Юун түрүүнд хөөрхөн хосууддаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Арай хаана, яаж тэмдэглэхээ хараахан шийдээгүй байна уу? Эсвэл бүр тэмдэглэхгүй өнгөрөөхөөр төлөвлөсөн үү?
Валентины өдөр бол зүгээр нэг баяр биш ээ, харин хайртай хүнтэйгээ хамтдаа байж, нэгнээ илүү ихээр ойлгон, сэтгэлээ илэрхийлж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн дурсамж бүтээх онцгой мөч юм. Тиймээс дараа гэж хойш тавилгүй, зав гарган хайртай хүнтэйгээ энэ өдрийг халуун дулаан, мартагдашгүй өнгөрүүлээрэй.
Yolo.mn сайтын зүгээс та хоёрын Валентины өдрийг илүү онцгой, дурсамж дүүрэн болгох гайхалтай болзооны санаануудыг хуваалцаж байна.
1. РОМАНТИК ӨДРИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ “MOVIE TIME”
Ямар ч болзооны хамгийн хүлээлттэй, дурсамжтай хэсэг бол хамтдаа кино үзэх мөч. Магадгүй зарим хүнд энгийн зүйл мэт санагдаж болох ч хайртай хүнтэйгээ тухтай суугаад романтик кино үзэх нь харилцааг илүү бэхжүүлж дотно болгоход тусалдаг гэнэ шүү. Заавал кино театр очих биш гэртээ тухлаад дуртай киногоо үзээрэй.
2. “АНХНЫ БОЛЗОО” - ДУРСАМЖАА СЭРГЭЭЕ
Та хайрттайгаа хамгийн анх хаана, хэдэн цагт, ямар хувцастай болзож байсан бэ? Хайр дурлалын тань эхлэл болсон тэр онцгой мөчийг дахин мэдрэхийн тулд анхны болзоот газраа, болзсон цагтаа дахин уулзвал ямар санагдах бол?
Хэдий цаг хугацаа өнгөрсөн ч анхны болзсон газраа дахин болзох нь энэ өдрийн хамгийн аз жаргалтай хэсэг байх болно. Хамтдаа инээж, ярилцаж, тэр өдрийн хамгийн гоё мөчүүдийг эргэн санах нь харилцааг тань улам гүнзгийрүүлж, хайр дурлалыг тань шинэ өнгөөр будах болно. Зарим зүйлс өөрчлөгдсөн байж болох ч та хоёрын хайр одоо ч хэвээрээ гэдгийг мэдрэх сайхан биш гэж үү?
3. БЭЛЭГ СОЛИЛЦООРОЙ
Валентины баярын хамгийн сэтгэл догдлом мөчүүдийн нэг бол бэлэг солилцох үе. Сэтгэлээ шингээж бичсэн ил захидал, өөрийн гараараа урласан нандин бэлэг, хамгийн хэрэгтэй эд зүйлээр нь гэнэтийн бэлэг бариарай. Том ч бай, жижигхэн ч бай таны өгсөн бүхэн хайртад тань сайхан санагдаж, энэ өдрийг илүү утга учиртай, аз жаргалтай өнгөрүүлэх болно. Тиймээс сэтгэлээ шингээж бэлгээ бэлдэхэд л хангалттай.
4. БҮТЭЭЛЧ БОЛЗОО
Хоёр биеэ илүү таньж, хөгжилтэй цагийг өнгөрөөх хамгийн сонирхолтой арга бол бүтээлч болзоо хийх. Хамтдаа зураг зурах, ваар урлах, гар урлалын бүтээл хийх нь хөгжилтэй байхаас гадна дурсамжтай байна. Дараа нь хийсэн бүтээлээ харах төдийд л хайр мэдрэгдэх болно.
5. ТОГЛООМЫН ҮДЭШ
Валентин бол зөвхөн хосуудын баяр биш ээ. Хайртай хүн бүрдээ талархлаа илэрхийлж, халуун дулаан мэдрэмжээ хуваалцах өдөр юм. Тиймээс энэ үдшийг хөгжилтэй болгох хамгийн чухал зүйл бол мэдээжийн хэрэг тоглоом. Хөзөр, даалуу, хөлөгт тоглоом тоглох, багт хуваагдаад үг, кино, дуу таах зэрэг ямар ч тоглоом байж болно. Интернэт, цахим ертөнцөд байдаг хэдэн зуун тоглоомоос тоглож болохоос гадна цахим ертөнцөд алдартай челленжэд нэгдэж болох юм. Найз нөхөд, гэр бүлийнхэн эсвэл хайрттайгаа хамтдаа сууж инээд хөөр, өрсөлдөөн хосолсон нэгэн оройг сонирхолтой өнгөрүүлээрэй.
6. ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН “EXTREME БОЛЗОО”
Үсрэлт хийх, ууланд авирах, моторт дугуйтай аялал хийх эсвэл усан сэлэлтийн спортоор хичээллэх зэрэг дасал болсон болзоогоо мартаж, шинэ “Extreme болзоо”-г туршаад үзээрэй. Таны төсөөлснөөс илүү их гайхалтай мэдрэмжүүдийг өгөх болно.
7. ЦАГ ХУГАЦААНЫ МАШИН
Эхлээд бие биедээ зориулж захиа бичээрэй. Хэлэхийг хүссэн үг, хийж өгмөөр санагдсан зүйл, ирээдүйн өөрсдийгөө гээд хэлмээр байгаа бүх үгээ шингээж сэтгэлээсээ бичээрэй. Бас хамт авхуулсан зураг, нэгнээсээ авч байсан нандин бэлэг зэрэг та хоёрын хайрыг гэрчлэх ямар нэгэн зүйлээ бэлдээрэй. Дараа нь нэг сав олоод эднийгээ хадгалчих. Ингээд л бид бяцхан “Цаг хугацааны машин” бүтээчихлээ. Хэдэн жилийн дараах хайрын баяраараа гаргаж ирээд захиагаа уншиж, бэлгүүдээ үзэх мөчид тэр өдрийн хамгийн өхөөрдөм, гэгээлэг бэлэг байх болно шүү.
8. ОРОЙН ЗООГ
Валентины баярын үдэш сэтгэл догдлуулсан, мартагдашгүй байх ёстой. Харин үүнийг улам төгс болгох зүйл бол хайрттайгаа хамт тухтай, романтик оройн зоог барих мөч. Намуухан аялгуутай тансаг ресторанд амтат хоол идэнгээ улаан дарс шимж, хайрттайгаа ярилцаж суух нь хамгийн сайхан сонголт байх болно. Мөн хайртай хүндээ өөрийн гараар хоол хийж өгөх ч бас сайхан мөч байх болно. Хамгийн гол нь оройн хоол бол зөвхөн идэх төдий зүйл биш, харин халуун дулаан яриа өрнүүлж, бие биедээ хайр халамжаа мэдрүүлэх чухал үе гэдгийг санаарай.
9. ХОЛЫН ЗАЙН ХОСУУДДАА
Хайрын баяр нь хосуудын харилцааг улам бат бөх, сайхан болгодог онцгой өдөр бөгөөд хол байдаг хосууд ч гэсэн энэ өдөр хамтдаа сайхан мөчүүдийг бүтээх боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!