Yolo.mn сайтын уншигч та бүхэндээ зориулан IMDb дээр хамгийн өндөр үнэлгээ авсан 10 Монгол киног танилцуулж байна.
IMDb гэдэг нь /Internet Movie Database/ гэдэг үгийн товчлол бөгөөд кино, телевизийн шоу нэвтрүүлэг, видео тоглоом, онлайн стрийминг зэрэг контентуудын талаарх бүхий л мэдээллийг багтаасан онлайн мэдээллийн сан юм. Тэд олон улсад гарч буй бүхий л киног хэрэглэгчдийн үнэлгээгээр үндэслэн рейтингээ гаргадаг аж. IMDb-д бүртгүүлсэн хэрэглэгчид тухайн киног 1-10 оноогоор үнэлнэ. Үүнийг дунджаар тооцоолон киноны үнэлгээг гаргадаг байна.
10. МАШ НУУЦ
IMDb үнэлгээ: 8.6
Нээлтийн огноо: 2015 он
Найруулагч: О.Бат-Өлзий
“Маш нууц” кино нь 1960-1970-аад оны цэрэг эрсийн амьдралын бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд хүн бүрийн заавал үзэх ёстой кино гэхэд буруудах зүйлгүй. Эл киноноос та цэргийн амьдралын анд нөхөрлөл, хайр дурлал, оны ялгаа, хал цэргүүдийн хэтрүүлсэн дэглэлт зэрэг хатуухан дүр зургуудыг үзэх болно.
Гурван жилийн хугацаатай цэргийн албыг хаах ёстой цэргүүд төр засгийн гэнэтийн шийдвэрээс болж халагдах өдөр дахин нэг жилээр хойшлогдож буйгаар кино эхэлнэ. Гэр бүл, үр хүүхэд, аав ээж рүүгээ яаран хоног тоолон хүлээж байсан тэд бухимдаж, шийдвэр эсэргүүцэн бослого гаргаснаар үйл явдал өрнөдөг.
9. БОДЛЫН ХУЛГАЙЧ
IMDb үнэлгээ: 8.6
Нээлтийн огноо: 2011 он
Найруулагч: Ж.Сэнгэдорж
Холливудад хөл тавьсан монголын анхны жүжигчдийн нэг болох Амарсайханы гол дүрд тоглосон уг кино нь “90 саяын” гэж алдаршсан Гансүхийн түүхээс сэдэвлэн бүтээгджээ. Уг киног шилдэг бүтээл хэмээн нэрлэхэд сайн найруулагч, сайн жүжигчдээс гадна бодит түүхийг кино зохиол болгон бичсэн Д.Төрмөнх зохиолчийн хөдөлмөр, ур чадвар багагүй нөлөөлсөн юм. “Бодлын хулгайч” нь хүний дотоод сэтгэл, бодлын зөрчил, хайр дурлал зэрэг сэдвүүдийг хөндсөн учир хүн бүхэн үзэх боломжтой.
8. ЭЭЖ
IMDb үнэлгээ: 8.7
Нээлтийн огноо: 2016 он
Найруулагч: Б.Эрдэнэцэцэг
Эл кино нь эх хүний агуу сэтгэлийг хамгийн сайн дүрслэн үзүүлсэн кинонуудын нэг гэж хэлж болно. Кино цацагдсанаас хойш Францын кино наадмаас Гранпри шагнал хүртэж, Лос Анжелес дэх Ази киноны наадмын шилдэг таван бүтээлийн нэгээр тодорч байжээ. Мөн Орос улсад болсон кино наадмаас МУГЖ Мэндбаяр шилдэг эмэгтэйн дүрийг хүртжээ.
Киноны үйл явдал 1986 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд өрнөнө. Ханд 69 настай, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд цэргийн алба хааж буй ганц хүүтэй. Гэвч харамсалтай явдал тохиож, түүний хүүг хүн амины хэрэгт буруутган яллана. Ханд хүүгийнхээ төлөө бүхий л мянга мянган бээрийг туулж, тэмцэхээр шийднэ.
7. ШАТ
IMDb үнэлгээ: 8.7
Нээлтийн огноо: 2019 он
Найруулагч: П.Золжаргал
“Шат” богино хэмжээний кино нь гэр хороололд амьдардаг үсчин болох мөрөөдөлтэй Сонор залуугийн түүхийг өгүүлнэ. Тэрээр хүсэл мөрөөдлийнхөө зүгт тэргэнцрээ жолоодон урагшилж буй хүн. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхойлолтоор тэр бол “хөгжлийн бэрхшээлтэй иргэн”. Сонор өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж гутралгүй мөрөөдлийнхөө төлөө үсчний сургалтад суухаар шийдсэн ч хэн ч түүнийг авсангүй. Харин ч дооглоостой. Ингээд түүний явах зам бүрд томоос том ШАТ тулгарч буйгаар үйл явдал өрнөнө.
Энэхүү киног бүтээх үйл явц, арын ажиллагаанд 10 гаруй даунтай залуус ажилласан байдаг. Мөн 2021 онд “Оскарын шилдэг кино” төрөлд нэр дэвшиж байжээ.
6. МОНГОЛ
IMDb үнэлгээ: 8.7
Нээлтийн огноо: 2023 он
Найруулагч: Б.Амарсайхан
“Монгол” кино нь нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч, сайшаагдаж байсан билээ. Дүр сонголт, зохиол, план тавилт, зураг авалтын шийдлүүд, өнгө сонголт, найруулга зэрэг бүхий л зүйл дээр үзэгчдийн урмыг хугалсангүй.
Үйл явдалд харц эр Монгол, угсаа залгамжилсан ноёны охин Сэрчмаад хайр сэтгэлтэй болсноор кино эхэлнэ. Монгол, Сэрчмаатайгаа ямар ч үнээр хамаагүй хамт байхыг хүссэн ч хувь заяа зөвхөн түүний гарт биш байв. Тэдний хайр дурлал шинэ цагийн төлөөх амь өрссөн тэмцэл рүү хөтлөх тавилантай байсныг хэн ч төсөөлөөгүй байлаа.
5. ТОМ ТОГЛООМ: ГУРВАН ЭРДЭНИЙН ЭРЭЛД
IMDb үнэлгээ: 8.8
Нээлтийн огноо: 2021 он
Найруулагч: Д.Болорцэцэг
“Том зургаан толгойт” хэмээх хүүхдийн киноны дараагийн үргэлжлэл болох тус кино нь найз нөхөрлөлийн үнэ цэний тухай өгүүлнэ.
Киноны үйл явдалд хэзээ ч салахгүй юм шиг нөхөрлөж байсан Баатараа, Золбоо хоёр Баатараагийн гэр нүүснээс болж нөхөрлөлд нь ан цав гарч бие биедээ гомдоно. Нөхөрлөлөө авч үлдэхийг түүний ах ятгаж уучлалт гуйхаар Хүслэнгийнд очоод санамсаргүйгээр нууцлаг ертөнц рүү очно. Үлгэр домогт гардаг зүйлсээр дүүрэн, зүүдний ертөнцөд гацсан Золбоогийн ховсыг тайлахын тулд хоёр найз гурван эрдэнийн эрэлд гарна.
4. 37-Р ТОЧКА
IMDb үнэлгээ: 9.0
Нээлтийн огноо: 2019 он
Найруулагч: Б.Тамир
Фантастик продакшны 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн, анхны телевизийн цуврал болох уг кино цацагдсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, Монголын кино урлагийн шинэ давлагааг эхлүүлсэн гэж үздэг.
“37-р точка” нь 1980-аад оны Улаанбаатарын “атаман”-уудын ертөнц, улс төрийн далд хуйвалдааны дунд өөрсдийн байр суурийг олохоор тэмцэж буй хөдөө орон нутгийн хэсэг залуусын талаар өгүүлэх гэмт хэрэг, драм төрлийн цуврал юм. Тэрхүү цаг үеийн амьдралыг маш бодитойгоор дүрслэн харуулсан, жүжигчид дүрдээ сайн орж тоглосон зэргээр үзэгчдэд үнэлэгджээ.
3. THE WOMEN
IMDb үнэлгээ: 9.2
Нээлтийн огноо: 2020 он
Найруулагч: Б.Отгонзориг
Энэхүү кинонд Алтан өндөр ууланд мал аж ахуй эрхлэн амьдрах Дагийна гэх эмэгтэйн түүхийг өгүүлнэ. Дагийна бол эр нөхрөөсөө бэлэвсэрч үлдсэн ч амьдралынхаа төлөө чадахаараа хичээж буй залуу эмэгтэй. Тэрээр хадам ээж Ерөөлт, 10 орчим настай хүү Идэр, сургуульд орох насны охинтойгоо хамт амьдардаг. Тэднийг бүгд орхин одож ганц гэрээр хэдэн малаа дагана. Хааяа нутгийн залуу ирж хатуу хүтүү ажилд нь дэм болох бөгөөд эмэгтэйг ойролцоох суурин газар руу хамт явъя гэж шална.
Эл кино Их британийн кино наадмаас СТА жүжигчин Ч.Ундрал “Шилдэг эмэгтэй гол дүр”, МУГЖ Т.Борхүү “Шилдэг туслах дүр” шагналуудыг авч байжээ.
2. АМЬДРАЛ
IMDb үнэлгээ: 9.2
Нээлтийн огноо: 2018 он
Найруулагч: Ж.Сэнгэдорж
Эрх мэдэл, эд хөрөнгөтэй аавтайгаа өссөн Хулан охин бага залуу насандаа юугаар ч дутаагүй, эрх танхил дур зоргоороо амьдарсан нэгэн. Тэрээр ганц хүүтэй бөгөөд хүү нь ойд төөрч ор сураггүй алга болсноор Хулан бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ. Нэгэнт алдаж орхисон амьдралаа эргүүлэн барьж авахаар шийдэн Хулан бүсгүй үсээ тайран дээл өмсөөд сунаж мөргөж хаа нэгтэйг зорино.
1. ХӨХӨӨ
IMDb үнэлгээ: 9.2
Нээлтийн огноо: 2020 он
Найруулагч: Ж.Жанчивдорж
Хөхөө шувууны домгоос санаа аван бүтээгдсэн уг кино нь эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулсан байдаг. Энгийн, хүний сэтгэлийн хөдөлгөхөөр зохиол мөн жүжигчдийн чадвар сайн байсан нь өндөр үнэлгээ авахад нөлөөлжээ.
Хөхөө уран сайхны кино нь 2020 онд “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын монгол кино хэсгийн “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртэж байсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх