Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургууль мэргэжил сонголтыг байгалийн шинжлэх ухаан, инженер технологи руу чиглүүлэх зорилгоор UNIVERSUM SAPIENTIAM арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. UNIVERSUM SAPIENTIAM нь ертөнцийн цэцэн мэргэн ухаан гэсэн утга бүхий латин үг юм.
Орчин цагийн хүүхэд залуусын сонирхол чиг хандлагад тохирсон илтгэл лекцийг салбартаа тэргүүлэгч, шилдэг мэргэжилтнүүд уншиж танилцууллаа. Үүнд:
МУИС-ийн физикийн тэнхимийн дэд профессор, Нано хиймэл технологийн дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч Түмэнжаргалын ТӨРТОГТОХ
-Шинжлэх ухааны мэргэжлийг сонгох нь ямар давуу талтай вэ?
-Шинжлэх ухаан өөрчлөгддөг зүйл биш. Харин технологи өөрчлөгддөг, байгалийн хууль өөрчлөгдөхгүй. Тиймээс шинжлэх ухааны суурь мэргэжлүүд үргэлж хэрэгтэй. Үүн дээр дөрөөлж технологи, нийгэм хөгждөг. Тиймээс энэ мэргэжлээр сурсан хүмүүс хэзээ ч хаягдахгүй, гологдохгүй.
-Орон тоог яавал нэмэгдүүлэх бол?
-Шинжлэх ухаан хэцүү гэсэн хандлагаас үүнийг сонгох хүмүүс цөөрлөө. Зөвхөн Монгол Улсад ч биш дэлхийн өндөр хөгжилтэй улсад ч энэ чиглэлээр суралцах хүмүүс бага байна.
Үндсэн шалтгаан манай улсын хувьд ажлын байр, цалин, төр засгийн анхаарал юм. Гэтэл ирээдүйд хамгийн өндөр орлоготой байж болохуйц хүмүүс бол шинжлэх ухааны суурьтай, нийгмийн ухаантайгаа хосолсон салбар дундын мэргэжлүүд юм. Тиймээс ирээдүйг харж сонголт хийх үү, өнөөдрийг харж сонгох уу гэдгийг бодох хэрэгтэй.
Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн зочин судлаач, жендер судлалын доктор Бэгзийн АНХБАЯР
-Жендерийн асуудал яагаад чухал вэ?
-Бүх салбарт жендертэй холбоотой асуудлууд үүсэж байна. Эрх мэдэл, удирдах шатанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоо, ажлын талбар дээрх хамт олны хүйсийн харилцаа гээд бүх зүйлд жендерийн асуудал бий.
Жендер хүний эрхийн асуудал учраас улс орон даяар бүх салбарт жендерийн асуудал байна.
Судлаачид орон даяар судалгаа хийдэг. Хүмүүстэй уулзаж жендерийн ерөнхий ойлголтын тандалт судалгаа хийдэг юм.
Жендерийн тэгш байдал гэсэн үгийн ард эмэгтэйчүүдийн асуудал байдаг гээд нийтээрээ ойлгосон. Тиймээс үүнд эрэгтэйчүүд оролцдоггүй. Эрэгтэйчүүд оролцохгүй болохоор энэ асуудал ахихгүй.
Жендерийн тэгш эрхийн ард аль ч хүйсийн асуудал бий. Жендерийн ард эрэгтэйчүүдийн асуудал байна гэдгийн хүмүүс огт ойлгохгүй байна.
Өнөөдөр гарын үсэг зурж, тамга даран, асуудал шийдэж буй дарга нарын 95 хувь нь эрэгтэйчүүд. Тиймээс эрэгтэйчүүд жендерийн асуудалд яаж хандах нь тэдний энэ талын мэдлэг хэр байгаагаас шууд хамааралтай болно гэсэн үг.
Үүнийг шийдэхийн тулд дунд сургуульд жендерийн хөтөлбөртэй байх ёстой. Хэдий чинээ эрт жендерийн тэгш эрхийн тухай ярьж ойлгуулна төдий чинээ хурдан асуудал цэгцэрнэ гэсэн үг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх