2024 оныг үр бүтээлтэй үдэхэд туслах 10 өдрийн “CHALLENGE”


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Шинэ он аль хэдийн хаяанд иржээ. Таны хувьд энэ жил хэр үр бүтээлтэй өнгөрөв?

2024 оноо илүү үр бүтээлтэй үдэж шинэ онд өөртөө итгэлтэй, урам зоригтойгоор хөл тавихад туслах 10 өдрийн “CHALLENGE”-ийг танд санал болгож байна.

Өдөр 1: Эрүүл хооллолт

Бид эрүүл хооллох тухай боддог ч гэсэн төдийлөн биелүүлдэггүй шүү дээ. Тиймээс та энэхүү чалленжийн дагуу нэг өдрийг эрүүл зөв хооллож өнгөрүүлээрэй. Хагас боловсруулан хоол хүнс болон түргэн хоол, чихэрлэг амттан, хиам, зайдас зэргээс зайлсхийж ногоо жимсээр баялаг хоол хүнс түлхүү идэх хэрэгтэй. Хоолоо хийхдээ хуурч, шарж идэхээс илүүтэй жигнэж болговол тустай.

Өдөр 2: Цахим орчноос татгалзах

Өнөөгийн нийгэмд цахим орчин хэрэглэхгүй байя гэж бодсон ч шаардлагатай нөхцөлийн дагуу хэрэглэх хэрэгтэй. Гэсэн ч та өөрийн хэрэглээгээ хянаж, амарч байгаа нэг өдрөө цахим орчноос татгалзаарай. Энэ нь танд маш том амралт болох болно.

Өдөр 3: Байгальд цаг өнгөрүүлэх

Өдрөөс өдөрт ихсэж буй энэ их утаанаас нэг ч гэсэн өдөр холдож, эрүүл цэвэр агаарт гараарай. Байгалийн сайхныг мэдрэн гэр бүлийнхэн, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх нь сэтгэл зүйд эерэг нөлөөтэй.

Өдөр 4: Дасгал хөдөлгөөн

Энэ өдөр та биеэ сэргээж, эрч хүчээ нэмэхийн тулд дасгал хийгээрэй. Заавал дасгал хийх биш 10,000 алхам алхсан ч болно. Ямартай ч бусад өдрүүдийг бодвол илүү биеийн хөдөлгөөнтэй байх ёстой шүү.

Өдөр 5: Гэрээ цэвэрлэх

Таны амьдарч буй орчин цэвэрхэн, эмх цэгцтэй байх нь зөвхөн эрүүл мэнд төдийгүй сэтгэл санаа, бүтээлч байдалд эергээр нөлөөлдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс амьдарч буй гэр, ажлын шүүгээ эсвэл нэг өрөөгөө цэгцлээрэй. Таны анзаарч байгаагүй хэрэггүй зүйлс их байх болно.

Өдөр 6: Санхүүгээ хянах

Хүн бүр өөрийн санхүүгээ төдий чинээ анхаарч, хянаж байдаг билээ. Гэхдээ энэ өдрийн чалленжээр та жилийн санхүүгээ нэг тооцоод үзээрэй. Орлого, зарлага нь хэр байна, ямар зүйлд хэрэггүй мөнгө зарсан гээд санхүүгээ хянаарай. Хуримтлалгүй бол хадгаламж нээгээд үзэхэд буруудах зүйлгүй шүү.

Өдөр 7: Шинэ зүйл сурах

Өмнө нь оролдож үзэж байгаагүй шинэ зүйлээ энэ өдөр заавал оролдоод үз. Хэдий шинэ зүйл “чадах болов уу” гэсэн айдас дагуулдаг ч айдсаа даван хичээгээд үзэх хэрэгтэй. Заавал том зүйл байх албагүй. Шинэ хоол хийх, хоолны жор зохиох, зураг зурах, хэл сурах зэрэг ямар ч зүйл байж болно. Энэ өдрийн төгсгөлд та өөрөө бахархах болно гэдэгт итгэлтэй байна.

Өдөр 8: Сэтгэлийн амар амгалан

Стрессгүй хүн гэж үгүй. Бүгд л ямар нэгэн байдлаар бухимдаж, уцаарлана. Тэрхүү уураа дарахын тулд сэтгэлээ илүү тайван байлгах хэрэгтэй. Өнөөдрийн чалленж таныг сэтгэлээрээ амар амгалан байхад туслах болно. 10 минут бясалгал хийх, амьсгалын дасгал хийх эсвэл зүгээр л тайван хөгжим сонсож өөрийгөө амраахыг хичээгээрэй.

Өдөр 9: Төгсгөлгүй “Баярлалаа” гэж хэлэх

Өөрийн амьдралд байгаа сайхан бүхэнд талархаж, энэ онд шинээр танилцсан танилууд, ойр дотны гэр бүлийнхэн, найзууддаа талархлаа илэрхийлж, баярлалаа гэж хэлээрэй. Баяртай, гунигтай, сайн муу олон өдрүүдийг давж энд ирсэн өөртөө бас талархаарай.

Өдөр 10: Эцэст нь өөрийгөө эргэцүүлэх

Өнгөрсөн жил юу сурсан, юу хийж амжуулсан, ямар амжилт гаргасан, юун дээр алдсан гээд эргэцүүлэн бодоорой. Харин дараа нь ирэх онд ямар зорилготой урагшлах вэ гэдгээ товч тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Ингэснээр өнгөрсөн жилийн алдаанаасаа суралцаж, ирэх оны зорилгоо илүү тодорхой болгоход туслах юм. Зорилгоо төлөвлөх нь амжилтад хүрэх хамгийн эхний алхам байдаг шүү.

#10 өдрийн “CHALLENGE”