ЗАХИДАЛ:Гурван жил харж явсан хөвгүүндээ сэтгэлээ илчилтэл...


ССҮТөв | YOLO.MN
2024-05-02

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.    

Асуудал 1: Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орчихсон 

Сайн байна уу? Би 23 настай. Сарын тэмдэг ирээд нэг хонож байхад нь найз залуутайгаа ямар ч хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсон. Жирэмсэн болох магадлал хэр өндөр байх вэ?  

Зөвлөгөө: Сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсон бол жирэмслэх магадлалтай 

Сайн байна уу. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Сарын тэмдэг ирсэн үед  болон ирсний дараа  бэлгийн харилцаанд орсноор жирэмсэн болох эсэх нь эмэгтэйчүүдийн  сарын тэмдгийн мөчлөгийн урт богиноос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар жирэмслэх магадлал хамгийн өндөр үе нь үр тогтолтын цонх үе буюу өндгөн эс өндгөвчнөөс ялгарах овуляци явагдах өдөр болон түүнээс өмнөх 5 дараа 5 хоногийг хамардаг байна. Энэ хугацаанд бэлгийн харилцаанд орсноор жирэмсэн болох магадлал өндөр байдаг гэж үздэг. Гэсэн хэдий ч сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед, тэр дундаа сарын тэмдэг ирэх үед эсвэл дараа нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлгүйгээр бэлгийн харилцаанд орсон бол жирэмслэх магадлалтай байдаг байна. Иймд та жирэмсэн болсон эсэхийг мэдэхийн тулд жирэмсний тест хэрэглэх эсвэл эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг баталгаат эх сурвалж болох эмнэлэг болон мэргэжлийн эмчээс авна уу.  

         Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

         Сэтгэл судлаач А.Энхжавхлан  

Асуудал 2: Бага хэмжээний цусархаг зүйл гурав хоног гараад больсон 

Сайн байна уу? Би одоо 28 настай. Төрөөд сар болсны дараа биеийн юм ирсэн. 28-30 хоногийн хэлбэлзэлтэй ирдэг ч сүүлийн сарын тэмдэг нэгдүгээр сарын 9-нд ирээд тав хоноод дууссан. Гэтэл нэгдүгээр сарын 27-оос доогуур өвдөөд ихээр биш бага хэмжээний цусархаг зүйл гурав хоног гараад больсон. Энэ нь хэвийн зүйл үү зөвлөгөө өгөөч. Баярлалаа.  

Зөвлөгөө: Зарим тохиолдолд төрсний дараа үтрээнээс цусархаг зүйл ялгарахыг ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдэгтэй андуурдаг 

Сайн байна уу. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Төрсний  дараа сарын тэмдэг нь  хэлбэлзэлтэй ирээд байгаад санаа зовж байна гэж ойлголоо. Эмэгтэйчүүдийн эмч нарын үзэж байгаагаар  төрсний дараах сарын тэмдгийн  хэлбэлзэлтэй байдал эмэгтэй хүн бүрд харилцан адилгүй байдаг ба сарын тэмдгийн мөчлөг хэвийн болтол дунджаар 8-14 сар болдог гэж үздэг байна. Төрсний дараа эмэгтэй хүний бие организмын бүх систем бүрэн сэргэж, сав нь буцаад хэвийн байдалдаа орсны дараа сарын тэмдгийн мөчлөг тогтворждог байна. Мөн зарим тохиолдолд төрсний дараа үтрээнээс цусархаг зүйл ялгарахыг ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдэгтэй андуурдаг ба  энэ нь ихэнхдээ 2 сар орчим /ялангуяа кесарево хагалгааны дараа/ үргэлжилдэг байна. Иймд төрсний дараах  сарын тэмдгийн  хэлбэлзэлтэй байдал нь  хэвийн  боловч хөндүүрлэж өвдөх, цусархаг зүйл гарах зэрэг зовуурьтай  шинж тэмдэг илэрвэл  эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг баталгаат эх сурвалж болох эмнэлэг болон мэргэжлийн эмчээс авна уу. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Сэтгэл судлаач А.Энхжавхлан  

Асуудал 3: Гурван жил харж явсан хөвгүүндээ сэтгэлээ илчилсэн 

Би саяхан гурван жил харж явсан хөвгүүндээ сэтгэлээ илчилсэн. Гэтэл шилжинэ гэх сураг дуулдахаар нь гайхаад асуутал “тийм” гэсэн. Би явтал чинь дотно байж болох уу гэтэл хэрэггүй биз хариулсан. Ангийн охин маань үүнийг сонсоод хамгийн тэнэг үйлдэл, харилцах эсэхээ чи л шийднэ гэж зөвлөсөн. Найзууд маань ч санал нэг. Тэр хүүхэд хэнд сайныг нь би мэдэхгүй. Аль аль нь эвгүй байдалд орчихлоо. Одоо яах вэ?  

Зөвлөгөө: Сэтгэлээ илчилнэ гэдэг үргэлж “тийм” гэсэн хариулт авдаггүй  

Сайн байна уу. Бидэнд хандан захидал бичсэнд баярлалаа. Хэн нэгэнд сэтгэлтэй болж дурлана гэдэг их нандин, үнэ цэнтэй  зүйл бөгөөд чиний хувьд сэтгэлээ илчилж үйлдэл хийсэн чинь том алхам. Гэхдээ сэтгэлээ илчилнэ гэдэг үргэлж “тийм” гэсэн хариулт авдаггүй ч хэн нэгэнд сэтгэлээ илчлэх нь биднийг  “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн  хариултын  алийг нь ч мэдэхгүй эргэлзээтэй, тодорхойгүй  хэцүү нөхцөл байдлаас гарахад туслах сайн талтай юм. Захидлаас уншихад чи  өөрийнхөө сэтгэлийг  илчлэхийн сацуу тэр хөвгүүний сонголтыг асууж байгаа чинь бусдын сонголтыг хүндэтгэж байгаагийн илрэл юм.

Энэ нь чи хэн нэгнийг хүндлэх сайхан сэтгэлтэй гэдгийг харуулж байгаа юм. Одоогийн энэ байдал чинь тодорхой хугацаанд  таатай биш байх ч ганцхан хүнээр өөрийгөө тодорхойлж  өөртөө дүгнэлт хийх бус өөрийн давуу сайн талуудаа олж мэдэх, өөрийн сэтгэл санааг тайван  байлгах, өөрийн дуртай зүйлсийг хийхэд илүү цаг зарцуулж өөрийгөө хайрладаг байх нь илүү чухал юм шүү. Учир нь  өөрийгөө хайрлаж сурах нь бусдыг хайрлах эхлэл болдог. Амжилт хүсье.  

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Сэтгэл судлаач А.Энхжавхлан  

#нийтлэл