Тайванийн фен уулзалт нь цуцлагдсанаар Ким Су Хён 1.3 тэрбум вонын торгууль төлөх магадлалтай


Т.Онон | YOLO.MN
2025-03-26

Ким Су Хёны сүүлийн үеийн маргаантай холбоотой гуравдугаар сарын 30-нд болох байсан Тайванийн фен уулзалт цуцлагджээ.

Өчигдөр уг арга хэмжээг зохион байгуулагч 7-Eleven Taiwan брэнд өөрийн цахим хуудсаар дамжуулан уулзалтыг цуцалсан тухай мэдэгдэж тасалбарын мөнгийг буцаан олгож эхэлжээ.

Жүжигчин Ким Су Хён сүүлийн үед талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой 6 жилийн турш харилцаатай байсан гэх цуурхалд өртсөн. Тэдний харилцаа Ким Сэ Рон насанд хүрээгүй байх үед эхэлсэн гэх мэдээлэл гарч, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байна. Харин Ким Су Хён энэхүү харилцааг хүлээн зөвшөөрсөн ч зөвхөн Ким Сэ Рон насанд хүрснээс хойш болзож эхэлсэн гэж мэдэгджээ.

Ким Су Хёны агентлаг GOLDMEDALIST-аас гаргасан мэдэгдлийг ЭНД дарж унших боломжтой.

Уг фен уулзалт нь түүний дуулиан дэгдэснээс хойшхи анхны олон нийтийн арга хэмжээ байсны улмаас хүмүүсийн анхаарлыг маш их татаж байжээ.

Тайванийн 7-Eleven зөвхөн фен уулзалт зохион байгуулахаас гадна Ким Су Хёны дүр төрхтэй бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар төлөвлөж байв. Харин уулзалт цуцлагдсантай холбоотойгоор компанид ойролцоогоор 1.3 тэрбум вонын (ойролцоогоор 3 тэрбум төгрөг) хохирол учрах магадлалтай гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Үүний зэрэгцээ, Ким Су Хёны HOVERLAB гэх YouTube сувгийг шүүхэд өгсөн хэрэг үргэлжилж буй. Мөн Disney+ түүний тоглосон Knock-off хэмээх цоо шинэ цувралын нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Түүнчлэн MBC сувгийн Good Day хөтөлбөр дэх түүний оролцоог эвлүүлэн хасжээ.

Тодруулбал, Knock-off олон зуун тэрбум вонын төсөвтэй бүтээл бөгөөд хэрэв Ким Су Хён төслөөс гарах шаардлагатай болбол, энэ нь санхүүгийн томоохон хохирол дагуулах эрсдэлтэй. Мөн түүний олон улсын арга хэмжээнүүд ч тодорхойгүй байдалд орсон тул тэрээр "торгуулийн бөмбөг"-өөс зайлсхийж чадах эсэх нь анхаарал татаж байна.

 

#Ким Су Хён