ФОТО: Хичээлээс гадуурх үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөг боллоо


Б.Нямдарь | YOLO.MN
2024-11-28

Хичээлээс гадуурх хөтөлбөр, сурагчдын сайн дурын клубыг олон нийтэд таниулах, сурталчлан түгээх "ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГ" өнөөдөр /2024.11.28/ боллоо.

Өдөрлөгийг АНУ болон Монгол улсын хооронд байгуулсан "Хүүхэд хамгааллын компакт" түншлэлийн хүрээнд АНУ-ын Төрийн Департментын санхүүжилтээр Азийн Сан болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Ерөнхий боловсролын  сургуулийн 300 cурагчийг хамарсан уг өдөрлөгийн зорилго нь хүүхдийг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ерөнхий ойлголтыг түгээн дэлгэрүүлэх мөн хүүхдийг өөртөө итгэлтэй, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй, нийгмийн олон талт харилцаанд зохицон, бусдыг манлайлж, хамт олны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч, санаачилгатай, эх оронч үзэлтэй хувь хүн болон хөгжихөд дэмжлэг үзүүлэхэд чиглэлээ.

Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага нь тэдний бие хүн болж төлөвших, нэгэндээ үлгэрлэх,  мэдлэг мэдээлэл хуваалцах, аливаа эрсдэл, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахад ихээхэн ач холбогдолтой билээ. Энэхүү өдөрлөгөөр сургуулиудын дэргэдэх сурагчдын клубийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдэнд арга зүйн дэмжлэг үзүүлж, клубийн гишүүд туршлага солилцож байв.

ЕБС-иудад хэрэгжиж буй клубийн үйл ажиллагааны танилцуулга, хичээлээс гадуурх үйл ажиллагааг тогтвортой байдлыг хангах, сайжруулах салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, тэндээс гарсан саналыг Боловсролын ерөнхий газарт өргөн барив.

Хичээлээс гадуурх үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөгт дараах клубууд оролцож клубийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

1.    Ухаалаг хөтөч клуб
2.    Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой клуб
3.    Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал хөтөлбөр
4.    Импакт плас
5.    Оролцоод хөгжье
6.    Өсвөрийн аврагч
7.    Сэтгүүлч хүүхэд
8.    Судлаач хүүхэд
9.    Сайн иргэн
10.    Монголын хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаа
11.    Монголын скаутын холбооны үйл ажиллагаа

"ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 84 КЛУБИЙН 1900 ГАРУЙ ХҮҮХДИЙГ ХАМРУУЛААД БАЙНА"

Хүүхэд хамгааллын түншлэлийн кампакт төслийн захирал Б.Цогбаяр:
- Бид өнөөдөр уг өдөрлөгөөр хичээлээс гадуурх үйл ажиллагаа хүүхдүүдэд ямар ач холбогдолтой болон хүүхдүүд хамрагдах ямар боломж байдаг талаар танилцуулга хийлээ.

АНУ-ын Төрийн Департамент болоод Монгол Улсын Засгийн хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн кампакт гэрээний хүрээнд Дэлхийн зөн, Азийн сан, Анбаунд Монгол ТББ зэрэг байгууллагууд хамтран "Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхдийг хамгаалах нь" төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд бид энэ төрлийн гэмт хэргээс хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр зохион байгуулж байгаагийн нэг нь сургуулийн орчинд суурилсан хөтөлбөр юм. Үүнийг бид олон улсын болон үндэсний туршлагад үндэслэн сургуулиудад "Ухаалаг хөтөч", "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой", "Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдал" гэсэн гурван хөтөлбөрийг зохион байгуулж байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд 64 сургуулийн 84 клубт хэрэгжүүлсэн дээрх хөтөлбөрийн хүрээнд 1900 гаруй хүүхдийг хамруулаад байна.

"ХҮҮХДҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ ОЛОН НИЙТ БОЛОН БОДЛОГО ГАРГАГЧДАД ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ"

Нийслэлийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ:

- Дэлхийн Зөн Монгол ОУБ, Анбаунд Монгол ТББ-тай хамтран 2022 оноос эхлэн Хүүхэд хамгааллын кампакт төслийн хүрээнд Ухаалаг хөтөч, Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой, Х хөтөлбөрийг нийслэлийн таван дүүргийн 80 гаруй сургууль дээр хэрэгжүүлж, клубууд үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн арга хэмжээг Дэлхийн Зөн Монгол ОУБ, Боловсролын ерөнхий газар, Анбаунд Монгол ТББ-тай хамтран "Хичээлээс гадуурх үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөг"-ийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр нийслэлийн ЕБС-иудын клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэднийг сургалтын арга зүйгээр хангах юм.

Цаашид хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдүүдийн дуу хоолойг олон нийт болон бодлого хөтөлбөр гаргагч байгууллагуудад хүргэхэд чиглэн энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдүүд өөрсдийн аюулгүй байдал аливаа эрсдэлээс хамгаалах мэдлэгээ нэмэгдүүлэх, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын оролцоог сайжруулах, клубийн суралцагчид дундаасаа нэг санал гаргаж түүнийгээ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хүргэн, нэгдсэн уялдаа холбоотой ажиллах юм.

Хүүхэд хамгааллын түншлэлийн кампакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн хүрээнд "Өөдрөг амьдар, өөрийгөө ургуул" уриатай хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн эсрэг "Мөрөөдлийнхөө зүг" мэдээллийн аян Монгол орон даяар явагдаж байна.

Энэхүү аяныг АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Дэлхийн зөн Монгол Улсын байгууллага хамтран олон нийтэд хүргэж байна.

"Мөрөөдлийнхөө зүг" кампанит ажил нь олон нийтэд хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

#Мөрөөдлийнхөөзүг #Өөдрөгамьдарөөрийгөөургуул #Мэддэгмэдээлдэгбайя #Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье #Тасланзогсооё #Хамтдаадавантуулъя #Хянамгайбайя