Могой жилүүдэд тохиосон зарим онцлог үйл явдлууд


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

1893 оны харагчин, усан могой жил

  • Богдын Шар ордон буюу Дэчингалбын сүм шатаж, түүнийг сэргээн босгоход 26 мянган лан мөнгө зориулж, бас Ногоон ордон буюу Шарав Пэлжээлэн хийдийг барьж эхэлжээ.
  • Монголын ард түмний эрх чөлөө, эх орны тусгаар тогнолын төлөө богино боловч утга төгөлдөр амьдралаа зориулсан Дамдины Сүхбаатар мэндэлжээ.
  • Богдын Засгийн газрын түшмэл, Доод хурлын гишүүн, Монголын орчин үеийн хөгжмийн зохиолыг үндэслэгчийн нэг, алдарт дуучин, Ардын хувьсгалын партизан, бэйс Магсархурцын Дугаржав мэндэлжээ.
  • Долоон хошуу Даншиг наадамд 1069 бөх барилдсанаас Засагт хан аймгийн Луу гүний хошууны Ламзав арслан түрүүлж, Түшээт ханы Намхай үзүүрлэн заан цол хүртжээ.

1905 оны хөхөгчин, модон могой жил

  • Орост хөрөнгөтний ардчилсан хувьсгал ялжээ.
  • Өвөр Монголын Жирэмийн чуулган Горлос хошуунд Манж, Хятадын эсрэг Тогтох тайжийн бослого дэгджээ.
  • Их хүрээнд Хятад пүүсийнхэнтэй монголчууд хэрэлдэн тэмцэлдэж том үймээн дэгдэж, манжийг эсэргүүцсэн хөдөлгөөн идэвхжсэн тул Цагдан цээрлүүлэх яамыг байгуулжээ. Дээрх үйл явдлууд 1911 оны Үндэсний хувьсгал өрнөх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн юм.
  • Монголын баруун хэсэгт хүчтэй газар хөдөлж, Булнайн нуруунд их ан цав үүсжээ. Ул мөр нь одоо ч мэдэгддэг.
  • Хөдөлмөрийн баатар З.Очир, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Цэгмид, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Академич Б.Ренчин нарын алдар цуутнууд төржээ.
  • Долоон хошуу наадамд 1052 бөх барилдсанаас Намхай аварга түрүүлжээ.

1917 оны улаагчин, гал могой жил

  • Орос Улсад Октябрийн хувьсгал ялж, хаант засаг пролетарийн диктатураар солигджээ.
  • Хил хязгаарын Сибирьт Зөвлөлт засаг тогтсон нь Монголд нөлөө үзүүлэх болжээ. Сайн ноён хан Намнансүрэн бараа бологчдын хамт Орос Улсад очиж, Хятадын дарлалаас чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцжээ.
  • Сэцэн хан аймгийн нутагт Хятад худалдаачдын эсрэг бослого хөдөлгөөн өрнөжээ.
  • Богд хаанаас Дилав хутагт Жамсранжавт бүрэн хамба ямба, номч мэргэн Егүзэр цол шагнажээ.
  • Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба, Ардын зураач А.Сэнгэцохио нарын алдартнууд төржээ.
  • 10 засгийн наадамд Лу гүний Вандан түрүүлж, Цэвээн-Очир заан үзүүрлэжээ.

1929 оны шарагчин, шороон могой жил

  • ЗСБНХУ ба БНМАУ-ын харилцааны үндсэн зарчмын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
  • Өвөр монголын Ордос хошуунд Өлзийжаргалаар удирдуулсан хувьсгалт бослого гарчээ.
  • Улсын баатар Ц.Олзвой, Д.Гуулин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун, Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнэ, Төрийн шагналт, СГЗ Б.Явуухулан, Төрийн хошой шагналт, СГЗ Ц.Гайтав нарын алдар цуутнууд төржээ.
  • Ардын хувьсгалын 8 жилийн ойн баяр наадамд 1000 орчим бөх барилдаж, Цэцэрлэг Мандал Туулын аймгийн Б.Банзар 10 давж түрүүлжээ.

1941 оны цагаагчин, төмөр могой жил

  • Герман Улс ЗХУ руу довтлон дэлхийн II дайн эхэлжээ.
  • ЗХУ, Японы Засгийн газрын төлөөлөгчид БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг харилцан хүндэтгэх тухай тунхаглал гаргажээ.
  • Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмнээс бэлэг цуглуулах бүх ард түмний хөдөлгөөн “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтад” уриан дор өрнөж, бэлгийн нийт найман удаа цувааг хүргэжээ.
  • Крилл үсгийг монгол хэлний өвөрмөц аялгуунд тохируулан зохион хэрэглэж эхэлжээ.
  • Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Далай даян, даяар дуурсагдах, дархан аварга Ж.Мөнхбат нарын алдартнууд төржээ.
  • Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар ЗХУ-д улс төрийн хилс хэрэгт мөрдөгдөн байцаагдаж улмаар цаазлуулжээ.
  • Улс хувьсгалын 20 жилийн ойн баяр наадамд Түвдэндорж арслан түрүүлж Аварга цолтон болжээ.

1953 оны харагчин, усан могой жил

  • БНМАУ Венийн энх тайвныг хамгаалах ард түмний их хурлын комисст илгээлт явуулж, байр сууриа илэрхийлж байжээ.
  • Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний дүн гарчээ.
  • АНУ дахь “Халимаг ах дүү нар” байгууллагын хурлаар ЗХУ дахь Халимагуудын хувь заяаны асуудлыг авч хэлэлцэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандаж байжээ.
  • Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын ордон музейг байгуулжээ.
  • БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдээс 21 зүйл амьтныг агнахыг бүрэн хориглон дархан цаазтай болгожээ.
  • Ардын хувьсгалын ойн их баяр наадамд Дархан аварга Түвдэндорж түрүүлж, Ш.Батсуурь аварга үзүүрлэжээ.

1965 оны хөхөгчин, модон могой жил

  • БНМАУ, БНХАУ-ын хоорондох хилийн шугамыг тогтоосон протокол үйлдэн, хилийн зурвас газрын зургийг баталжээ.
  • БНМАУ Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны банкинд гишүүнээр элсчээ.
  • БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар өвөрмөц тогтоц бүхий есөн газрыг дархан цаазтай болгожээ.
  • БНМАУ-ын “Ардын зураач” цолыг бий болгож, Ч.Ядамсүрэн, О.Цэвэгжав нарт хүртээжээ.
  • Дилав Хутагт Жамсранжав АНУ-ын Нью-Йорк хотод хойтын төрлөө олохоор бурхан болжээ.
  • Улсын их баяр наадамд Ж.Мөнхбат арслан түрүүлж, аварга болон Х.Баянмөнх үзүүрлэжээ.

1977 оны улаагчин, гал могой жил

  • Цөмийн зэвсгийн шинэ төрөл-устөрөгчийн бөмбөгийн аюулыг зайлуулах асуудал дэлхий даяар хурцаар тавигджээ.
  • БНМАУ-ын гадаад хамтын ажиллагаа эрс нэмэгдэж, хэд хэдэн оронтой дипломат харилцаа шинээр тогтоож, олон улсын гэрээ, хэлэлцээрт идэвхтэй оролцох болжээ.
  • Монгол, Японы хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдаж, тэр үеийн ханшаар 17 сая ам.долларын буцалтгүй хөрөнгө олгох болсон нь шинэ үзэгдэл байв.
  • Алтайн хилийн отряд байгуулагджээ.
  • Академич Б.Ренчин нас баржээ.
  • Ардын хувьсгалын баяр наадамд Х.Баянмөнх аварга түрүүлж, П.Дагвасүрэн заан үзүүрлэжээ.

1989 оны шарагчин, шороон могой жил

  • Монголд Ардчилсан хөдөлгөөн идэвхжиж, Монголын ардчилсан холбоо байгуулагджээ.
  • Залуу уран бүтээлчдийн II зөвлөгөөн болж, үг хэлэх эрх чөлөөний шинэ үе эхэлжээ.
  • XIV Далай лам Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө олон улсын Нобелийн шагнал хүртжээ.
  • Аравдугаар Банчин богд Эрдэнэ Чойжижалцан бие баржээ.
  • Улсын баяр наадамд Б.Бат-Эрдэнэ арслан түрүүлж, аварга цолонд ойртов.

2001 оны цагаагчин, төмөр могой жил

  • 9 дүгээр сарын 11-нд Осама Бин Ладены ахалдаг Аль Кайда алан хядагчдын бүлэглэл Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг нураажээ.
  • Дээрх балмад халдлагад хариу цохилт болгож АНУ, Британийн зэвсэгт хүчнээс Афганистанд дайн эхлүүлжээ.
  • НҮБ-ын тусгай төлөөлөгч, УИХ- ын гишүүн Ш.Отгонбилэг нарын хүмүүс “МИ-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ.
  • Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 бөх барилдаж, А.Сүхбат Б.Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэн улсын аварга цол хүртжээ.

#үйл явдал