Б.Төрболд: Гаригаагийн дүр надаас тэс өөр болохоор жүжиглэхэд бага зэрэг хэцүү байсан


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-10

Favway уран бүтээлийн нэгдэл “Шилдэг тоглогч”, “Oh Hi School”, “Урлагийн сургууль” гэх вебдрамуудыг үзэгчдэдээ хүргэж байсан билээ. Харин энэ жил “Болзооны сургууль” гэх шинэхэн вебдрамаа толилуулж байна. Favway кинондоо мэргэжлийн жүжигчдээс гадна мэргэжлийн бус хүмүүстэй хамтран ажилладаг. Энэ удаад ч мэргэжлийн бус жүжигчдийг тоглуулжээ.

Тус киноны үйл явдалд Кино академийн сургуульд хэн зохиосон нь мэдэгдэхгүй нэгэн болзооны аппликейшин тархсанаар үйл явдал эхэлнэ. Хэр олон хүнээс болзох санал ирж байна түүгээр нь дугаарлаж, тэр хэрээрээ нийгэмд эзлэх байр суурь ч өснө. Үүнээс болж оюутнууд нэгнээ дорд үзэх, дээрэлхэх зэрэг үйлдлүүд гарч эхэлнэ. Энэ үеэр салбар сургуулиас Хулан шилжиж ирэхэд оюутнууд түүнд тийм ч дуртай байсангүй. Ялангуяа хоёрдугаарт байрт жагсах Анхил. Анхилын хамгийн сайн найзууд болох нэг болон гуравдугаар байрт жагсах Гариг, Од нар Хуланд дурласнаар тэвчихэд хэцүү зүйлс ар араасаа тохиолдоно.

Өнөөдрийн нийтлэлээр “Болзооны сургууль” вебдрамын гол дүр болох Гаригаагийн тухай сонирхолтой мэдээллийг багцлан хүргэе.

Гаригаа гэж хэн бэ?

Түүнийг Б.Төрболд гэдэг бөгөөд одоо 25 настай мэргэжлийн бүжигчин, streamer, загвар өмсөгч залуу юм. Beatbox хийх сонирхолтой. Цахим орчинд Jaywoo гэх нэрээр нь олон хүн мэднэ. Jaywoo хэмээх нэрийн утга нь түүний хүндэлж, үлгэр дуурайлал авдаг хүмүүс болох Jay Park, Chris Woo гэх хоёр хүний нэрээс санаа авсан бүтээсэн нэр юм.

2021 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуульд Жижиг, дунд бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Одоо “Gobi Cashmare” брэндийн загвар өмсөгчөөр ажилладаг. Мөн “Jay Woo” болон “Jwoo Live” youtube хуудастаа өмнө жилээс эхлэн идэвхтэй бичлэг оруулж буй шинэхэн youtuber юм. Одоогийн байдлаар 84.2 мянган дагагчтай болжээ. Тун удахгүй “Woo World” гэх мерч бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа юм байна. Түүний youtube хуудсыг өсвөр насныхан ихэвчлэн үздэг учир “Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах хэрэгтэй” гэдгийг үргэлж сануулдаг байна.

Өнгөрсөн жил ESN National championship 2024: CS2 “Grand Final”-д гол тайлбарлагчаар ажилласан туршлагатай аж. Мөн хэд хэдэн рекламд дуу оруулж байжээ.

Кинонд тоглосон сэтгэгдэл...

Төрболд өмнө нь кинонд тоглож байгаагүй, болзооны сургууль бол түүний анхны кино юм.

Тэрээр “Эхлээд Favway-аас надтай холбоо барьсан. Инстаграм хуудастаа найзуудтайгаа рийл бичлэг оруулдаг байсан, тэрийг хараад л холбогдсон байх. Би саналыг нь хүлээж аваад, очиж уулзсан. Дүрийнхээ текстийг яваад тэнцсэн. Удалгүй киноны өдөр товлогдож жүжиглэхээр болсон доо.

Favway-ийнхэн буюу залуу хүмүүстэй хамтран ажиллахад амар байсан. Би жаахан ядрах гээд байсныг эс тооцвол бусдаар дажгүй ээ. Гаригаагийн дүр надаас тэс өөр. Гаригаа даруухан, их зүйл яриад байдаггүй, харин Төрболд бол галзуу, маш их зүйл ярьдаг, ер нь тэс өөр зан араншинтай. Өөрөөсөө өөр зан араншинтай хүний дүрд тоглож байгаа болохоор бага зэрэг хэцүү байсан”

“Намайг өнөөдрийн хэн болохыг тодорхойлсон зүйл бол урлаг”

Jaywoo гудамжны бүжиг сонирхоод 12 гаруй жил болж байгаа аж. Тэр дундаа хип хоп стилиэр бүжиглэдэг. Түүний өвөө чуулганы бурхны бүжиг бүжиглэдэг байсан, мөн хүмүүсийн бүжиглэж байгаа бичлэг их үздэг байсан гэнэ. Ингээд бүжигт хайртай гэдгээ мэдээд сургалтад сууж эхэлснээр түүний мэргэжлийн бүжигчин болох замнал эхэлсэн байна. Тиймээс өнөөдрийн хэн болохыг тодорхойлж буй зүйл бол урлаг юм.

Амьдралдаа нэг л дуу сонсох ёстой гэвэл SZA-ийн “Snooze” дууг нь сонсоно. Харин үзэж байсан хамгийн шилдэг 3 кино нь “Harry Potter”, “Friday”, “Spirited away” анимейшин юм. Түүний celebrity crush нь Wonder women киноны гол дүр Gal Gadot. Мөн монгол дуунаас илүү гадаад артистуудын дууг сонсох дуртай.

Бүжиглэх сурах хүсэлтэй хүмүүст хэлэхэд...

“Хүн ямар нэгэн зүйлийг сурахдаа анхан шатнаас нь эхэлж сурдаг. Түүн шиг бүжигт эвсэл гэдэг зүйл байхгүй юм шиг санагддаг. Чи эхнээс нь яг зөв сурч чадвал мэргэжлийн бүжигчин ч болох боломжтой. Шууд байж байгаад л бүжиглэдэг болчихно гэж байхгүй. Бүжиглэж суръя гэж бодож л байвал анхан шатнаас нь цэгээс нь л эхэлж сурах хэрэгтэй шүү”

Инстаграм хаяг: @jwoodontleaveme

#Болзооны сургууль