Өмнөд Солонгос улсын “А” зэрэглэлийн жүжигчин гэгдэх Сон Жун Ки удахгүй нээлтээ хийх “Bogota: City of the Lost” кинонд гол дүр бүтээж байгаа билээ. Тэрээр өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 23-нд Сөүлд болсон нэгэн ярилцлагын үеэрээ кино болон гэр бүлийнхээ нандин харилцааны тухай хуваалцжээ.
Сон Жун Ки өнгөрсөн оны нэгдүгээр сард Их Британийн жүжигчин Кэти Луис Сондерстэй гэрлэсэн бөгөөд хүү, охинтой. Охин нь төрөөд нэг сар л болж байгаа юм.
Тэрээр “Миний хүүхдийн зургийг үзмээр байна уу” хэмээн сэтгүүлчдэд хандан зургаа үзүүлээд “Хүүхэдтэй болоход хариуцлага маш их нэмэгдсэн. Юу нь тэгж өөр мэдрэмж төрүүлээд байгааг мэдэхгүй ч охиноо тэврэхэд хүүгээ тэвэрч байсан үеэс тэс өөр мэдрэмж төрж байсан. Магадгүй энэ мэдрэмжийг хэзээ ч мартахгүй байх. Бяцхан охин маань эрүүл саруул өсөж, эхнэрийн минь биеийн байдал сайжирч байгаа” хэмээн хэлэв.
Мөн тус кинондоо зориулж Испани хэл сурч байгаа бөгөөд хэлээ сайжруулахын тулд өдөр тутамдаа эхнэртэйгээ испани хэлээр харилцаж байгаа тухайгаа ч нэмж дурдав. Сон Жун Ки “Би эхнэртэйгээ гэртээ испани хэлээр их ярьдаг. Эцэг эхчүүд ойлгох байх, манай хүүхэд нэгэн өдөр испаниар надаас илүү сайн ярих болно. Би тэднээс хоцрохыг хүсэхгүй байгаа болохоор испани хэлээ сайжруулахын төлөө хичээж байна” гэжээ.
Тэрээр кино, телевизийн бүтээлд гэгээлэг дүр бүтээсэн бол дараагийн төсөлдөө адал явдалт, амаргүй дүр сонгохыг хичээж аль болох өмнөхөөсөө өөр дүр сонгохыг эрхэмлэдэг гэнэ.
“Нарны үр сад”, “Vincenzo”, “Reborn Rich”, “A Werewolf Boy”, “Arthdal Chronicles” зэрэг төрөл бүрийн жанраар чадварлаг хувирдаг тэрээр энэ удаад ч өөр нэгэн хүчирхэг дүрээр эргэн ирэх бололтой. Түүний тоглосон “Bogota: City of the Lost” кино нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд үзэгчдэдээ хүрэх бөгөөд гэмт хэрэгтэй холбоотой кино аж.
Эх сурвалж: The Korean Times, Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх