Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хичээлдээ сайжрахад минь надад нэг хөвгүүн их тус болж байгаа. Гэхдээ...
Сайн байна уу танай сайтад би маш их дуртай. Хүүхдүүдэд их хэрэгтэй юм шиг санагддаг гоё сайт шүү.
Би одоо 7-р ангид сурдаг. Би 6-р ангид байхдаа би их гадуур тэнэдэг, хөвгүүдэд муухай ханддаг, хичээлээ хийдэггүй, ер нь л их болохгүй хүүхэд байсан юм л даа. Харин энэ жил 1-р улирлаас багш намайг нэг хөвгүүнтэй хамт суулгасан юм. Тэр хөвгүүн надад их тус болсон. “Яаж утасаа хойш тавьж хичээлээ хийх вэ, яавал хичээл чинь сонирхолтой болох вэ” г.м...
Ер нь л тэр хөвгүүн намайг маш даруу төлөв болгож тэвчээртэй байхад сургасаан :)) Гэхдээ би найзуудаасаа холдож байгаагаа сая л ухаарлаа!! Найзуудтайгаа уулздаггүй, ихэвлэн ер нь бодоод байхад хичээлээ тараад шууд гэр рүүгээ эсвэл нөгөө хөвгүүнтэйгээ хамт номын санд суугаад хичээлээ хийдэг юм. Ер нь л их хичээлээ хийдэг болсон боловч найзууд маань их л хөндий болжээ. Тэгж бодох болгондоо ирээдүйд сайн хүн болохын тулд нүдээ аниад шүдээ зуугаад хичээлээ хийх ёстой найзууд яахав олдоно гэж боддог юм. Гэхдээ би яг сайн сонгож чадахгүй юм яах ёстой вэ.
ЗӨВЛӨГӨӨ: Онцгой өдөр, найзуудтайгаа цагийг өнгөрүүлмээр санагдсан үедээ тэдэнтэй уулзаж болно
Захидал илгээсэнд баярлалаа. Чиний захидлаас найзууддаа санаа зовж байгааг чинь ойлголоо. Чамд тулгарсан асуудлаас харахад заавал нэгийг нь сонгож нөгөөг нь үлдээхгүйгээр яагаад хоёуланг нь авч үлдэж болохгүй гэж. Тэгэхээр хичээл ном гэдэг одоогийн байдлаар нэгдүгээрт тавигдах асуудал тул хичээлдээ энэ эрчээрээ анхаарлаа хандуулахыг зөвлөе. Харин хоёрдугаарт байнга уулздаг хүн бүр найзууд байдаггүй шүү дээ.
Тиймээс баярт үйл явдал, онцгой өдөр, найзуудтайгаа цагийг өнгөрүүлмээр санагдсан үедээ найзүуудтайгаа уулзаж болно. Мөн чи яагаад найзуудтайгаа хамт хичээллэж болохгүй гэж? Энэ талаар бодоод үзээрэй. Хэрвээ хамтдаа хичээллэвэл чи хичээлээ ч хийнэ, найзуудтайгаа ч хамт байна. Бас нэг зүйлийг зөвлөхөд ширээнийхээ хамтрагчид баярласнаа илэрхийлэхийг зөвлөе.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Зөвлөгөө өгсөн: Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Энхлэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх