Сүүлийн жилүүдэд youtube платформ монголын хэрэглэгчдийн дунд хүчтэй байр суурь эзэлж, контент бүтээгчдийн тоо эрчимтэй өсөж байна. Хөгжим, влог, танин мэдэхүй, хоол хийх бичлэг, тоглоомын стрийм зэрэг төрөл бүрийн агуулгатай сувгууд үзэгчдэд хүрч эхнээсээ нэг сая дагагчтай болоод эхэлжээ.
Ингээд 2025 оны байдлаар монголын хамгийн их дагагчтай 10 youtube хуудсыг танилцуулж байна.
10. ARTGER
Youtube сувгийн дагагчдын тоо: 599 мянга
“Artger” нь youtube суваг нь монгол уламжлалт хоол, соёлын өвийг олон улсад таниулах зорилготой бөгөөд үндэсний хоолны өвөрмөц жор, түүх, уламжлалын талаар сонирхолтой контентуудыг тогтмол хүргэдэг. Оруулж байгаа бичлэг бүр нь англи тайлбартай байдаг нь дан ганц монголчуудад бус олон улсын хүмүүс үзэх боломжийг олгож байгаа юм. Анх 2015 онд нээгдэж байсан тус суваг одоо 599 мянган дагагчтай болжээ.
9. ZOLBOO TV
Youtube сувгийн дагагчдын тоо: 630 мянга
Zolboo Tv нь болсон явдал, сонирхолтой мэдээлэл болон өдөр тутмын амьдралынхаа тухай влог зэрэг төрөл бүрийн бичлэг оруулдаг. Тэрээр бичлэгүүдээрээ дамжуулан хойч үеийнхэндээ эерэг, зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг бөгөөд үзэгчдэд хэрэгтэй зөвлөгөө, сэрэмжлүүлэг хэлбэрийн бичлэг ихээхэн оруулдаг байна. Мөн түүний бичлэгүүд нь Солонгос дахь амьдрал, гаднын улсад ажиллаж амьдрахад тулгардаг асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар олон залууст үнэтэй зөвлөгөө болж өгдөг байна. Түүнчлэн, олон нийтийн сүлжээнд түгээмэл яригддаг сэдвүүдийг хөндөж, бодит туршлага дээрээ тулгуурлан мэдээлэл өгдөг нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг аж.
8. MEDQ
Youtube сувгийн дагагчдын тоо: 634 мянга
Өдөр тутамд тохиолддог тодорхой асуудлуудыг хошин, сонирхолтой байдлаар олон нийтэд хүргэдэг "MEDQ" суваг нь Монголын хамгийн алдартай youtube сувгуудын нэг юм. Анар, Сайхнаа гэх залуу уран бүтээлчдийн үүсгэн байгуулсан тус суваг хүүхэд, залуусын дунд ихээхэн алдаршиж, өндөр хандалтыг аваад буй. Контентуудаа бүтээхдээ тэд энгийн амьдралын сонирхолтой, хөгжилтэй мөчүүдийг онцолж, үзэгчдэд танил мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ инээд баясал бэлэглэхийг зорьдог. Тиймээс тус сувгийн бичлэгүүд хэзээ ч уйдамгүй, дахин дахин үзэхэд ч сонирхолтой байдаг аж. Youtube суваг анх 2018 онд нээгдэж байсан бөгөөд нийт 500 гаруй бичлэгийг олны хүртээл болгожээ.
7. CAMI
Youtube сувгийн дагагчдын тоо: 674 мянга
“Та нар сайн уу, би сайн, бичлэгээ эхлүүлье...”
Чамигийн үнэнч шүтэн бишрэгчид энэ үгийг сайн мэдэх биз ээ. Цовоо сэргэлэн яриа, хөгжилтэй байдлаараа хүүхэд, залуусын анхаарлыг татаж, цахим ертөнцөд хүч түрэн орж ирээд буй. Тэрээр анх 2022 онд youtube сувгаа нээж байсан бөгөөд гурван жилийн хугацаанд 670 гаруй мянган дагагчтай болжээ. Чами youtube сувгаараа дамжуулан төрөл бүрийн амттан турших, аяллын влог хөтлөх, цагийн ажил хийх туршлагаасаа хуваалцах зэрэг үзэхэд уйдамгүй сонирхолтой контентуудыг бүтээсээр байна. 2023 онд анхны бие даасан уран бүтээл болох “Зун цаг ирлээ” дуугаа цацаж байжээ.
6. GREMIX GAMING
Youtube сувгийн дагагчдын тоо: 701 мянга
Хүүхэд, залуусын үзэх дуртай, өндөр хандалт бүтээгчдийн нэг бол Gremix юм. Тэрээр өөрийн үндсэн youtube сувгаас гадна “Gremix Gaming” гэх тоглоомын сувгаа давхар хөтөлдөг байна. Эл сувгаар Minecraft, The Bathhouse, Poppy Playtime, Mobile Legends зэрэг залуучуудын дуртай тоглоомуудаас гадна аймшгийн тоглоом тоглож, үзэгчдэдээ сонирхолтой, хөгжилтэй бичлэгүүд хүргэдэг байна.
5. MESMERISM OFFICIAL
Youtube сувгийн дагагчдын тоо: 948 мянга
Цогтоо, Мөнхүүш нарын хөтлөн явуулдаг "Mesmerism Official" суваг нь 2023 оноос хойш монголын youtuber залуусын дунд “Youtube Champ” гэх контентыг зохион байгуулсан бөгөөд энэ нь үзэгчдийн дунд ихээхэн алдаршиж байгаа юм. Тэд өөрсдийн youtube сувгаараа гэр бүлийн влог, контент бүтээгчдийн оролцуулсан сонирхолтой бичлэг хийдэг. Мөн хүүхэд баярлуулах, хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготой олон контент хийдэг бүтээж байгаа нь бусад контент бүтээгчдээс ялгардаг аж.
4. TUSHIG
Youtube сувгийн дагагчдын тоо: 1 сая 100 мянга
“Эвгүй баримтууд”, “Монголд болсон явдлууд” зэрэг цуврал бичлэгээрээ алдартай Б.Түшиг 2024 онд youtube сувагтаа нэг сая дагагчтай болсон билээ. Мөн Монголын хамгийн богино хугацаанд 100 мянган дагагчтай болж “Silver Play Button” авсан youtuber юм. Тэрээр 2015 онд анх youtube сувгаа нээж байсан бөгөөд одоог хүртэл нийтдээ 580 гаруй бичлэгийг сувагтаа байршуулжээ.
3. TESO GROUP
Youtube сувгийн дагагчдын тоо: 1 сая 250 мянга
Монголын хамгийн том компанийн нэг болох Тэсо группийн youtube суваг жагсаалтыг гуравдугаарт бичигджээ. Тэсо групп нь 2013 онд энэхүү сувгаа нээж байсан бөгөөд нийт 12 бичлэгийг байршуулжээ. Тэдний бичлэгүүдээс Ice Mark брэндийн Аляска зайрмагийн реклам 629 сая үзэлттэй буюу хамгийн их үзэлттэй монгол бичлэгүүдийн нэг юм.
2. GREMIX
Youtube сувгийн дагагчдын тоо: 1 сая 370 мянга
Gremix буюу М. Ганбаяр нь монголын анхны нэг сая дагагчтай болсон контент бүтээгч юм. Тэрээр ихэвчлэн тоглоом тоглож байгаа бичлэгээ оруулдаг байсан бол сүүлийн жилүүдэд Tik tok-ийн Food hack турших, шинэ жилийн кинонд үнэлгээ өгөх, дубай шоколад хийх, mystery box задлах зэрэг олон төрлийн сонирхолтой бичлэгүүдийг оруулдаг байна.
1.THE HU
Youtube сувгийн дагагчдын тоо: 1 сая 700 мянга
Одоогийн байдлаар “The Hu” хамтлагийн youtube суваг монголын хамгийн их дагагчтай суваг болж тэргүүлж байна. Морин хуур, хөөмий, товшуур зэрэг үндэсний хөгжмийн зэмсгийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан шинэлэг аялгуугаар олон улсад алдаршиж, Billboard-ийн рок хөгжмийн чартыг тэргүүлсэн анхны хамтлаг бол “The Hu” юм. Тэдний "Wolf Totem", "Yuve Yuve Yu" зэрэг дуунууд нь дэлхийд алдартай. “The Hu” хамтлаг өөрсдийн youtube сувгаараа уран бүтээл, аялан тоглолт, онцгой контент болон сонирхолтой бичлэгүүдээ хүргэдэг байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!