Өмнөд Солонгосын алдарт болзооны шоу болох “Single’s Inferno” нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирал эхэлж, аль хэдийн 6 ангийг үзэгчдийн хүртээл болгожээ. Netflix платформ дээр цацагдсан даруйдаа алдаршиж, дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчдийг байлдан дагуулж буй тус нэвтрүүлэг нь Netflix-ийн дэлхийн шилдэг 10 жагсаалтад багтсан цорын ганц Солонгосын реалити шоу юм.
Ингээд “Single’s Inferno” нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын оролцогчдын тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.
И Ши А: “Хуй салхи шиг хайрыг хүсэж байна”
Инстаграм хаяг: youseeany
И Ши А бол 25 настай, загвар өмсөгч. Ихэвчлэн спортын, чөлөөт загварын хувцас болон Samsung Galaxy, Fila, New Balance, COSRX зэрэг брендтэй хамтран ажилладаг. Тэрээр кпопын айдол болохоор бэлтгэгдэж байсан ч дэбют хийж чадаагүй байна. 2017 онд “Idol School”, 2018 оны “Produce48” шоунд оролцож байжээ. И Ши А багадаа усан сэлэлтийн тамирчин байсан бөгөөд одоо хоббигоо болгон үргэлжлүүлэн сэлж байгаа юм.
Түүний мууран нүд, дур булаам уруул, биеийн галбир нь хамгийн дур татам зүйл гэнэ. Харин хайр дурлалын тухайд харилцаанд бүтэлгүйтэж байсан удаагүй, дур булаам нэгнийг олох үедээ түрүүлж ойртдог шударга нэгэн. Мөн тамын арал дээр хүчирхэг нэгэнтэй уулзахыг хүсэж буйгаа илэрхийлсэн. И Ши А инстаграмдаа 273 мянган дагагчтай.
Ким Тэ Хван: “Ажлаас илүү хайрыг нэгт тавьдаг”
Инстаграм хаяг: keemtehwan
Ким Тэ Хван бол 33 настай. Өмнөд солонгосын загвар өмсөгч, жүжигчин, DJ мэргэжилтэй. Загвар өмсөгчийн хувьд GQ Korea, Vogue Girl Korea, L’Official Hommes Korea зэрэг сэтгүүлд гарч байжээ. Ким Тэ Хван өөрийгөө их хайрладаг, өөртөө итгэлтэй нэгэн. “Төрөлхөөсөө царайлаг байсан, хэрүүлийн үед ч хүмүүс царайг минь харж тайвширдаг” хэмээн хэлж буй үгсээс түүнийг хэр өөртөө итгэлтэйг харж болно.
Жүжигчний хувьд “My Amazing Boyfriend (2016)”, “The Bride of Habaek (2017)”, “Love Class (2022)” гэх мэт олон ангит кинонд дүр бүтээж байжээ. Тэрээр хайр дурлалын асуудлыг ажлаас нэгт тавьдаг гэдгээ шоунд оролцох үеэрээ илэрхийлсэн байдаг.
Жон Юү Жин: “Надаас байнга болзъё гэж гуйдаг”
Инстаграм хаяг: youjini1225
Жон Юү Жин бол 28 настай, “Ewha Womens” их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Одоо магистр сурч байгаа бөгөөд Homa Nomad компанид бүжгийн багшаар ажилладаг. Тэрээр усанд шумбах хоббитой. Усан дотор хөдлөх үедээ лусын дагина шиг санагддаг гэнэ.
Юү Жин өөрийгөө сэтгэл татам, дур булаам, өхөөрдөм, зальтай нэгэн хэмээн тодорхойлсон. “Single’s Inferno”-д оролцох үеэрээ тэр “Надаас байнга болзъё гэж гуйдаг. Найзуудын хурим дээр нэг дор 6 залуу намайг сонирхож байсан” хэмээн хэлжээ. Үүнээс нь түүнийг залуучууд дунд хэр алдартай байдгийг харж болно. Юү Жин таалагдсан хүнийхээ хажууд үсээ хажуу тийш нь илээд байдаг зуршилтай. Инстаграм хуудастаа 107 мянган дагагчтай аж.
Күк Дун Ху: “Таалагдсан хүндээ ойртож өөрийн болгодог”
Инстаграм хаяг: donghokook
Өөрийгөө өндөр нуруутай, тэмээ шиг нүдтэй хэмээн танилцуулж буй энэ залууг Күк Дун Ху гэдэг. Тэрээр 30 настай, нягтлан бодогч мэргэжилтэй. Гадаад төрхийн хувьд хүйтэн хөндий харагддаг ч үнэн хэрэгтээ халуун дулаан, зөөлхөн сэтгэлтэй нэгэн. Дун Ху таалагдсан эмэгтэйдээ ойртож, сэтгэлээ илчилдэг төрлийн хүн гэдгээ нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлсэн байдаг.
Ким Мин Сол: “Таалагдсан хүнийхээ төлөө ялах хэрэгтэй бол шийдэмгийгээр тэмцэнэ”
Инстаграм хаяг: kimminseol
Шоуны хамгийн өрсөлдөөнч эмэгтэй бол Ким Мин Сол. Тэрээр 23 настай, SPOTV мэдээллийн телевизэд спортын хөтлөгчөөр ажилладаг. Их сургуулиа жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2022 онд Fall For You, Café Minamdang зэрэг олон ангит кинонд дүр бүтээж байжээ.
Ким Мин Сол өөрийгөө өхөөрдөм гөлөг шиг царайтай хэмээн тодорхойлсон. Хэн нэгэнтэй дотносох үедээ өхөөрдөм гөлөг шиг энерги харуулдаг гэнэ. Мөн шийдэмгий, тэмцэгч гэдгээ ч илэрхийлсэн. Таалагдсан хүнийхээ төлөө ялах хэрэгтэй бол шийдэмгийгээр тэмцэж ялалт байгуулна гэж хэлсэн байдаг. Тэрээр инстаграм хуудастаа 62,5 мянган дагагчтай.
Жан Тэ У: “Би тооцоолдоггүй бас өөрийн болгох гэж хичээдэггүй”
Инстаграм хаяг: Tachyonproject
"Miss Independent Ji-eun", "A Man in a Veil", "The King of Tears", Lee Bang Won зэрэг олон кинонд дүр бүтээж үзэгчдийн танил болсон энэхүү залуу бол Жан Тэ У. Single Inferno шоуны хувьд ч хамгийн алдартай оролцогч байгаа билээ. Жан Тэ У одоо 29 настай, жүжигчин юм. Тэрээр англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглох дуртай гэнэ.
2024 онд дүр бүтээсэн “Oppa” киногоороо Азийн олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслолоос “Гадаад хэл дээрх шилдэг кино жүжигчин” шагналыг хүртэж байжээ. Жан Тэ У “Би бульдозер шиг нэгэн” хэмээн тодорхойлсон. Бульдозер гэдэг нь барилга, зам, газар шорооны ажилд ашигладаг хүчирхэг, олон зориулалттай хүнд механизмын машин юм. Тэрээр хүчирхэг, шулуун шударга зан чанартай гэдгээ уг машинаар дүрслэн харуулсан болов уу. Гадаад төрхийн хувьд бүх хүний сонирхол биш ч гэсэн муу залуус сонирхдог хүмүүс дунд алдартай гэнэ.
Бэ Жи Ён: “Хэтэрхий тооцоололтой нэгэнтэй болзохыг хүсдэггүй”
Инстаграм хаяг: bxxyon
Бэ Жи Ён “Single’s Inferno-4"-ийн хамгийн хөөрхөн хэмээн үзэгчдийн дунд алдаршаад буй. Нэвтрүүлгийн эхний өдрийг ганцаараа эхлүүлсэн ч сэтгэлээр унахгүй инээмсэглэсээр, хүчирхэг төрхтэй байсан нь үзэгчдийн анхаарлыг татаад амжжээ. Тэрээр 26 настай загвар өмсөгч. Ихэнхдээ их дасгал хийдэг болохоор галбиртаа итгэл дүүрэн байдаг гэнэ. Морь унах хоббитой бөгөөд салхи зүсээд явах үнэхээр зугаатай талаар дурдсан байна. Бэ Жи Ён “Миний сонирхол бол фитнес биетэй нэгэн. Ялангуяа мөрийг нь хардаг. Хэтэрхий тооцоололтой нэгэнтэй болзохыг хүсдэггүй” гэжээ.
Ким Жон Сү: “Таалагдсан хүн гарч ирвэл golden retriever шиг л аашилдаг”
Инстаграм хаяг: justsoo_it
Баргил хоолойгоороо бахархдаг энэ залууг Ким Жон Сү гэдэг. Тэрээр 33 настай бөгөөд Сөүлийн Сонсу, Ханнам зэрэг алдартай дүүрэгт байрлах таван кофе шоп, нарийн боовны кафе ажлуулдаг хөгжилтэй, эелдэг нэгэн. Мөн “Намайг дур татам болгодог зүйл гэвэл миний баргил хоолой. Хичээл зүтгэлээр авдаг зүйл биш. Тийм болохоор миний хүчтэй зэвсэг гэж бодож байна” гэжээ.
Ким Хе Жин: “Хэн нэгэн таалагдвал өөрийн мэдэлгүй ширтээд байдаг”
Инстаграм хаяг: 07_27__
2020 оны Солонгосын миссийн титмийг хүртсэн 26 настай энэ эмэгтэйг Ким Хе Жин гэдэг. Тэрээр загвар өмсөгч бөгөөд гоо сайхны сурталчилгаанд их тоглодог. Мөн алдартай брендүүдтэй хамтран ажилладаг байна. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг хөгжилтэй, таашгүй нэгэн хэмээн тодорхойлжээ.
Хайр дурлалын харилцааны хувьд түүний араас их хүн гүйдэг гэнэ. Олон ч хүн зурвас бичнэ. Харин өөрийнхөө татагдсан хүнийг санаандгүй ширтээд байдаг аж. Тэгэх үед нь залуус татагддаг аж. Ким Хе Жин сэтгэл хөөрсөн, баярласан үедээ гудамжинд ч бүжиглэчихдэг зоригтой нэгэн юм.
Юк Жүн Со: “Эгдүүтэй гэдэг үгийг их сонсдог”
Инстаграм хаяг: 6dory
Netflix-ийн алдарт цуврал “Sweet Home” кинонд дүр бүтээж, алдаршсан энэ залууг Юк Жүн Со гэдэг. Тэрээр 28 настай. Өмнө нь Солонгосын тусгай ажиллагааны нэгжийн UTD-н гишүүн байсан бөгөөд 2019 онд цэргээс халагджээ. Цэргээс халагдсаны дараа уран зураг, зураачийн мэргэжлээр сурч эхэлсэн. Ингээд өнгөрсөн жил өөрийн анхны бие даасан “Cranium” үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Хатуу, ширүүн мэт дүр төрхтэй ч олон хүн түүнийг эгдүүтэй хэмээн нэрлэдэг гэнэ. Мөн нэлээн болхи, хайхрамжгүй нэгэн аж.
Ким А Рин: “Харж байсан хамгийн хөөрхөн эмэгтэй гэж залуус их хэлдэг”
Инстаграм хаяг: arinin_dd
Ким А Рин бол 25 настай загвар өмсөгч. Мөн өөрийн гэсэн Youtube сувагтай бөгөөд 22 мянган захиалагчтай. Скейтбордоор хичээллэх дуртай. Тэрээр гаднаасаа ч дотроосоо ч сэтгэл татам нэгэнтэй уулзана гэж бодсон учраас уг нэвтрүүлэгт оролцож байгаа аж. Хүмүүс ихэвчлэн түүнийг хүйтэн, ганцаардмал санагддаг хэмээн тодорхойлдог ч уг хэрэгтээ хэл амаа ололцоход хялбар төрлийн хүн юм. Бага байхаасаа л хөөрхөн гэдэг үг их сонссон. Харж байсан хамгийн хөөрхөн эмэгтэй гэж залуус их хэлдэг гэнэ.
Пак Хэ Лин: “Намайг сээтгэнэх үед нөгөө хүн нь ичээд улайх юм бол би догдолдог”
Инстаграм хаяг: qkrgofls
Пак Хэ Лин бол нэвтрүүлгийн тавдугаар ангид шинээр нэмэгдсэн оролцогч билээ. Одоо 24 настай, Сэжонгийн их сургуулийг кино урлагийн чиглэлээр сурдаг. Тэрээр “Tarot” кинонд дүр бүтээж байжээ. Мөн тус кинонд нэвтрүүлгийн панелист, хоёрдугаар улирлын оролцогч Ким Жин Ён буюу Dex тоглож байсан юм.
Хэ Лин өөрийгөө тайван, өхөөрдөм, эелдэг нэгэн хэмээн тодорхойлсон. Түүнийг сэтгэл татам харагдуулдаг гол зүйл нь өндөр нуруу болон биеийн галбир аж. Хэн нэгэнд татагдах үедээ үнэхээр их сандарч, эвгүй байдалд ордог гэнэ. Мөн сээтгэнэх үед нөгөө хүн нь ичээд улайвал догдолдог төрлийн хүн гэжээ.
Эх сурвалж: NME, Marie Claire
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх