“Pepero Day” өдрийн тухай таны мэдэж болох бүх зүйлс


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-11-11

Арваннэгдүгээр сарын 11 бол “Pepero Day” буюу Найзуудын баяр билээ. Уг баярыг анх Солонгос улсад тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоо дэлхий нийтийн баяр болгон тэмдэглэж байна. Ингээд “Pepero Day” өдрийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Яагаад заавал 11 сарын 11 гэж?

Өмнөд Солонгосын Lotte корпорац 1983 онд анх Pepero жигнэмгийг зах зээлд гаргаж, удалгүй энэ жигнэмгээр дамжуулан маркетингийн шинэ санаачилга бий болгон Pepero Day-г албан ёсоор сурталчилж эхэлсэн гэдэг. Ингээд тус жигнэмгийн туранхай, нарийн хэлбэрийг төлөөлүүлж 11 сарын 11 өдрийг сонгосон бөгөөд энэ нь өнөөдрийн “Pepero Day” баярын эхлэл болжээ.

“Pepero Day” юуг бэлгэддэг вэ?

Анхандаа залуус, хосуудын хувьд харилцаагаа бэхжүүлэх бэлгэдэлтэй байсан бол одоо Pepero Day нь хайр, нөхөрлөл, талархлыг бэлгэддэг баяр юм. Тиймд хайртай найзууд, гэр бүл, ойр дотны хүмүүстээ талархлаа илэрхийлж өгч болох юм.

Мөн анх 1994 онд Бусан хотын ахлах ангийн охид бие биеийгээ Pepero шиг туранхай болоорой гээд тус жигнэмгийг солилцож байсан гэдэг. Үүн шиг найзууд бие биедээ Pepero шиг туранхай, өндөр болоорой гээд бэлэглэх нь элбэг байдаг аж.

Ямар төрлийг нь хэнд өгөх ёстой вэ?

  • Сүүтэй pepero: Энэ нь сонгодог амт учир ихэнх хүмүүст таалагдах нь лавтай. Найз нөхөд, гэр бүлдээ бэлэглэвэл илүү тохиромжтой. Найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ амттай зүйл хуваалцах нь таатай харилцааг бэхжүүлэх эерэг нөлөөтэй.
  • Жимсний амттай pepero:  Жимсний амт нь илүү тэжээллэг бөгөөд хайртай дүү нартаа өгөхөд тохиромжтой.
  • Самартай pepero: Хүндэлдэг хүмүүстээ болон ажлын үнэнч хамтрагчдадаа өгөхөд тохиромжтой. Дарга, хамт ажиллагсдадаа Самартай Pepero өгөх нь хүндэтгэл, сэтгэлийн илэрхийлэл болохоос гадна найрсаг, дотно харилцааг бэхжүүлэх эерэг дохио болдог.
  • Гүн шоколадтай pepero: Хайртай хүндээ гүн шоколадтай pepero өгөх нь таны сэтгэлийг илэрхийлж буй нэгэн хэлбэр юм. Энэ төрлийн pepero нь энгийн сүүтэй шоколаднаас илүү баялаг, сэтгэл татам амттай бөгөөд шоколадны гашуун, төгсгөлдөө зөөлөн амттай хослол нь түүнд таалагдах нь гарцаагүй.

80 сая pepero зарсан?

“Pepero day” өдрөөр Lotte компани жилийнхээ орлогын 50 хувийг олдог бөгөөд өмнө жил л гэхэд долоо хоногийн хугацаанд нийт 80 сая ширхэг pepero борлуулж дээд амжилт тогтоож байжээ. Үүнд Newjeans хамтлагийг брендийн төлөөлөгчөө болгосон нь их нөлөөлсөн байна.

Pepero Day Vs Pocky Day

Энэхүү баярыг Өмнөд Солонгост хамгийн өргөн тэмдэглэгддэг боловч сүүлийн жилүүдэд Япон, Хятад, Тайвань, Монгол зэрэг Азийн зарим орнуудад ч мөн түгээмэл болж байна. Япон улс ч бас 11 сарын 11-нд төстэй баяр болох Pocky Day-г тэмдэглэдэг аж.

Энэ өдөр хайртай дотны нэгэн, найз нөхөд, ажлын хамт олондоо хайр түгээж амжиж Pepero бэлэглээрэй.

Эх сурвалж: The Korea Times

#Pepero Day #Найзуудын баяр