Мобиком Корпорациас 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Smart Education” төслийн хүрээнд ахлах ангийн сурагчдад чиглэсэн Smart үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулав.
Энэхүү үйл ажиллагаанд салбартаа тэргүүлж өөрчлөлт эхлүүлсэн залуус өөрсдийн түүх туршлагаа хуваалцахаас гадна ирээдүйн карьер мэргэжил сонголтын талаар сонирхолтой мэдээллүүдийг өглөө.
Мөн технологийн дэвшлийг зөвөөр ашиглахад уриалснаараа онцлог болсон юм.
Smart арга хэмжээнд хүрэлцэн ирсэн илтгэгчдийн хамгийн гол зөвлөгөөнүүдийг танд хүргэж байна.
Илтгэгч О.Баярсайхан Rokitbay:
Өөрийн хүссэн зүйлээ олохоор тэр нь эрдэнэс болдог. Биднийг бага байхад технологийн дэвшил бага байсан. Гэхдээ намайг өсвөр насанд байхад юманд махарч зүтгэх чадварт чиглүүлж байсан зүйл маань 2D анимейшн хийж суран түүний дараагаар 3D picsart хийж сурч байсан явдал байсан юм. Үр өгөөжтэй зүйл хийж сурах нь тэндээс л эхэлсэн.
Одоо бол технологиор дамжуулан залууст бүх зүйл нээлттэй байна. Гэхдээ AI-ийг хийж буй зүйлдээ тусламж болгон ашиглан, өөрийн хийж буй зүйлийнхээ үнэ цэнийг өөртөө хадгалж сурч технологийг хэрэглэдэг байгаасай.
Мөн миний өөрийн нээсэн нууц юу гэхээр төлөвлөгөө. Яаж төлөвлөдөг гэхээр зүгээр жижиг сажиг юм хийж өнгөрдөг цагаа дараагийн хийх зүйлсээ төлөвлөн бодох гэсэн үг. Өглөө босох гээд хэвтэж байхдаа, машин барихдаа толгойндоо яаж тэрийг хийх үү, яаж жүжиглэх гээд төлөвлөдөг. Тэгээд яг суухад бүх юм бэлэн байдаг.
Найруулагч, продюсер П.Золжаргал:
Үнэн дандаа сайхан байдаггүй. Муу муухай үнэнг хүлээн зөвшөөрөхөд ичгүүртэй байдалд ч ордог. Гэхдээ тэр дунд үнэнээрээ л байж үнэнийг хүлээн зөвшөөрөх ххэрэгтэй. Тэгснээрээ шийдэлтэй нүүр тулдаг юм.
Би анхны хийж байсан кино маань би өөрийнхөө үнэн мэдрэмжид худал хэлж явж байсанг илтгэдэг. Өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ даран байж өөртөө худал хэлэн хандсан. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийнхөө үнэн мэдрэмжийг дардаг байсан юм.
Гэхдээ би үнэнээ хүлээн зөвшөөрч, юманд чин сэтгэлээсээ өөрийнхөөрөө ханддаг байх амлалтууд өгч эхэлсэн. Түүний үр дүн маань “Баавгай болох сон” киногоо хийсэн маань юм. Үнэн таалагдахгүй бол хүлээн зөвшөөрөөд шийдэл хайдаг нь байгаарай.
Дугуйтай аялагч Б.Очирваань:
Би 20 улсаар 14000 км-ийг дугуйгаар аяласан. Мөрөөдөл хүн болгонд байдаг. Гэхдээ хүсэж тэмүүлэн, мөрөөдөж суух нь хэрэггүй гэдгийг ойлгосон. Өөрийн хүссэн зүйл маань Английн Манчестэр хөлбөмбөгийн багт мэргэжлийн хөлбөмбөгч болох байсан юм.
Гэхдээ хичээгээд яг тэр мөрөөдлөө биелүүлэх нь биш юмаа гэхэд түүндээ хувь нэмэр оруулахыг зорьсон маань биелсэн. Эцэст нь дугуйтайгаа аялан шүтдэг хөлбөмбөгийн багийнхаа тамирчинтайгаа уулзсан.
Аялал маань миний хүссэнээр болоогүй, олон бэрхшээл гарч байсан. Бидний хамгийн том саад нь өөрөө өөртөө хамгийн том ханыг тавьдаг. тэрний оронд эхлээд эерэг зүйлсийг төсөөл. Эерэг байснаар өөр лүүгээ дандаа эерэг зүйлсийг татдаг.
Дараа нь мөрөөдөл биелдэг биш, мөрөөдлийг биелүүлдэг гэдгийг санаарай. Оргил руу дөхөх тусам та ядарна, сульдана. Энэ л үед тууштай байдал чухал. Алхам алхмаар урагшилсаар байгаарай.
“Мобиком корпораци ХХК”-ийн Группийн бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг:
Хүсэл болгон биелэх албагүй. Одоо болохгүй бол дараагийнх гээд л урагшил. Магадгүй одоо сонгосон мэргэжил буруу гээд айх хэрэггүй. Дараа дараа зөндөө олон сонголт шийдвэр гарж ирнэ. Бүх юм дуусчихгүй.
Ажлын байран дээр гараад дахиад олон мэргэжил эзэмших хэрэг гарна. Би Мобикомд 16 дахь жилдээ ажиллахад 16 өөр ажил хийсэн. 2 жил тутамд өөр өөр ажил хийсэн.
Олон ажил хийхдээ маш олон зүйл сурсан зүйлсээсээ та нарт зөвлөхөд нэгдүгээрт хүсэл тэмүүлэл, урам зориг гэх зүйлс хүрэх газарт хөтөлж байдаг. Хоёрдугаарт төрөлх хэлний чадварын үнэ цэнийг ойлгох хэрэгтэй.
Мөн гадаад хэл маш чухлаас гадна түүнийг сурахдаа гадаадаар сэтгэх нь чухал. Одоо аж үйлдвэрийн 4-р хувьсал буюу хиймэл оюун дээр суурилсан технологийн эрин үе. Тиймээс бүх салбарт технологийн мэдлэг заавал хэрэгтэй учраас сайн эзэмшээрэй.
Тесла компанийн дата инженер Э.Жавхлан:
Анх би Тесла компанийн урианд татагдсанаар ажиллах хүсэлдээ хөтлөгдөн 20 удаа материалаа өгч, 7 ярилцлага өгөөд тэнцээгүй. Гэхдээ эцэст нь тэнцэж чадсан.
Бид сэргээгдэх эрчим хүч болон нарны эрчим хүчээр дамжуулан бид өдөр тутмын амьдралдаа маш олон зүйл хийж болно. Түүн дээр одоо би ажиллаад явж байна.
Тэр дундаас та бүхэндээ Тесла аргыг санал болгох нь “Том асуудлуудыг хамгийн жижиг болгоод задлаад харах”. Яагаад гээд жижиг болгоод судлаад үзвэл илүү сайн ойлгоно. Мэргэжлээ яагаад сонгомоор байгаа, яагаад үгүй гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Бүх зүйлийг энгийнээр жижиг болгон задлаад хараад үзээрэй.
Мандал даатгал ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Ану:
Боловсрол нэмэгдэхийн хэрээр орлоготой болно. Орлоготой болохын хэрээр аз жаргалтай болно. Тэгсний хэрээр санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Нийгмийн давхаргаа ахиулахын хэрээр боловсролтой болох хэрэгтэй. Боловсрол бол нийгэмд эзлэх хүч чадал.
Энэ нь дан ганц өөртөө хөрөнгө оруулаад байгаа зүйл биш. Нийгэмдээ хөрөнгө оруулж байгаа хэрэг. Өөртөө өгсөн амлалтдаа тууштай зүтгэхээр төсөөлшгүй их аз жаргалтай болдог. Мөн хамт ажиллах баг хамт олон маш чухал. Гадаад явж сурахаар бэлдэж буй дүү нартаа зөвлөхөд:
1. Эсээн дээрээ өрөвдүүлэх гэж биш хийж бүтээсэн амжилтуудаа сайн дурдаад ирээдүйд ямар амжилт гаргаж чадахаа тодотгох нь чухал юм шүү.
2. Сайн дурын ажил ямар зорилгоор хийж байгаагаа тунгааж бодон ойлгох нь чухал.
TEE Education Дижитал технологийн сургуулийг үүсгэн байгуулагч Б.Билгүүн:
Хичээлээ хийхийг хүссэн ч гэсэн хийгдэхгүй үе олон. Гэхдээ компьютер дээрх тоглоом тоглож байгаатай хичээл хийхээ адилтгаад нэг үзээрэй. Тоглоом эхлэхэд Loading хэсэгт ард нь олон систем ажиллан бэлдэж ажилладаг.
Үүнтэй адилаар хичээл хийхдээ 5 минут төвлөрөхөд бэлдэх чухал. Дараагаар тоглоом тоглогдоод явж байхад ганц минут тог тасрахад бүх зүйл устана. Буцаад эхлүүлэхэд эхнээсээ л уншаад эхэлнэ.
Яг үүнтэй адил та нарын хэдхэн минутын тикток, сошиал хаягаа шалгах үйл явц тогийг тасалж байгаатай адилхан. Мөн нэг дор олон зүйл хийхэд хурд удааширна. Хоолоо хийн, зурагтаа үзэнгээ хичээлээ хийх нь тоглоомоо удаашруулж байгаа гэсэн үг.
Амьдрал өөрөө дотагийн тэмцээнтэй адил тэмцээн. Та тэнцэхгүй юмаа гэхэд тантай олон хүн тэмцээн дунд явж байгаа Pro gamer level-д хичээл хийхийн тулд урьдчилан төвлөрөх цагаа тооцоолоорй. Ариун цэврийн өрөө орох, ус уух, бүх зүйлээ төлөвлөөд эхэл. Алдагдвал 5 мин төвлөрөөд хий. Тоглоомдоо бүх анхаарлаа хандуулаад төвлөр. Удалгүй аккаунт про түвшинд очно шүү.
GMIT, Бэлтгэл инженерийн курсийн оюутан С.Буянтогтох:
Би суралцахдаа нэг техник ашигладаг. Тэр нь эхлээд өөрөө бие даагаад сурна. Дараа нь түүнийгээ мэдэхгүй найздаа тайлбарлаж өгдөг.
Найз чинь асуулт асуухад өөрөө яг өөрийн болгосон байна уу гэдгээ шалгана. Аль аль талдаа үр дүнтэй.
Мөн мэргэжил сонгохдоо биечлэн очиж, сонирхсон чиглэлийн ажлын мэргэжлийн хичээл заадаг багш нартай очиж уулзан сонгох нь чухал. Чиглэлээ л олчихвол түүнийгээ мөрөөдөөд, биелүүлсэн байгаагаар төсөөлбөл юу хийх ёстой нь харагдана.
Маркетинг судалгааны албаны захирал Батзаяа захирал:
Аливаа бэрхшээл боломжийг авчирдаг. Genz үеийнхнээс манай үе суралцдаг. Тэдний шинэ санаанаас суралцахыг хүсдэг учраас суралцах карьердаа анхааралтай, судалгаатай хандаарай.
Анхнаасаа сонирхоод байгаа мэргэжлийн салбараа эхлээд крашил. Тэр салбар дотроо судалгаа хийгээд, танилцангуут мэргэжил бүр өөр өөр чадвар хэрэгтэйг ойлгож эхэлнэ. Хэн болох гээд байгаа зургаа өөрөө гаргаад тэрэндээ дурладаг байгаарай. Сонголтыг эцсийн эцэст чи л хийх юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх