Эртний дэлхийн долоон гайхамшиг нь хэдэн зууны турш жуулчдын сонирхлыг татсаар ирсэн. Эдгээр домогт байгууламжуудыг МЭӨ 2-р зууны үеэс эхлэн эллинист текстүүдэд тэмдэглэж үлдээжээ. Анхны жагсаалтын хувьд цаг хугацааны эрхэнд өөрчлөгдсөөр ирсэн ч олон нийтэд хамгийн өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн хувилбар нь Ренессансын үе хүртэлхийг хэмээн үздэг.
Харамсалтай ч гэсэн өнөөдөр эдгээр гайхамшгуудын зөвхөн нэг нь л дэлхий дээр оршиж байна. Хэдийгээр дэлхий шинэ долоон гайхамшигтай болсон ч анхны гайхамшгуудын нууцлаг, сүр жавхлан нь дэлхий даяар адал явдал хайгчид болон түүх сонирхогчдын анхаарлыг татсаар буй.
1. ГИЗАГИЙН ИХ ПИРАМИД (GREAT PYRAMID OF GIZA)

Гизагийн их пирамид нь эртний дэлхийн долоон гайхамшгаас ганцаар одоо ч оршсоор буй байгууламж юм. Эртний хүмүүсийн инженерчлэлийн гайхамшгийн илрэл болсон уг пирамид Гиза цөлийн талбайд оршдог бөгөөд мянга мянган жилийн турш олон жуулчдын анхаарлыг татсаар иржээ.
Хачирхалтай нь МЭӨ 26-р зуунд баригдсан гэх энэхүү пирамид нь эртний гайхамшгууд дундаасаа хамгийн эртнийх нь юм. Фараон Хуфу-д зориулан бүтээгдсэн уг пирамид эртний Египетийн хүч чадал, ухаалаг бүтээлч байдлын бодит илрэл болдог.
Байршил: Египетийн Каир хотын ойролцоох Гиза цөлд байрладаг. Пирамид нь гайхалтай сайн хадгалагдсан бөгөөд жуулчдад нээлттэй байдаг ч дотор хэсэг рүү нь өдөрт цөөн хэдэн хүнийг оруулахыг л зөвшөөрдөг байна.
2. БАБЕЛОНЫ ӨЛГИЙТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН (HANGING GARDENS OF BABYLON)
Эртний гайхамшгуудын хамгийн нууцлаг нь хэмээгддэг Бабелоны өлгийт цэцэрлэг хүрээлэн нь өнөөгийн Иракийн нутагт оршиж байсан гэж үздэг. Гэвч одоог хүртэл цэцэрлэгийн оршин байсныг батлах археологийн нотолгоо олдоогүй байна.
МЭӨ 600 оны орчимд Небукаднецзар хоёрдугаар хааны захиалгаар бүтсэн гэж үздэг энэхүү олон давхар цэцэрлэг нь түүний хатны төрсөн газрын ногоон уулсыг сэргээх зорилготой баригдсан гэдэг.
Байршил: Орчин үеийн Ирак дахь Хиллах хотын ойролцоо, Багдадаас баримжаалбал 85 км урагш чиглэлд байсан байх магадлалтай.
3. АРТЕМИСИЙН СҮМ (TEMPLE OF ARTEMIS)

Грекийн бурхан Артемисд зориулсан энэхүү агуу сүм нь эртний Эфис хотод оршиж байжээ. Усны үер, галын аюулаар хэд хэдэн удаа сүйдсэн ч дахин баригдсаар, эцсийн хувилбар нь эртний долоон гайхамшгийн нэг болсон юм.
Өнөөдөр сүмийн зөвхөн нэг багана л үлдсэн ч тухайн үедээ уг сүм нь шүтлэг, баярын төв болж байв. Түүний сүр жавхлант байдлыг бодитоор харахыг хүссэн хүмүүс Истанбул дахь паркт жижиг хувилбарыг нь харж болно.
Байршил: Туркийн Селчук хотын ойролцоо. Сүмийн олдворуудыг Эфесийн Археологийн музейгээс үзэх боломжтой.
4. ХАЛИКАРНАССЫН БУНХАН (MAUSOLEUM AT HALICARNASSUS)
МЭӨ 350 оны үед Кариа улсын хаан Маусолусын бунхан болгон баригдсан гэдэг. Өндөр барилга, нарийн төвөгтэй баримлуудаар дүүрэн энэ бүтээл нь долоон гайхамшгуудын нэг байсан ч 12-15-р зууны хооронд хэд хэдэн газар хөдлөлтийн улмаас сүйдсэн.
Өнөөдөр бунхны зөвхөн суурь нь үлдсэн ч зарим хэсгүүдийг нь Лондонд байрлах Британы музейгээс харах боломжтой. Байршил: Туркийн Бодрум хот
5. ЗЕВС БУРХНЫ ХӨШӨӨ (STATUE OF ZEUS)

МЭӨ 5-р зуунд алдарт барималч Фидиасын бүтээсэн энэхүү агуу хөшөө нь 12 метрээс дээш өндөртэй бөгөөд Зевс бурхныг сүр жавхлант сэнтийдээ суусан байгаагаар дүрсэлсэн байв. Саадас, алт, үнэт чулуу ашиглан бүтээсэн энэхүү хөшөө нь эрт үедээ хамгийн алдартай баримлуудын нэгээр тооцогддог байлаа.
Хэдийгээр баримал цаг хугацааны явцад алдагдчихсан ч 1950-аад онд Фидиасын урлангийн байршлыг илрүүлснээр түүхчдэд энэ гайхалтай бүтээлийг хэрхэн бүтээсэн талаар илүү ихийг судлах боломж олджээ. Байршил: Грекийн Олимп хот дахь Зевс бурхны сүм
6. АЛЕКСАНДРЫН ГЭРЭЛТ ЦАМХАГ (LIGHTHOUSE OF ALEXANDRIA)
100 метрээс дээш өндөртэй байсан Александрын гэрэлт цамхаг нь хэдэн зууны туршид дэлхийн хамгийн өндөр барилга хэмээх нэрийг зүүж чадсан. Уг цамхаг МЭӨ 3-р зуунд баригдсан бөгөөд өдрийн цагаар нарны гэрлийн тусгалаар, шөнийн цагаар гал ашиглан хөлөг онгоцнуудыг Александрын боомт руу чиглүүлдэг байв.
Харамсалтай нь давтамжтай газар хөдлөлтүүдийн улмаас цамхаг нурсан байна. 1990-ээд онд далайн гүнд судалгаа хийж байсан археологчид Александрын зүүн боомтын үлдэгдлийг илрүүлж чаджээ.
Байршил: Египет, Александрын Фарос арлын орчим. Одоогоор Кайтбай цайз нь уг цамхгийн байсан байранд оршиж, өөртөө Александрын туурийн чулууны хэсгүүдийг агуулсан байдаг.
7. РОДОСЫН АВАРГА БАРИМАЛ (COLOSSUS OF RHODES)

МЭӨ 280 онд бүтсэн энэ нүсэр том хүрэл баримал нь нарны бурхан Гелиосыг дүрсэлсэн 33 метрийн өндөр баримал юм. Баримлыг Родосын ард түмнийг гадны довтолгооноос амжилттайгаар хамгаалсныг тэмдэглэх зорилгоор босгосон бөгөөд богино хугацаанд дэлхийн хамгийн гайхалтай үзмэрүүдийн нэг болжээ.
Гэвч баримал нь баригдаж дууссанаасаа хойш 54 жилийн дараа газар хөдлөлтийн улмаас нурсан байна. Родосын ард иргэд хөшөөг дахин босгохоос татгалзсан ба үүнийг дээд тэнгэрээс ирүүлж буй анхааруулга гэж үзсэн гэдэг.
Байршил: Родосын эртний боомтын ойролцоо. Өнөөдөр баримлын ямар ч үлдэгдэл үлдээгүй ч, Родосын хуучин хот нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд одоо ч жуулчдын хамгийн дуртай очих газруудын нэг хэвээр байна.
Эх сурвалж: exoticca


1370






