Сайн эсээ бичихийн тулд заавал амьдралдаа тохиолдсон онцгой үйл явдал, томоохон амжилтын тухай өгүүлэх шаардлагагүй. Заримдаа өдөр тутмын жижиг сонголт ч хүний сэтгэлгээ, үнэт зүйл, ертөнцийг харах өнцгийг илэрхийлж чаддаг. Харвардын их сургуульд элсэх өргөдөлдөө Дилан Паркер бичиг хэргийн дэлгүүрээс үдээсний машин худалдаж авах энгийн үйл явдлаас эхлэн мэдлэгт тэмүүлэх хүсэл, бүхнийг ойлгох гэсэн амбицынхаа тухай өгүүлсэн нь үүний нэгэн жишээ юм.
0x=0
Математикийн энэ ёжтой илэрхийлэл надад би юу ч мэдэхгүйг сануулна. Тодорхой бус байдал миний ертөнцийн хаа сайгүй оршдог.
Гэхдээ би үүнийг өөрчлөхийг хүсэж байна. Би бүгдийг ойлгомоор байна
Миний зорилго хэтэрхий амбицтай сонсогдож байгааг хүлээн зөвшөөрч байна л даа. Гэхдээ хоёр жилийн өмнөх зун би эдийн засгийн шинжлэх ухаантай танилцсан юм. Хүмүүсийн шийдвэр гаргах үйл явцыг судалдаг эдийн засаг нь иймэрхүү нөхцөл байдлыг задлан шинжлэх боломжийг надад олгодог.
Хүмүүсийн эдийн засгийн шийдвэрийг ойлгосноор өчигдөр л гэхэд би үдээсний машин худалдан авах бодлого бодсон. Зарим хачирхалтай үйлдлийн учир шалтгааныг тайлмаар байна шүү дээ! Үдээсний машины тасгийг нэгжиж, санаа зовмоор удаан үзэж харсны эцэст би хоёр сонголт дээр тогтлоо. Нэг нь хөх өнгөтэй үдээсний машин. Нөгөө нь 3 инчийн үдээстэй. Өнгөнөөс бусдаар хөх үдээсний машинтай яг адил, улаан машин байв. Гэвч би нэг доллароор илүү үнэтэй хөх үдээсний машиныг худалдаж авсан юм.
Утгагүй сонсогдож байна уу? Харин би тэгж бодохгүй л байна. Хэдийгээр үдээсний машинууд ажиллагааны хувьд хоорондоо ялгаагүй ч би хөх үдээсний машины хөрөнгө оруултын ахиу зардал нь 1 долларын өртгийн ахиу зардлаас өндөр байх боломжтойг олж харсан юм. Би хөх үдээсний машинд нэг доллар илүү төлсөн. Энэ нь өөр хэн нэгэн энэ бүтээгдэхүүний төлөө хоёр эсвэл гурван доллар илүү төлөх боломжтой гэсэн үг. Би энэ мэтчилэн хөх үдээсний машины үнийг өсгөөд зарж чадна. Тэгээд олсон мөнгөөрөө нэг улаан үдээсний машин дээр нь хөх бал худалдан авна. Энэ мэтчилэн эдийн засгийн онолоор би юуг ч жишиж чадна.

Харамсалтай нь хүмүүсийн шийдвэрийг ойлгох нь эд зүйлсийн үнэ цэнийг ангилан тодорхойлохоос илүү ярвигтай асуудал л даа. Учир нь бидний үнэт зүйлс ялгаатай. Хүн бүр харилцан адилгүй шалтгаанд үндэслэн шийдвэр гаргадаг. Зарим худалдан авагчид үдээсний машины өнгө хамгийн чухал бол өнгийг огт хайхрахгүй хүмүүс ч бий. Би ихэвчлэн шийдвэртээ итгэлтэй байдаг ч заримдаа гарцаагүй анхаарах ёстой хүчин зүйлсийг үл тоомсорлодгоо хүлээн зөвшөөрье.
Тиймээс би бол яахын аргагүй бодлогогүй хүн.
Ингээд хэлчихээр хэтрүүлсэн санагдаж байгаа биз? Гэвч бахим, сүрлэг барилгыг сүрлээр тэгшитгэж чадахгүйтэй адил бодлогогүй оюун ухаанаа би системийн дагуу тайлбарлаж чадахгүй юм.
Би мэдрэл судлалаас ч илүү эмх цэгц, учир шалтгааныг эрэлхийлдэг. Оюун ухааны боловсруулах үйл явцын талаарх судалгаануудаар бүрэн зэвсэглэж, ямар хүчин зүйлс миний шийдвэрт нөлөөлж, ямар нь үл ойшоогддогийг ойлгох боломж гэж үздэг. Гэвч энэ бол хуулийг мэдэхгүй атлаа шүүгчийн шийдвэрийг таамаглахтай адил утгагүй зүйл. Шүүх системийг ойлгохын тулд би яагаад нэг хүчин зүйлийг нөгөөгөөс илүүд үзэж буйг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн би сэтгэл судлалыг ч сонирхдог. Тэгснээр учир шалтгааныг тайлбарлагч хүчин зүйлсийг ойлгож эхэлсэн.
Магадгүй компьютер судлал хүн төрөлхтний кодыг тайлж эсвэл зөвхөн үнэний төлөө зогсдог түүх бидний адармаатай асуудлуудын үндсийг илчилдэг байх. Миний хувьд математик бол шийдэл.
Эсвэл дээрх бүх салбарууд хамтран ажиллах ёстой ч юм билүү. Хэн мэдлээ. Мэдрэл судлалын онол, эдийн засгийн моделиуд болон математик суурьтай сэтгэл зүйн дүн шинжилгээний зарчмуудыг компьютерт оруулан шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийх замаар хүний сэтгэхүйг судлан тодорхойлж болох болов уу?
Эсвэл өнгөрсөнд гаргасан шийдвэрүүдийг тэгшитгэлд хувиргаад тархиа хязгааргүй хувьсагч болговол би бүхнийг мэдэх гэсэн бодлогынхоо хариуг олох болов уу? Олсон хариултаа түүхийн хүчин зүйлтэй ялдуулан тайлбарлах боломжтой юу? Би ирээдүйг мэдэж чадах уу? Надад бол боломжтой л гэж санагддаг.
Миний ертөнц эмх замбараагүйн дунд оршдог. Яг л шалаар нэг асгарсныг эвлүүлдэг тоглоомын хэсгүүд шиг. Өглөө бүр би номуудаа нээгээд олж мэдэхийн төлөө тулалддаг. Хоёрдмол утгыг хавцал руу түлхэж, шөнө унтахаар номоо хаахдаа би дэлхий ертөнцийг илүү сайн ойлгож чадна шүү дээ.
Эсээний талаарх задлан

Диланы эсээ бүхнийг ойлгох гэсэн түүний хүсэл тэмүүллийг сайн илэрхийлсэн. Эсээг мартагдашгүй болгож буй зүйл бол ямар үдээсний машин худалдаж авахаа шийдэж чадахгүй байсан тухай хэсэг юм. Энэхүү энгийн жишээгээр дамжуулан эдийн засгийн боловсрол түүний сэтгэх арга барилыг хэрхэн өөрчилснийг харуулж чаджээ.
Мөн эсээний бүтэц маш сайн. Догол мөр бүр зохиогчийн сониуч зан, мэдлэгт тэмүүлэх хүсэл эрмэлзлийг улам тодотгож өгсөн байна. Сонголт хийх болсон үйл явц түүнийг бүхэл бүтэн түүхийг хэрхэн ойлгож болох тухай бодоход хүргэж байна. Ийнхүү санаагаа аажмаар өргөжүүлэх арга нь эсээний эрч хүчийг нэмэгдүүлж, зохиогч төгсгөл хүртэл тэр хэмнэлээ хадгалж чаджээ.
Гэхдээ эсээг дэлгүүрт болсон үйл явдлаар шууд эхлүүлсэн бол бүр илүү үр дүнтэй байх байсан байж болно. Уншигчид өөрсдийн төсөөлж, холбон ойлгож чадах бодит үйл явдалд илүү их татагддаг. Аз болоход Дилан математикийн нэр томьёо ашигласан эхний мөрүүдийн дараахан дэлгүүрийн тухай хэсгийг оруулснаар энэ сул талыг нөхөж чадсан.
Төгсгөлийн догол мөр нь Диланы өмнө нь тавьсан олон асуултыг утга учиртайгаар нэгтгэн дүгнэжээ. Үүний үр дүнд тэрээр мэдлэгийг үргэлж эрэлхийлдэг, сониуч зангаараа ертөнцийг нээж танихыг хүсдэг нэгэн гэдгээ бүрэн харуулж чадсан юм.
Эх сурвалж: Essay Master



357











