Өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан хөгжүүлэх, гоо зүйн боловсрол эзэмшүүлэх, олон улсын түвшинд авьяас, ур чадвараа сорих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Дэлхийн соёлыг Монголд – Монголын ирээдүйг Дэлхийд” уриатай “OPEN MONGOLIA 2026 – WORLD CHILDREN CHAMPIONSHIPS” олон улсын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
Тус тэмцээнд Англи, Өмнөд Солонгос, Хятад, Орос, Хонг-Конг, Япон Улс зэрэг улс, бүс нутгийн хүүхэд, өсвөр үеийн тамирчид оролцож буй.
Тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхний авьяас, ур чадварыг олон улсын түвшинд сорихын зэрэгцээ улс орнуудын хүүхэд, залуучуудын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Энэ үеэр Монголын Хүүхдийн ордны “Хүүхэд эрдэнэ” шагналыг Монгол Улсаа төлөөлөн оролцож буй хүүхэд, өсвөр үеийн оролцогчдод гардуулж, тэдний авьяас, ур чадвар, хичээл зүтгэлийг дэмжин урамшууллаа.

Монголын хүүхэд, өсвөр үеийн бүжигчид олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн бөгөөд “GU Dance Club”-ийн хүүхэд, өсвөр үеийн тамирчид 2025, 2026 онд Дэлхийн аварга шалгаруулах хамтлаг бүжгийн тэмцээнүүдэд дараалан дэлхийн аваргад түрүүлж байжээ.
Гадаад, дотоодын хүүхэд, өсвөр үеийн тамирчид, шүүгч, дасгалжуулагч, багш нар оролцсон өргөн цар хүрээтэй тэмцээн болж буй. Уг тэмцээнийг Монголын Үндэсний Хүүхдийн бүжгийн холбоо (NCDA) болон Монголын Бүжгийн спортын Залуу үеийн сонирхогчдын холбооны “Гуа-Үжин” клубээс зохион байгуулж байна.

4406






