Аав нь гэрийн ажил их хийдэг бол охин нь АМБИЦТАЙ болж төлөвших магадлал өндөр


YOLO.mn | YOLO.MN
2024-11-29

Хүүхдэд ээж аавынх нь хэлдэг сургаал, зөвлөгөө зэргээс илүү хийсэн үйлдэл нь ихээр нөлөөлдөг нь нэгэн судалгаагаар тогтоогджээ.

Британийн Колумбын их сургуулийн багийнхны хийсэн судалгааны ажлын үр дүнд аав нь аяга таваг болон хувцас угаах, хоол хийх зэрэг гэрийн ажилд тогтмол хийдэг бол охид нь карьерын хувьд хүсэл эрмэлзлээр дүүрэн, санаачилгатай, идэвх зүтгэлтэй нэгэн болж төлөвших хандлагатай нь ажиглагджээ.

Судалгааг удирдан явуулсан судлаач Alyssa Croft, “Эцэг эх нь гэр цэвэрлэх ажлыг хүйсээр ялгалгүй хийх ёстой гэдгийг үлгэрлэн харуулснаар хүүхдүүд карьерын өргөн цар хүрээ бүхий сонголтоос мэргэжил сонголтоо хийж чаддаг. Хэдийгээр жендэрийн эрх тэгш байдалд ээжийн харах өнцөг чухал хэдий ч аавын энэ үйлдэл юу юунаас илүү хүчтэй нөлөөлдөг нь тогтоогдлоо.

Судалгааны хүрээнд олж харсан бас нэгэн сонирхолтой үзэгдэл бол аав нь жендэрийн тэгш байдлыг дэмждэг ч гэрийн ажилд бага оролцдог охид ирээдүйд сувилагч, багш, гэрийн эзэгтэй зэрэг нийгэмд “эмэгтэй хүн хийдэг” гэсэн хэвшмэл ойлголтыг өгсөн мэргэжилтэй болох мөрөөдөлтэй байжээ. Харин гэрийн ажилд оролцох хувь өндөртэй аавуудын охид сансрын нисгэгч, далайн гүний судлаач, геологич, цагдаагийн ажилтан, мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин зэрэг “gender-neutral” буюу аль ч хүйсийн хүн эрхлэх боломжтой ажлын байруудыг сонирхож байсан” хэмээсэн юм.

Эх сурвалж: CBC

#Сонин хачин #Судалгаа