Япон Улсад болж буй Aichi Nagoya 2026 XX наадмын эхний өдөр Монголын тамирчдын салхийг хагалан хүрэл медалийг уралдааны дугуйны тамирчин, ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүртлээ.
Тэрээр 18 орны тамирчин өрсөлдсөн уг төрөлд 8 км-ийн замыг дөрвөн удаа тойрч, нийт 32 км зайд уралдан 42 минут 58.06 секундын амжилтаар гуравдугаар байрт шалгарсан байна. Уралдаан Айчи мужийн Шинширо уулын хэсэгт байрлах засмал замд болжээ.

Тэмцээний дүнгээр Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар алтан медаль хүртсэн бол Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин С.Жамбалжамц мөнгөн медаль хүртсэн тамирчнаас ердөө 0.02 секундын зөрүүтэйгээр барианд оржээ.
- Алтан медаль: Алексей Луценко 41:24.05
- Мөнгө медаль: Имамура Шүнсүкэ 42:58.04
- Хүрэл медаль:С.Жамбалжамц 2:58.06
Алексей Луценко нь дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга бөгөөд мэргэжлийн дугуйн “Astana” багийн тамирчин юм. Харин Имамура Шүнсүкэ нь “Ханжоу–2022” Азийн наадмын аварга бөгөөд энэ удаагийн тэмцээнд мөнгөн медаль хүртлээ.
Энэ жил 30 нас хүрч буй С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн Burgos BH багт уралддаг. Тэрээр өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Азийн наадмын хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. С.Жамбалжамц Азийн XX наадмын дараагийн уралдаанаа есдүгээр сарын 23-нд хийх байна.



710






