Найз минь намайг зарчихсан байсан...


YOLO.mn | YOLO.MN
2024-11-25

Хүн худалдаалах гэмт хэрэг болох бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч болсон нэгэн эмэгтэйн бодит түүхийг та бүхэнд хүргэж байна.

"Би аз жаргалтай, амар тайван амьдарч байсан. Ресторанд зөөгчийн ажилтай. Цалингаа амьдралдаа хүргээд. Өглөө, орой автобусанд суугаад ажилдаа ирж, очно. Амьдрал болж байсан. Аа гэхдээ энэ амьдралаа голж, гоё сайханд тэмүүлж яваад алдсан цаг хугацаа надад бий...Кинон дээр л гардаг зүйл мэтээр хүлээж авдаг гэмт хэргийг би өөрийн биеэр мэдэрсэн. Яаж гэж үү?  

Нэг өглөө автобусанд арван жилийн ангийнхаа охинтой таарлаа. Бид хэдэн буудал яваад утасны дугаараа солилцсон. Тэгээд нэг орой ажлаа тараад бид 2 уулзлаа. Ганц, нэг шар айраг ууж нэлээд дотноссон.

Тэр их дэгжин. Бас мөнгөнд ер санаа зовдоггүй. Хүсвэл намайг өөртэй нь хамт ажиллаж болно шүү гэсэн. Тэгээд би бодсон л доо. Хүн ийм гоё амьдарч байхад би өнөөдөр идэх хоолныхоо л төлөө зүдэрч байх гэж гээд.

Анх таарахад танил төдий байсан бид дотно найзууд болсон байлаа. Тэр надад гадаад явж хамт ажиллах санал тавьсан, би ч ажлаасаа гарсан. Найз маань эхлээд би очоод байж байя, чи араас хүрээд ирээрэй гэсэн. Нисэх өдрөө надаар ч гаргуулаагүй. Сарын дараа над руу холбоо барьж, үнэхээр сайхан байгаа, маш өндөр цалин авч байгаагаа ярьсан. Ингээд миний ээлж ирж, хилийн дээс алхлаа.  

Онгоцны буудал дээр буухад найзын маань оронд огт танихгүй эмэгтэй тосохоор ирсэн байв. тэр эмэгтэй бүртгэл хийлгээд ирье гээд миний паспортыг авч явсан, дараа нь бид хамт нэг тийшээ явсан.  

Энэ өдрөөс хойш би найзыгаа ч паспортоо ч олж хараагүй. Нэг жижигхэн умгар өрөөнд очсон. Тэндээсээ гарах эрхгүй... ар араасаа орж ирэх үйлчлүүлэгчид. Тэр цаг хугацааг би ярих битгий хэл дурсахыг хүсдэггүй. Гэхдээ энэ удаад бусдад анхааруулга болгох гэж хуваалцлаа. Ингэж л би бэлгийн мөлжлөгт өртсөнөө ойлгосон.  

Гэхдээ би эх орондоо буцаад ирж чадсан. Нэг үйлчлүүлэгчийн утсаар хил дээр тараасан хуудсанд байсан дугаарт хандсанаар хуулийн байгууллагынхан намайг олж, аварсан. Нөгөө найз уу, найз тийшээ яваагүй юм билээ, намайг л зарчихсан байсан. Өнөөдөр би өөрийн гэр бүлээ зохиож, хөөрхөн үрстэйгээ аз жаргалтай амьдарч байна" гэсэн юм.

Та хилээр гарч хөдөлмөрлөх гэж буй бол ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байх нь учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Ажлын зарыг сайтар нягтлаарай. Амалсан бүхэн үнэн биш. 

АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

#Мөрөөдлийнхөөзүг #Өөдрөгамьдарөөрийгөөургуул #Мэддэгмэдээлдэгбайя #Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье #Тасланзогсооё #Хамтдаадавантуулъя #Хянамгайбайя