон шинэ зүйлийг сурсан. Би урьд нь мюзиклд тоглож байгаагүй, хэзээ ч олон хүмүүсийн өмнө дуулж байгаагүй, морь унаж байгаагүй, бүжиглэж байгаагүй. Тийм болохоор кино зураг авалт эхлэхээс өмнө гурван сар бэлдсэн. Долоо хоногт дөрвөн удаа дуу, таван удаа бүжиг, гурван удаа морь унах хичээлд суусан.

Бага насныхаа шүтээн болох Хермани Грейнжерийн дүрд тоглосондоо би маш их азтай. Гэтэл дараа нь бага насныхаа бас нэг баатар болох Бэллийн дүрд тоглох болсон маань үнэхээр ер бусын. Өөрийгөө маш азтайд тооцдог.

Эмма Уотсон

Бага насныхаа шүтээн болох Хермани Грейнжерийн дүрд тоглосондоо би маш их азтай. Гэтэл дараа нь бага насныхаа бас нэг баатар болох Бэллийн дүрд тоглох болсон маань үнэхээр ер бусын. Өөрийгөө маш азтайд тооцдог.

- Олон хүн Уолт Диснейн “Үнсгэлжин”, “Пиноккио”, “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” гэх мэт хүүхэлдэйн кинонуудыг үзэж өссөн. Шүтэн бишрэгчид ч олонтой. Ийм кинонд тоглох ямар байсан бэ?
- Тийм ээ, надад яг л хүмүүсийн дотор түгжигдсэн байсан хүүхэд насны дурсамжийг нь сэргээж өгч байгаа юм шиг санагдсан. Энэ дүр ганц миний хувьд ч биш, маш олон хүний хувьд хайртай дүр учраас зураг авалтын явцад би нэг тийм дарамт мэдэрч байсан шүү.

- Бэллийн юуг өөрчлөхийг хүсээгүй вэ?
- Диснейн бусад гүнжтэй харьцуулахад тэр бусдаас өөрөөр сэтгэдэг. Бусад хүмүүс түүнийг ойлгодоггүй. Тэр дандаа л бусдаас өөр сонголт хийдэг. Тэр илүү ихийг мэдэхийг, илүү өөр зүйлийг хүсдэг. Тэр зөвхөн өөрийнхөө сонгосон замаар явдаг.

- Нөгөө талаас энэ нь түүнийг ганцаардмал болгодог гэж бодож байна уу?
- Гарцаагүй. Жонон, Бэлл хоёр хоёулаа өөр өөрсдийн ертөнц дотроо “гадны хүн”. Бэлл амьдарч байгаа тосгондоо, Жонон цайздаа. Хоёулаа ганцаардмал. Эцсийн эцэст энэ нь тэднийг бие биедээ татагдах, бие биедээ дурлах нэг хүчин зүйл нь болсон.

- Тэгвэл та түүний юуг нь өөрчлөхийг хүссэн бэ?
-Бэлл Жононгийн дотор, гүнд байгаа зүйлийг харж мэдэрч чадсан. Жононгийн уур бухимдал, сэтгэл гутралын ард түүний сул тал, өөртөө итгэлгүй байдал, өвдөлт зэрэг байгааг Бэлл олж харсан. Нэг талаар энэ нь түүний онцгой хүч.

Хүүхэлдэйн кинон дээрээ Жононгийн цайзад очихоос өмнөх Бэллийн тухай нэг их юм гардаггүй. Түүний юу хийдэг байсан, хаанаас ирсэн, цагийг хэрхэн өнгөрүүлдэг, Бэлл гэж ер нь ямар хүн юм бэ гэсэн зүйлс барагтаа гараад байдаггүй. Өөрийнхөө зүгээс би түүнийг илүү таниулахыг хүссэн. Яагаад тэр ном унших дуртай болсон, тосгондоо яагаад гадны хүн шиг тооцогдох болсон, Гастонд яагаад дургүй зэргийг харуулахыг хичээсэн. Хүүхэлдэйн кинон дээр түүний аав янз бүрийн зүйл зохион бүтээдэг бол энэ удаа Бэллийг зохион бүтээгч болгосон. Түүнээс гадна тэрээр зохион бүтээхийнхээ хажуугаар хүүхдүүдэд бичиг үсэг зааж өгдөг.

- Гэтэл тосгоны хүмүүс бүгдийг сүйтгэдэг шүү дээ.
- Тийм ээ, тосгоны хүмүүс эмэгтэй хүн ном унших ёсгүй гэж үздэгээс гадна тэд шинэ, гадны, тэдний ухаанаас давсан зүйлсд маш болгоомжтой ханддаг, дургүй ч гэж хэлж болно. Түүний зохион бүтээсэн зүйлийг эвдэлж байгаа нь нэг талаар түүний урам зоригийг мохоож, мөн чанарыг эвдэн, өөрсдөд нь таалагдах, хүлээн зөвшөөрөгдөх хувилбарыг бүтээх гэсэн санаа. Энэ бол манай одоогийн нийгэмд эмэгтэйчүүд ялангуяа охидод их тохиолддог зүйл гэж бодож байна. Охид эмэгтэйчүүд ямар нэг зүйл хийхэд, “Энэ чинь сайн байна л даа. Гэхдээ чи энийгээ хасаад ингээд өгвөл бүр сайн.” гэх зэргээр хүний хувийн чанарыг үнэлэх бус өөрсдөдөө таалагдах хувилбар бий болгохыг зорьдог.

- Жононгийн хувьд Гастоноос юу нь илүү юм бэ?
- Түүнд сайн чанарууд байгааг Бэлл олж хардаг. Хайраар дутсан нэгэн байгааг олж харсан юм. Гастоны хувьд бүгд түүнийг хайрлаж, биширдэг ч түүнд өөрт нь бусдыг хайрлах, энэрэх сэтгэл байхгүй. Тэрээр бусдыг доош хийснээрээ өөрийгөө дээш өргөмжилдөг. Бусад үлгэрээс ялгаатай нь Жонон, Бэлл хоёр шууд анхны харцаар бие биедээ дурлаагүй. Тэр хоёрын дурлал эхлээд бие биедээ дургүй байгаагаас эхэлдэг. Дараа нь тэр хоёрын нөхөрлөл эхлэх ба аажим аажмаар бие биедээ сайн болдог.

- Хүмүүс таныг НҮБ-аас санаачилсан HeForShe хөдөлгөөнөөр сайн мэддэг болсон. Энэ талаараа ярьж өгөөч.
- Энэ хөдөлгөөнд нэгдсэнээрээ эрэгтэй эмэгтэй хүмүүс зөвхөн ээждээ, эгчдээ, эмэгтэйчүүдэд тус хүргэж байгаа юм биш. Феминист чанарууд нь ганц эмэгтэйчүүдэд байдаг зүйл биш эрчүүдэд ч байдаг. Би эрэгтэй учраас ингэж бодох ёсгүй гэхийнхээ оронд үүнийгээ хүлээн зөвшөөрч, хүндэтгэж нандигнах хэрэгтэй гэсэн утгаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Охид эмэгтэйчүүдтэй холбоотой тоо баримт, мэдээ мэдээлэл дутмаг байдаг болохыг олж мэдсэн учраас энэ удаа би тоо баримт цуглуулах тал дээр төвлөрч байна. Тоо баримттай юмсыг илүү бодитой болгодог. Тоо баримтыг хүмүүс илүүтэй хүлээн авдаг шүү дээ. Феминист гэдэг үгэнд эмэгтэй гэсэн утга орсон учраас залуучууд үүнд өөрсдийгөө хамаарахгүй юм шиг санадаг. Яг үнэндээ энэ нь эрэгтэй эмэгтэй үл хамааран бүх хүмүүс тэгш эрхтэй байхыг л хэлж байгаа юм. Феминистүүд нь зөвхөн эмэгтэйчүүд байдаг гэдэг бол хамгийн том эндүүрэл. Миний л мэдэхийн дэлхийн хамгийн алдартай феминистүүдийн ихэнх нь эрэгтэйчүүд байдаг.

- Сүүлийн үед эмэгтэй хүмүүсийг гол дүрд  тоглуулах нь нэмэгдсэн. Киноных нь гол дүрийн баатар эмэгтэй хүн байгааг ихэнх эрчүүд хүлээн зөвшөөрөх дургүй байгаа нь харагддаг. Гэтэл эмэгтэйчүүд эрчүүдийг гол баатар байлаа гээд бухимддаггүй. Яагаад тэр вэ?
- Эрчүүд киноны гол баатар өөртэй нь адил харагддаг, өөртэй нь адил дуугардаг, өөртэй нь адил сэтгэдэг байх ёстой юм шиг боддог. Тэгээд дэлгэцэн дээр шал өөр хүн гараад ирэхээр, “Өө энэ чинь охин байна шүү дээ, энэ надтай адилхан байж чадахгүй. Би надтай адил хүн гол баатар байгаасай гэж хүсч байна.” гэдэг. Эмэгтэйчүүдийн хувьд гол баатар хэн байх нь хамаагүй. Тэдний хувьд тэд тэр киноны гол баатарын зан чанар нь л илүү чухал байдаг.

-Таны тоглосон бас нэг киноны талаар ярилцъя л даа. Бидний амьдралын салшгүй хэсэг болоод байгаа технологийн тухай “The Circle” уран сайхны кино.
-Сонирхолтой нь энэ кинон дээр гарах үйл явдал нь хол ирээдүйд тохиолдох эсвэл тэртээ 2050 онд ч юм уу болох зүйл биш юм. Ийм зүйл маргаашнаас ч эхэлж болох магадлалтай. Бид технологитой маш болгоомжтой харьцахгүй бол удахгүй техник технологи бидний дээр гарах магадлалтай гэдгийг уг киногоор үзүүлсэн. Нэг талаар технологи бидэнд олон боломж нээж өгч байгаа ч нөгөө талаар бид эдгээрт  их мэдээлэл өгч байна. Мэдээлэл бол хүч, мөнгөнөөс ч илүү хүчтэй.

-Нийгмийн сүлжээ бидэнд шинэ санаа, шинэ боломжуудыг нээж өгдөг гэдэгтэй та санал нийлэх үү. Эсвэл дарамттай санагддаг уу?
-Аль аль нь. Би юуг олон нийттэй хуваалцах, юуг хуваалцахгүй байх  талаар маш хатуу зарчим баримталдаг маань надад тусалдаг. Хүмүүс миний бүх зүйлд оролцож, бүх зүйл дээр минь өөрсдийн санал сэтгэгдлээ хэлээд байвал би үгүй болох байх, би зүгээр л нэг хүн дүрстэн болж хувирна.

Одоогийн залуусын дунд их ажиглагдаж байна л даа. Бусдад яаж харагдах, бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгтээ анхаарахаас биш юу мэдэрч байгаагаа, юу хүсч байгаагаа анхаарахгүй орхигдуулдаг.

#Movie #EmmaWatson #Celebrity #BeautyAndBeast