Оюутны шилдэг хотоор Канадын Монреаль шалгарлаа


Заяц | YOLO.MN
2017-02-15

Оюутнуудын хувьд сурч боловсроход хамгийн таатай, шилдэг хотуудын энэ жилийн жагсаалтыг Канадын Монреаль хот тэргүүлж, Францын нийслэл Парис хот сүүлийн дөрвөн жилийн турш хадгалж байсан байраа алдлаа.

Дэлхийн шилдэг их сургуулиудыг тодруулдаг байгууллагаас Дэлхийн Оюутны шилдэг  хотуудыг мөн тодруулдаг билээ.

Тус байгууллагаас АНУ-ын Ерөнхийлөгч Трампын гаргасан зарлиг болон явуулж буй бодлогын үр дүнд Канад гадаадын оюутнуудыг ихээр татах болно гэж үзсэн ба тус улсад олон улсад зөвшөөрөгдсөн хоёр ч хэл дээр зэрэг хамгаалах боломжтой аж. Жишээ нь англи хэл дээр МакГиллийн Их Сургуульд, франц хэлээр Квебекийн Их Сургуульд гэх мэт.

Оюутнуудын хувьд сурахад таатай хотуудын жагсаалтанд багтахын тулд тухайн хотын хүн амын тоо хамгийн багадаа 250 мянга байх ёстой ба тус хотод Дэлхийн шилдэг Их сургуулиуд жагсаалтанд багтсан хоёр ба түүнээс дээш тооны их сургууль байрладаг байх ёстой аж. Түүнчлэн тухайн хотод байгаа их сургуулиудын сургалтын чанар, оюутнуудад зориулсан материаллаг бааз, барилга байгууламж, амьдралын өртөг, оюутнууд тус хотод сурах хүсэл сонирхол, ажлын байр, тухайн хотын нэр хүнд, орчны бохирдол ба аюулгүй байдал зэрэг олон зүйлийг харж дүгнэдэг аж.

Канад улс оюутнуудын хувьд сурах хамгийн таатай улсад тооцогдож байгаа ба Оюутны шилдэг хотуудын жагсаалтын 1-т Монреаль, 10-т Ванкувер, 11-т Торонто хотууд бичигджээ.

Тус жагсаалтыг боловсруулж гаргадаг байгууллагын ажилтан Бен Саутерийн хэлж байгаагаар Канадын нэр хүнд өсөх хэрээр жагсаалтыг тэргүүлсээр ирсэн Европ болон Хойд Америкийн хувьд Канад улс гол өрсөлдөгч болох гэнэ. Түүний хэлж байгаагаар Канад АНУ-ын оюутнуудын сонирхлыг татаж эхлэх ба Их Британи улс гадаадын  оюутнуудаа  Ирланд, Голланд, Скандинавын орнуудад алдах магадлалтай байгаа гэнэ.

Монреаль хотод гадаадаас ирэх оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа ба БНХАУ, Энэтхэг, Франц, Иран зэрэг орнуудаас хамгийн олон тооны оюутнууд суралцахаар хүрэлцэн ирж байгаа гэнэ.

Их Британийн хувьд тус улсын их сургуулиудад Европын холбооноос элсэн орогчдын тоо долоон хувиар буураад байгаа ба Их Британи Европын холбооноос гарсан тохиолдолд гадаад оюутнуудын тоо улам багасах байх хэмээн эмээж байна. Гэсэн хэдий ч энэ удаагийн жагсаалтанд Лондон хот өнгөрсөн жилийнхээс хоёр байр урагшилж гуравдугаарт бичигдсэн байна. Лондон хотод байрлах их сургуулиуд чанарын хувьд маш өндрөөр үнэлэгдсэн байна.

Лондон болон Парис хотууд нь баялаг түүхтэйгээс гадна энд чанартай дээд боловсрол эзэмших боломж хамгийн өндөр юм.

Харвардын их сургууль, Массачусеттсийн технологийн их сургууль, Бостоны их сургууль зэрэг гурван том их сургуулийн хот болсон Бостоны адилаар Лондон, Парис хотуудад мөн л олон тооны шилдэг их сургуулиуд байрладаг.

Парис хот

Парис хот нь амьдралын өртөг өндөр, тус хотод сурах хүсэл сонирхол буурсан мөн аюулгүй байдал зэргээс шалтгаалан тэргүүн байраа алдсан байна. Үүнд Парис хотод сүүлийн саруудад болсон алан хядах үйл ажиллагаанууд нөлөөлөөгүй болохыг онцолсон байна. Судалгаанд оролцсон оюутнуудын хувьд ямар ч эрсдэлгүй хот гэж хаа ч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан ба Бостон, Берлин, Парис хотууд оюутнуудын очиж сурах хүсэлтэй хотуудын тоонд багтсан хэвээр байгаа юм.

Канадаас гадна оюутны шилдэг 10 хотод улсынх нь хоёр ч хот багтсан улс бол ХБНГУ юм. Берлин, Мюнхен хотууд энэ жагсаалтад багтсан шалтгааны нэг бол яалтчгүй Герман улс дээд боловсролыг үнэгүй олгодогт байгаа юм.

Сурахад хамгийн өртөг багатай хотоор Малайзийн Куала Лумпур, Индонезийн Сурабаяа хотууд шалгарсан бол хамгийн өртөг өндөртэй хотоор Шведийн Стокгольм, Нью-Йорк хот шалгарчээ.

Сөүл хот

Азийн орнуудаас жагсаалтын эхний 20д таван хот багтснаас Сөүл хот жагсаалтын 4т бичигдэж байна. БНХАУ-аас Шанхай хот хамгийн дээгүүр үнэлэгдэж жагсаалтын 25д, Энэтхэгээс Мумбай хот 85д бичигдсэн байна.

Улс орнууд их дээд сургуулиуддаа гадаадын оюутнуудыг татаж, суралцуулах нь нэг төрлийн томоохон бизнес болоод байгаа гэхэд хилсдэхгүй. АНУ энэхүү зах зээлд хамгийн том тоглогч хэвээр байна. Америкт жилдээ сая гаруй гадаадын оюутан ирж суралцдаг ба Хятадаас л гэхэд 330 000 оюутан ирж суралцжээ. Түүнчлэн гадаад оюутнууд Америкийн эдийн засагт $36 тэрбум ам. долларын ашиг оруулдаг аж.

Ингээд та бүхэнд Оюутны шилдэг хотууд жагсаалтын шилдэг 10-ыг танилцуулъя

    Монреаль
    Парис
    Лондон
    Сөүл
    Мельбурн
    Берлин
    Токио
    Бостон
    Мюнхен
    Ванкувер

Жагсаалтыг бүрэн эхээр нь энд дарж харна уу.

#world #university #Canada