Бидний тархи шөнийн туршид идэвхтэй байдаг. Дунд тархины идэвхжил нь ажиллаж эхэлснээр хүн нэг зүүд зүүдлэхдээ 5-20 минут зүүдэлдэг. Унтаж байх хугацаандаа насанд хүрсэн хүн болон бага насны хүүхдүүд ялгаагүй нийтдээ хоёр цаг орчим зүүдэлдэг байна.
Зүүдний талаар хийгдсэн олон судалгаа байдаг бөгөөд түүн дундаас тархи болон неро шинжлэх ухааны доктор, эмч Dr.Rahul Jandia-ын хийсэн судалгааны сонирхолтой баримтуудаас хүргэе.
Бүх зүүд өнгөтэй байдаггүй.
2017 оны судалгаагаар хүмүүсийн ойролцоогоор 50% нь үргэлж өнгөт зүүд зүүдэлдэг гэсэн байна. Мөн тэд 10 орчим хувьд хар, цагаан өнгөөр зүүд явагддаг гэж дурдсан. 25-аас доош насны хүмүүст хар, цагаан өнгөтэй зүүд нь ховор байдаг. Гэхдээ 55-аас дээш насны хүмүүсийн 25% орчим нь хар, цагаан зүүд зүүдэлдэг байна. Судлаачид энэ ялгааг хар, цагаан зурагтын нөлөөгөөр тайлбарладаг. 1940-өөд оны судалгаагаар хүмүүс өнгөтөөр зүүдлэх нь ховор байсан гэдгийг харуулсан нь энэ санааг баталдаг.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүүд өөр
Судлаачид эрчүүд ба эмэгтэйчүүдийн зүүдний агуулга хоорондоо ялгаатай болохыг олж мэдсэн байна. Олон судалгаагаар эрчүүд илүү түрэмгий, биеийн хөдөлгөөн ихтэй зүүд зүүдэлдэг нь батлагдсан.
Харин эмэгтэйчүүд хүнтэй ярилцах, илүү айдастай эсвэл олон дүрт зүүд зүүдэлдэг байна. Мөн хүмүүс эсрэг хүйстний хүнээ зүүдлэх хандлага давамгайлдаг. Ерөнхийдөө ижил хүйсний хүнээ зүүдлэх нь бага байдаг байна.
Амьтад бас зүүдэлдэг
Олон хүн унтаж буй нохой сүүлээ сэгсрэх эсвэл унтаж буй муур хөлөө сэгсрэх үед тэд зүүдэлж байна гэж боддог. Энэ нь ч үнэн байх боломжтой. Судлаачид ихэнх амьтад унтах үед явагддаг 4 шат буюу REM-ыг амьтдын тархинд ч бас явагддаг гэж үздэг. Тиймээс хүнтэй харьцуулахад тийм тод биш ч гэлээ тодорхой хэмжээнд амьтад зүүд зүүдэлдэг.
Та зүүдээ удирдах чадвартай
Энэ чадвар нь та унтаж байх үедээ би зүүдэлж байна гэдгээ мэдрэхээс эхлэнэ. Хүн бүхэн санах ойтойгоо холбох, зүүдээ шинээр үүсгэн цааш чиглүүлэх зэрэг техник ашиглан унтаж байх үедээ зүүдээ удирдах боломжтой. Гэхдээ унтаж буй хугацаанд зүүд доторх орчин, дуу чимээ, мэдрэмждээ маш сайн анхаарал хандуулан, төвлөрөх хэрэгтэй. Сүүлийн үед зүүдээ удирдах зөвлөмж youtube сувгуудаар их тренд болж байгаа билээ.
Харааны бэрхшээлтэй хүмүүс тод зүүдэлдэг
Харааны бэрхшээлтэй төрсөн хүмүүс дунд хийсэн нэг судалгаанд тэд зүүдэндээ харааны дүрслэлүүдийг мэдэрч байгааг харуулсан байдаг. Тэднийг зүүдэлж байх үед хараа нь хэвийн хүмүүстэй харьцуулахад зүүдний үед ажиглагддаг нүдний хөдөлгөөн бага байсан ч тод зүүдэлж байгааг тогтоожээ.
Зарим зүүд хүн болгонд ижил
Зүүд ихэнхдээ хувь хүний туршлагаас хамааран зүүдлэгддэг. Хүн бүрийн соёлын онцлог, хувийн амьдрал ба орчин нөхцлөөс хамааран зүүд ялгаатай байж болох ч олон хүн төстэй зүүд зүүдэлж байдаг. Жишээ нь дэлхий даяар хүмүүс байнга зугтаж, шүд унаж эсвэл унаж буй зүүд зүүдэлдэг.
Эцэст нь хэлэхэд хүн бүр өөрийн зүүднээсээ утга учир илэрхийлэл хайдаг. Тиймээс олон эх сурвалжуудаас зүүдний тайлал хайх нь ажиглагддаг. Гэхдээ таны зүүдний тодорхой утга илэрхийллийг хэн ч хэлж өгч чадахгүй. Харин өдөр тутмын үйл явдал, ойрын үед миний амьдралд юу болоод байгаа билээ гэдэгтэйгээ хамааруулан бодож, өөрсдөө зүүдний утга санааг илэрхийлэх нь хамгийн зөв юм.
Эх сурвалж: Dr.Rahul Jandial
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!