Холливудын жүжигчин Тоби Магуайр хуучин эхнэр Женнифер Мейер болон хөгжмийн продюсер, тэрбумтны өв залгамжлагч Жеффри Огунлеси нарын хуримын ёслолд оролцоод зогсохгүй өнгөрөгч бямба гарагт буюу 10-р сарын 10-ны өдөр Хавай дахь ‘Four Seasons Resort Lanai’ амралтын газарт болсон задгай талбайн ёслолыг өөрийн биеэр удирдан зохион байгуулсан байна.

Хар хослол, хар зангиагаар гоёсон Spider-Man киноны од маань Хавайн далайн эрэг харагдах, цэцгээр чимэглэсэн аркны дор хосуудад гэрлэлтийн тангаргийг нь уншуулжээ. Энэхүү ёслол нь Магуайр, Мейер нар 2016 онд тусдаа амьдарч эхэлснээс хойш зургаан жилийн турш үргэлжилсэн шүүхийн үйл ажиллагааг эцэслэн бөгөөд хурим болохоос ердөө гурван долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө тэдний гэрлэлт албан ёсоор цуцлагдсан байна.
Хэдийгээр Магуайр, Мейер хоёрын есөн жилийн гэрлэлт дуусгавар болсон ч тэд тун эвтэйгээр хүүхдүүдээ хамтран өсгөдөг ба гэр бүлийн халуун уур амьсгалыг экс хосууд тун амжилттай хадгалж чаджээ.

Өмнөх ярилцлагууддаа Мейер өөрсдийн энэхүү өвөрмөц холбоог сайшаан магтаж байсан удаатай. Мөн төрсөн өдөр, баяр ёслолуудыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг тухайгаа ч ярьж байв. Хамгийн гайхалтай нь түүний хуучин нөхөр Магуайр болон шинэхэн нөхөр Огунлеси нарын харилцаа ч халуун дулаан, дотно байдаг гэнэ.

Юутай ч хурим маш тансаг болж өнгөрсөн ба шинэхэн хосуудын баярт өдөр Холливудын А зэрэглэлийн алдартнууд болон бизнесийн салбарын удирдагчдын нэр хүндтэй төлөөллүүд цугларчээ.
Хуримд уригдан ирсэн зочдын дунд Леонардо ДиКаприо болон түүний найз бүсгүй Витториа Серетти, Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос эхнэр Лорен Санчес Безосын хамт, жүжигчин Кортни Кокс болон оддын стилист Рэйчел Зоу нар багтсан байв.
Мөн Мейерийн гурван хүүхэд гурвуулаа байсны дотор түүний Магуайртай дундаас нь гарсан 19 настай охин Руби Свитхарт, 17 настай хүү Отис Тобиас нар байлаа.
Нэр алдартай гоёл чимэглэлийн дизайнер болох сүйт бүсгүй маань хуримын ёслолдоо мөрөвчгүй цагаан даашинзаар гоёсон бол Огунлеси хар хослол өмсчээ. Хосууд анх 2023 онд нэр холбогдож байсан бөгөөд 2024 оны найман сард сүй тавьж, тус оны эхээр дундаасаа охинтой болсон юм.

Өдгөө 34 настай Огунлеси нь Лос-Анжелест төвтэй энтертайнмент болон хөгжмийн менежментийн ‘The Ogunlesi Group’ компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Түүний компаний үйлчлүүлэгч дунд Young Thug зэрэг олны анхаарлын төвд байдаг алдартай хип хоп уран бүтээлчид багтдагийг онцлох хэрэгтэй.

Тэрээр Нигерийн тэрбумтан хуульч, хөрөнгө оруулалтын банкир, ‘Global Infrastructure Partners’ компаний ТУЗ-ийн дарга Адебайо Огунлесигийн хүү бөгөөд аавынх нь цэвэр хөрөнгийг Forbes сэтгүүлээс 2.6 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байдаг.
Эх сурвалж: Daily observer



257











