"Зорилгоо тодорхойлсон ч түүндээ хүрч чадахгүй юм шиг санагдаад байх юм"


ССҮТөв | YOLO.MN
2017-02-16

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Юу хийх ёстойгоо мэдэхээ байчхаар сэтгэл хүртэл нэг л зовиуртай байх юм

Ойрд өөрийнхөө ирээдүйн зорилгоо тодорхойлсон юм. Гэтэл тэр зүйлдээ хүрч чадахгүй юм шиг санагдаад байх юм.

Сайн байна уу, Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе, намайг M... гэдэг. Би 16 настай. Ойрд өөрийнхөө ирээдүйн зорилгоо тодорхойлсон юм. Гэтэл тэр зүйлдээ хүрч чадахгүй юм шиг санагдаад байх юм. Хичээгээд хийх гэсэн ч эцэг эхээс шууд хамааралтай болохоор хэцүү юм. Юу хийх ёстойгоо мэдэхээ байчхаар сэтгэл хүртэл нэг л зовиуртай байх юм. Одоо хүртэл юу ч хийж чадахгүй байгаадаа уур хүрч байна, яах ёстой юм бол оо. crying

ЗӨВЛӨГӨӨ: Зорилгынхоо төлөө өдөрт 3 цагийг зарцуул

16 нас гэдэг нь "би хэн бэ, би юу хийж чаддаг бас чаддаггүй вэ, би ирээдүйдээ юу хийх ёстой вэ" гээд БИ-гийн тухай асуултууд хөвөрдөг сонирхолтой нас юм.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Өөртөө зорилго тавин, түүнийхээ төлөө санаа тавьж байгаа тань үнэхээр сайн байна. 16 нас гэдэг нь "би хэн бэ, би юу хийж чаддаг бас чаддаггүй вэ, би ирээдүйдээ юу хийх ёстой вэ" гээд БИ-гийн тухай асуултууд хөвөрдөг сонирхолтой нас юм. Энэ насандаа өөрийгөө олон зүйлсэд сорин, их туршлага хуримтлуулах тусмаа цаашид юу хийх хэрэгтэйгээ илүү сайн ухамсарладаг болдог. Харин чи нэгэнт зорилгоо тодорхойлсон бол түүнийхээ төлөө өдөрт 3 цагийг зарцуулахад 10 жилийн дараа, 6 цагийг зарцуулахад 5 жилийн дараа  хүссэн амжилтандаа хүрсэн байна гэсэн зорилгын томьёо бий. Гол санаа нь чи үнэхээр зорьж байгаа бол өдөр бүр үйлдэл хийх ёстой гэсэн үг. Харин анхаарах зүйлс нь, зорилго чинь биелэгдэж болохуйц бодит зорилго байх ёстой мөн чамд нарийн төлөвлөгөө байх ёстой. Хэрвээ эцэг эхээсээ шалтгаалаад хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа бол 18 нас хүрэх буюу насанд хүрэх хүртэл чи бие даан шийдвэр гаргах эрхгүй учир аав ээжийнхээ шаардлагыг хүлээн авах, эсвэл аав ээжтэйгээ ярилцаж ойлголцох боломж бий. Чамд амжилт хүсье.  wink

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Purpose #Parents