Б.Хадбаатар: Олон хүүхэдтэй нэг дор "зодолдох" л хамгийн хэцүү байсан


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-02-22

Өсвөр насныханд тулгарч буй асуудал болон тэдэнд ихэнхдээ тохиолддог үйл явдлыг харуулсан “Шилжилт” уран сайхны кино дэлгэцнээ гарч байгаа билээ.

“AirKreativ” студи болон “Бид хэд нэгдэл”-ийн хамтын бүтээл “Шилжилт” МУСК-ны гол дүрийн жүжигчин, 113-р сургуулийн сурагч Б. Хадбаатартай уулзаж сонирхолтой яриа өрнүүллээ.

YOLO: Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
Намайг Б.Хадбаатар гэдэг. Баянгол дүүргийн 113-р сургуулийн 12-р ангид суралцдаг.

YOLO: Нээлт нь болоод удаагүй байгаа “Шилжилт” уран сайхны киноны тухай сонирхуулбал?
AirKreative студи болон Бид хэд нэгдлийн хамтын бүтээл Б.Нямдаваа найруулагчтай “Шилжилт” МУСК маань 2011-2012 оны сурагчдын амьдралын хэв маяг болоод өсвөр насны гэнэн томоогүй хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан бүтээл байгаа юм. Уг уран бүтээлд миний бие Чингүүн хэмээх гол дүрийн хөвгүүний дүрийг бүтээсэн.

YOLO: Өсвөр насныханд зориулсан кино нэг үеэ бодвол их гарах болсон. Тэгвэл энэ бүтээлүүдээс ялгарах онцлог давуу тал нь юу юм бол?
Өсвөр насныханд зориулсан айкшин болон уянгын төрлийн кино гэдгээрээ их давуу талтай. Хайр л гараад байдаг эсвэл өс хонзон л гараад байдаг туйлшрамтгай байдлыг эвдэж тал тал тийш хандан тулаант хэв маягийг оруулж өгсөн.

YOLO: Кинонд дүр бүтээж дэлгэцэнд өөрийгөө мөнхлөн үлдээнэ гэдэг их сайхан зүйл шүү дээ. Амьдрал дээрх Б. Хадбаатар киноны дүрээсээ хэр ялгаатай вэ эсвэл адилхан уу?
Огт өөр бол биш мөн яг адилхан ч биш. Би амьдрал дээрээ ганц бие харин кинон дээрээ найз охинтой. Хичээл сурлагын хувьд Чингүүний дүр маань сургуулийнхаа урдаа барьдаг тэргүүний сурагч харин миний хувьд өөрийнхөө хэмжээнд өөрийгөө хөгжүүлээд явж чаддаг жирийн нэг сурагч.

YOLO: Зураг авалтын үеийн хүндрэл бэрхшээл юу байв?
Кинон дээр хоёр сургуулийн сурагчид хоорондоо зодолддог том зодооны хэсэг гардаг. Жихүүн салхитай, хүйт даасан тэр өдрүүдэд маш олон хүүхдийн зодооны хэсгийг авах гэж их цаг, хүч хөдөлмөр шаардсан нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Зодооны хэсгүүдийн турш зааж зааварчилж, найруулан, бэлтгэл сургуулилт хангуулсан хүн бол Уламжлалт тулааны спортын Ц.Болдбаатар ах. Сар гаруй хугацаанд бидэнтэй хамт байж зааж зааварчлан тус дэм болсон Ц.Болдбаатар ахдаа энэ дашрамд баярласан талархснаа илэрхийлье.

YOLO: Киноны трэйлерийг үзэхэд Б. Хадбаатар маань нэлээн эрх найз охинтой байх шиг харагдсан. Огт танихгүй, огт өөр үзэл бодолтой хүүхэдтэй хосууд болж жүжиглэхэд хүндрэл байв уу?


Найз охины маань дүрд тоглосон охиныг Ц.Цэлмэг гэдэг. Надад ер нь хүндрэл байгаагүй. Би өөрийгөө их нийтэч, хүмүүстэй хурдан дотносож найз нөхөд болж чаддаг гэж боддог. Энэ зан маань ч бас тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Зураг авалтын хугацаанд бид хоёр их сайн найзууд болж чадсан.

YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Ихэвчлэн дуу сонсож, кино үздэг. Хүүхэд л болсон хойно хааяа найзуудтайгаа дэггүйтнэ. Кино, жүжиг үзнэ гэх мэт. Ерөнхийдөө урлагтай салшгүй холбоотой өнгөрдөг дөө.

YOLO: Ирээдүйн зорилго хүсэл мөрөөдөл чинь юу вэ?
Кинонд дүр бүтээх нь миний багын мөрөөдөл байсан. Ингээд нэг мөрөөдөл маань ч болов биеллээ олсонд их баяртай байна. Одоо би төгсөх ангийн сурагч. Амьдралын анхны том алхмаа хийх гэж байна. Тийм ч учраас сургуулиа амжилттай төгсөн, хүссэн их сургуульдаа элсэн суралцахыг хүсэж байна. Учиргүй том зорилго тавих нь шантрал айдсыг дагуулдаг юм шиг санагддаг. Энгийн бүхэн агуу байдаг шүү дээ. Иймээс бүхнийг уулын бэлээс  нь эхлээд бага багаар оргил руу харъя л гэж бодож байна даа.


YOLO: Ихэнх хүүхдүүд кинонд тоглоно гэдэг надаас хэтэрсэн асуудал байх хэмээн хойш суудаг. Харин чи тэднээс ялгарч гарч ирж чадсан байна. Анх яаж энэ кинонд тоглох болсон бэ?
Анх фэйсбүүкээр киноны сонгон шалгаруулалт болно гэсэн мэдээг хараад шалгуулсан. Би анх өөрийгөө чадахгүй байхдаа гэж бодож байсан. Гэхдээ эцсийн эцэст мөрөөдөөд суух биш мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн нь л хожино гэж бодоод шалгуултал тэнцсэн. Эхлээд найруулагч маань надад “тэнцсэнгүй ээ” гэсэн хариу өгсөн. Хоёр хоногийн дараа дахин дуудаж Чингүүний дүрийг санал болгосноор энэ хамт олны нэг эд эс болсон билээ.

YOLO: Гэр бүлийнхэн чинь урлагт дуртай байгааг чинь хэр дэмждэг вэ?
Ер нь их дэмждэг шүү. Үр хүүхдээ муу яваасай гэж боддог эцэг эх байхгүй байх. Эцэг эх бүр л хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг шүү дээ. Үүний адилаар гэрийнхэн маань намайг үнэхээр сонирхолтой авьяастай бол хийж бүтээх хүсэл эрмэлзлийг нь дараад яах вэ гэсэн хандлагатай байдаг. Тиймээс тэд маань намайг сайн ойлгодог.

YOLO: Ирээдүйд ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж байна вэ?
Яг бодсон юм алга. Жүжигчин болж ч магад эсвэл арай өөр мэргэжлийг сонгож ч мэдэх юм.

YOLO: Урлагаар хүмүүжсэн хүн хэзээ ч муу хүн болдоггүй гэх гайхалтай үг бий. Урлаг чамайг хэрхэн хөгжүүлж хүмүүжүүлж байна вэ?
Урлаг гэдэг зүйл өөрөө хүнээс тэсвэр хатуужил, харилцааны соёл, үг хэллэг, үйлдэл бүрт хяналт шаарддаг шүү дээ. Би ч урлагаас эдгээрийг суралцаж байна, суралцсаар ч байх болно.

YOLO: Жүжигчин болохыг, өөрийгөө нээхийг хүсдэг хүүхдүүдэд хандаж хэлэх үг?
Урлаг их хатуу шалгууртай мэргэжил ч гэлээ үнэхээр хүсэж байгаа хүнд үүд хаалга нь нээлттэй байдаг. Хэдий болтол би чадахгүй гээд хойш суух вэ дээ. Чадахгүй гээд хойш ухраад байлгүй чадна хэмээн урсгалыг сөрж байгаарай. Амьдралд гарч ирэх өчүүхэн саад бүрт бүдэрч унаад шантралгүйгээр өвдгөө гөвөөд цааш алхах эрч хүчтэй байгаарай гэж хэлье.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
Баярлалаа

Чадахгүй гээд хойш ухраад байлгүй чадна хэмээн урсгалыг сөрж байгаарай. Амьдралд гарч ирэх өчүүхэн саад бүрт бүдэрч унаад шантралгүйгээр өвдгөө гөвөөд цааш алхах эрч хүчтэй байгаарай.

                                                                                                    Б.ХАДБААТАР

#Movie #teenagers #Freetime