Нүдний зовхи таталдах нь хэвийн үү? + Зогсоох арга


YOLO.mn | YOLO.MN
2024-12-04

Заримдаа нүдний зовхи хэдэн өдрөөр таталддаг. Тийм их өвдөлттэй зүйл биш хэдий ч олон хоног таталдахад өөрийн эрхгүй залхдаг. Тэгвэл энэхүү нийтлэлээр нүдний эмч, мэргэжлийн хараа зүйчид зовхи таталдах үзэгдлийг хэрхэн тайлбарласныг хүргэж байна.

 Яагаад?

Нүдний зовхин дахь үргэлжилсэн булчинд зангиралт үүссэнээр зовхины арьс таталдаж байгаа мэт мэдрэмж төрдөг. Энэ үзэгдлийг анагаахын шинжлэх ухаанд “Зовхины миокимиа” гэж нэрлэдэг бөгөөд ихэнх тохиолдолд нүдний доод зовхи таталддаг аж.

Энэ үед хүний аль нэг нүдний зовхи таталддаг. Баруун зүүн эсвэл зүүн баруун гэх зэргээр ээлжлэн таталдах боломжтой буюу хоёр нүдний зовхи нэгэн зэрэг таталддаггүй.

Гэхдээ их олон хүчин зүйлийн нөлөөтэйгөөр зовхи таталддаг тул мэргэжлийн эмчид хандахаас нааш шалтгааныг тодруулах амаргүй. Жишээлбэл, зарим тохиолдолд нүдний линз, нүдээ нухсанаас болоод таталдаж болдог. Нөгөө талаар стресс, нойр дутуу явах, кафейны өндөр хэрэглээ, олон цагаар дэлгэц ширтэх зэрэг ч бас нөлөөлдөг. Ерөнхийдөө энэ бол чамд амралт хэрэгтэй байгааг сануулж буй дохио юм.

 Болиулах арга?

Нэгэнт нүдний зовхи таталдаж эхэлсэн тохиолдолд богино хугацаанд болиулах арга байхгүй. Гэвч зовхи таталдах нэгэн шалтгаан нь нүдний хуурайшилт тул хиймэл нулимс, нүдний дусаалга зэргийг хэрэглэх нь үрэвслийг намдаахад туслах боломжтой. Мөн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар усанд орж байхдаа зовхиндоо массаж хийх, унтахынхаа өмнө зовхио бүлээн алчуураар бигнэх, сайтар унтаж амрах, стрессээ хянах арга хэмжээ авах нь үр дүнтэй гэжээ.

 Хэзээ эмчид хандах?

Энэ үзэгдэл хэдэн цагаас хэдэн өдөр, цаашлаад хэдэн сараар ч тохиолдох боломжтой. Тиймээс зовхи чинь удаан хугацааны турш таталдахаас гадна бие махбодод чинь нэмэлт шинж тэмдгүүд илэрч байвал нүдний эмчид хандах хэрэгтэй.

Мөн нүд улайх, зовхи унжих, нүүрний бусад хэсгээр таталдах, хоёр нүдний зовхи зэрэг таталдах зэрэг нь ноцтой өвчин эмгэгийн шинж тэмдэг байх магадлалтай тул илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй аж.

 Урьдчилан сэргийлэх

Кафейныг ихээр хэрэглэх нь булчин зангирахад хүргэдэг тул өдөрт хэрэглэх кафейны хэмжээг багасгах нь зовхи таталдахаас урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх боломжтой. Өдөрт хамгийн ихдээ л хоёр аяга кофе уух нь тохиромжтой. Нойроо хангалттай хэмжээнд авч, өөрийгөө аль болох стрессдүүлэхгүй байхаас гадна:

- Төмс, гадил зэрэг потассиумаар баялаг хүнс
- Хүнсний ногоо, бүтэл үр, шош, самар, загас зэрэг магнигаар баялаг хүнс
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, хар ногоон өнгийн навчит ногоо зэрэг кальциар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй.

#Эрүүл мэнд #Зовхи таталдах