Байшин, барилга барихдаа суурийг зөв тавьснаар бат бөх, аюулгүй, зөв зохион байгуулалттай болдог. Үүнтэй адил нүүр будалт хийхдээ суурь хэсгийг алдаагүй тавьснаар нүүрний өнгө төрхийг жигдрүүлж, удаан тогтоцтой болгодог. Энэ удаагийн нийтлэлээр нүүр будалтын өмнө юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөөг хүргэж байна. Будгаа бэлдээд толиныхоо өмнө суугаарай.
1.Арьсны төрлөө тодорхойлох Таны арьс эмзэг, тослог, холимог эсвэл хуурай байна уу? Арьсны төрлөөс шалтгаалан тохирох суурь будалтын бүтээгдэхүүнийг сонгох нь чухал юм. Жишээ нь: эмзэг арьстай тохиолдолд усан суурь, тослог арьстай бол тосгүй суурийг зөв сонгон хэрэглэх хэрэгтэй.
2.Арьсаа урьдчилан бэлтгэх
Нүүрээ сайн цэвэрлэж, чийгшүүлэгч түрхээд 5-10 минутын дараа суурь будалтаа хийнэ. Энэ нь будалтыг илүү жигд харагдахад тусална. Арьсны өнгө төрхийг жигдрүүлэхийн тулд primer эсвэл base хэрэглэх нь зүйтэй. Primer нь нүхжилтийг дарж, жигд харагдуулах зорилготой бол base нь нүхжилт, арьсны асуудлаас хамгаалдаг.
3. Өө даралттай бүтээгдэхүүний өнгийг зөв сонгох Крем болон күшионы өнгөө сонгохдоо хүзүүний өнгийг анхаарч сонгох хэрэгтэй. Үүнийг шалгахын тулд хажуугийн гэрэлд гаргаж үзэх нь зүйтэй. Хэрэв таны арьс өөр өөр улиралд өнгө нь өөрчлөгддөг бол хоёр төрлийн өнгийг ашиглаж, улирлаас хамааран холих нь зөв.
4.Зөв хэрэгсэл ашиглах
Суурь будалтыг спонж эсвэл будагч багсаар түрхэх хэрэгтэй. Харин хуруугаараа тарааж болохгүй. Спонж ашиглах нь илүү жигд түрхэхэд тусалдаг. Хэрэв та спонж ашигладаг бол үүнийг чийгтэйгээр ашиглах хэрэгтэй. Энэ нь будалтыг илүү натурал харагдуулдаг. 5.Төвөөс гадагш түрхэх Суурь будалтыг нүүрний төв хэсгээс (дух, хамар, эрүү гэх мэт) эхлэн, гадагш нь түрхэх нь илүү жигд дүр төрхийг бий болгоно.
6. Хүзүү, чихний ар талд анхаарах
Гоо сайхны бүтээгдэхүүн ашиглахдаа зөвхөн нүүрэн хэсэгтээ л түрхдэг юм биш биз. Суурь будалтыг хүзүү, чихний ар талд ч гэсэн тараах нь өнгө төрхийг илүү жигд болгодог.
7.Арьсны өнгөтэй нийцсэн өө дарагч (консилер)ашиглах Суурь будалтын дараа өөрийн арьсны тонтой адил өнгөтэй консилер ашиглан нүдний доорх тойрог, толбо болон бусад тодорхой хэсгүүдэд түрхээд спонж ашиглан тараагаарай.
8.Будаг түгжигч ашиглах
Будалтыг илүү урт удаан хадгалахын тулд спрей хэлбэрийн түгжигч эсвэл нунтаг хэлбэрийн түгжигч ашиглах хэрэгтэй. Спрей нь хуурай арьстай хүнд тохирдог бол нунтаг түгжигч нь холимог болон тослог арьсанд илүү тохиромжтой. Нунтаг түгжигч нь хуурай болон шахмал хэлбэртэй байдаг.
9. Хэт их будалтаас зайлсхийх Хэт их суурь будалт нь натурал дүр төрхийг алдагдуулж, зузаан харагдуулах болно. Бага хэмжээгээр эхлээд тавьж, шаардлагатай хэсгүүдэд нэмэлт будалт хийх нь зүйтэй.
10.Нэмэлт хэсгүүдийг дарааллын дагуу тавиарай.
Суурь будалт дууссаны дараа сүүдэр, гэрэл, хацар өнгөлөлт зэрэг нэмэлт будалтуудаа өөрийн нүүрний төрхөд тааруулан тавих хэрэгтэй. Сүүдрийн өнгийг сонгохдоо өөрийн арьсны өнгөнөөс 3 тон доошоо, гэрлийн өнгийг сонгохдоо 2 тон дээшээ өнгө сонгоно. Харин хацар өнгөлөгчөө сонгохдоо шаргал царайтай тохиолдолд улбар туяатай, цайвар царайтай бол ягаан туяатайг сонговол зохимжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!