Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно


Т.Онон | YOLO.MN
2025-02-04

Улаанбаатар хот, Орхон аймаг гэсэн хоёр газар Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-24-нд зохион байгуулна.

Гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоон төрөлд өрсөлдөөн өрнөх бол наадмын үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын спорт багтлаа.

ГАЛХҮҮ: Монголын хүүхдийн өвлийн спортын наадмын бэлгэдэл нь уламжлал ёсоор “Галхүү” байна. Наадмын бэлгэдэл Галхүүг хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг бэлэгдсэн. Наадмын бэлгэдлийг багачуудад танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрийджээ.

ХААНА БОЛОХ: Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборт шайбтай хоккей, Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейк, Орхон аймгийн “Сархиа” цанын баазад уулын цана, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээн болно.

МӨНГӨН УРАМШУУЛАЛ: Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад алтан медаль 600 мянга, мөнгөн медаль 400 мянга, хүрэл медалийг 200 мянган төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал дагалдах бөгөөд нийтдээ 190 сая төгрөгийн мөнгөн шагналыг медаль авах тамирчин хүүхдэд, дасгалжуулагчдад олгох юм байна.

#өвлийн спортын VIII наадам