Яруу найрагч Б.Лхагвасүрэн: Би ганцхан чам руу татсан шулуун чавхдас


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-11-28

Энэ удаагийн нийтлэлээрээ яруу найрагт дуртай уншигчдадаа зориулан Б.Лхагвасүрэн яруу найрагчийн “Хайрын Мадригал”, “Чамдаа хайргүй байхын аргагүй”, “Хайрын батлан даалт” хэмээх гурван шүлгийг хүргэж байна.

Хайрын Мадригал

Би ганцхан чам руу татсан шулуун чавхдас
Чи ганцхан над руу татсан шулуун чавхдас
Намайг чамайг атгасан
Үй түмэн галт хараацай
Судасны минь доргионд үсчинэ.
Газар тэнгэрийн оньсого таалцана.
Намайг чамайг мөргөсөн
Үүл тэнгэрийн навчис
Зүрхний минь илдэнд сэмэрнэ.
Зүүд эгээрлийн хязгааргүйд хийснэ.
Чам руу татсан шулуун чавхдас гэмээнэ би
Над руу татсан шулуун чавхдас гэмээнэ чи
Чамдаа хазайн үгүй хүрч
Наддаа хазайн үгүй ирж
Би цэнхэр өнгөтэй
Чи цагаан өнгөтэй
Хос шулуун болно
Хүслээ элдэн одно.
Хуурын чавхдас мэт бидэн хоёр дээр
амьдрал
Тэнгэрийн заадас шиг эрмэг хөвчөөр
Туульс хайлна.
Үүлтэй тэнгэр, газарт орон зайгаа булаалгаж
Үхэхийн цаг ирэхэд
Бидэн хоёр
Бие биедээ шингэн огтолцоно.

Чамдаа хайргүй байхын аргагүй

Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа
Санаан зоргоороо хоёулаа эрхэлж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Хайрын батлан даалт

Миний чамд хайртай минь үнэн
Мэн гашуун давс мэт үнэн
Хур нар хоёрт хат суусан
Эрмэг хэцийн чулуу шиг үнэн
Хурмастын элгэнд тохиож төрсөн
Эрхсийн зургаан мичид шиг үнэн
Уулс гаднаа бууралтаж
Дотроосоо ургадаг шиг үнэн
Ус урссаар хөлдөж
Урсаж гэсдэг шиг үнэн
Миний чамд хайртай минь үнэн.

Он жилүүдийн эгшилэнт хүлэг морин
Орших оршихуй хоёр хосолсон
Ардын дуу шиг үнэн
Өнгө сүүдэр ээлжилсэн ертөнцийн
Өдөр шөнө хоё шиг үнэн
Дэлхий тэнхлэгээ эргэх шиг үнэн
Дээд шаргал гараа дагах шиг үнэн
Миний чамд хайртай минт үнэн
Гантиг болон мөнхөд царцахын өмнөх
Ганц халуун эгшиг, эцсийн амьсгал шиг үнэн
Гадаа цантах хүлгийн чих хамайтал чаргаж
Гараараа тэнгэр самардан хүн төрөх шиг үнэн
Миний чамд хайртай минь үнэн

#шүлэг #яруу найраг #Б.Лхагвасүрэн